Амьжиргааны өртгийн өсөлт, нийтийн үйлчилгээний салбарт хөрөнгө оруулалт нэмэгдүүлэхийг шаардсан жагсаал хүчирхийлэл, үймээн самуун болон хувирсны улмаас Франц даяар ням гарагт нөхцөл байдал хүнд хэвээр байв.
Сүүлийн жилүүдэд тохиогоогүй хүчирхийлэлтэй шөнүүдийн нэгний дараа төрийн байгууллагын барилгууд галд өртөж, нэг жагсагч амиа алдан, цагдаагийн 500 гаруй алба хаагч гэмтэж бэртжээ.
Бямба гаргийн орой бүрий болсны дараа улс даяар тайван эхэлсэн жагсаалууд хүчирхийлэлд шилжиж, цагдаа нар 1,800 хүнийг саатуулсан байна.
Парис хотын цагдаагийн газрын мэдээлэлд үндэслэн CNN-ийн хамтрагч BFMTV телевиз ням гарагт мэдээлэхдээ, Парисын хойд хэсэгт нэг жагсагч зүрх, амьсгалын үйл ажиллагаа гэнэт зогссоны улмаас нас барсан гэжээ.
Францын төв хэсэгт орших Лимож хотод 143 жилийн түүхтэй хотын захиргааны байр бямба гарагт галд автсан байна. Тус барилгын орой хэсэг нурж буйг дүрс бичлэгт харуулжээ.
Марсель хотод хар хувцас өмссөн, нүүрээ халхалсан жагсагчид хотын захиргааны байранд нэвтэрч, барилгыг эвдэн сүйтгэсэн бол Лион хотод жагсагчид хотын аялал жуулчлалын мэдээллийн төвийг шатаажээ.
Засгийн газрын хүчний байгууллагын ажиллагааг шүүмжилж эхлэв
BFMTV телевизийн мэдээлснээр, хууль тогтоогчид болон бүс нутгийн удирдлагууд Засгийн газрын хууль сахиулах ажиллагааны төлөвлөгөөг хүчтэй шүүмжилж эхэлжээ.
Францын Ерөнхий сайд Себастьян Лекорню Парис, Лион, Марсель хотын захирагч нартай уулзахаар төлөвлөсөн байна. Хотын захирагчид учирсан хохирлыг арилгах, сэргээн засварлахад нэмэлт дэмжлэг үзүүлэхийг хүсжээ.
Ерөнхийлөгч Эммануэль Макрон ням гаргийн орой телевизээр ард түмэндээ хандаж үг хэлэхээр болсон байна.
Бямба гаргийн орой Парист харанхуй нөмрөх үеэр хэсэг бүлэг залуус дэлгүүрүүдийг тонон дээрэмдэж, гал тавьжээ. Жагсаал үндсэндээ өндөрлөж байсан ч хүчирхийлэл дэгдсэн тул цагдаа нар нулимс асгаруулагч хий хэрэглэж, бороохой барин жагсагчдыг тараах ажиллагаа явуулсан байна. Үйл явдал нарийн гудамжуудад өрнөжээ.

Францын Дотоод хэргийн сайд Лоран Нуньес ням гарагт X нийгмийн сүлжээгээр цагдаагийн 500 гаруй алба хаагч гэмтэж бэртсэн талаар мэдээлэв. Тэрбээр эмх замбараагүй байдлыг юу ч зөвтгөж чадахгүй хэмээн анхааруулжээ.
Үүнээс өмнө Ерөнхий сайд Лекорню амралтын өдрүүдийн эхээр "Хүчирхийлэл хүлээн зөвшөөрөхийн аргагүй хэмжээнд хүрсэн" гэж мэдэгдсэн байна.
Нийгмийн бухимдал гүнзгийрч, жагсаал өргөжив
Энэхүү сүйтгэл, хүчирхийлэл нь эхэндээ тайван өрнөсөн жагсаалын дараа гарчээ. Эдгээр жагсаал нь өнгөрсөн сард Францын зарим бүс нутагт өрнөсөн оюутнуудын өргөн хүрээний хөдөлгөөнөөс эхтэй бөгөөд сургуулийн нөхцөл байдал доройтож буй, амьжиргааны өртөг огцом нэмэгдсэн, Засгийн газар асуудалд хангалттай анхаарахгүй байгаа зэрэг шалтгаанаар улам өргөжсөн байна.
Жагсаал нь нийгэм, улс төрийн өөрчлөлт шаардаж буй хүмүүсийн олон жил хуримтлагдсан бухимдлын илэрхийлэл болжээ. Тэдний үзэж буйгаар, эрх баригчид иргэдийн шаардлагыг үл тоомсорлож, асуудлыг шийдвэрлэхэд хангалттай хүчин чармайлт гаргахгүй байгаа аж.
Дотоод хэргийн сайд Нуньесийн бямба гарагт өгсөн мэдээллээр, Франц даяар ойролцоогоор 550,000 хүн жагсаалд оролцсоны 110,000 нь Парис хотод байжээ. Харин жагсаал зохион байгуулагчид оролцогчдын тоо үүнээс хавьгүй олон байсан гэж мэдэгдсэн байна.
Парист бямба гарагт жагсаалд оролцсон, өөрийгөө Полин гэж танилцуулсан эмэгтэй CNN-д "Эд баялаг, эрх мэдэл хяналтаас бүрэн гарч, улам бүр цөөн хүний гарт төвлөрч байна" хэмээн ярьжээ.

Тэрбээр нэмж хэлэхдээ "Бид залуусыг дэмжихийн тулд ч энд ирсэн. Бид тодорхой амжилтад хүрсэн ч ерөнхий дүр зургийг харвал бүх зүйл зөв чиглэлд явж байгаа юм алга" гэжээ. Полин 36 настай аж.
Өөр нэг жагсагч "Ерөнхийлөгч Эммануэль Макроны удирдлагын үед ардчилал хумигдаж, эрх мэдэл цөөн хүний гарт төвлөрч байна" хэмээн шүүмжилжээ.
38 настай Луиз CNN-д "Хэвлэл мэдээллийн хэрэгслийг тэрбумтнууд хянадаг. Бид нөхцөл байдлыг өөрчлөхийн төлөө тэмцэж байна" гэж ярьсан байна.
Ерөнхийлөгч Макрон тайван жагсаалд саад учруулж буй "эмх замбараагүй байдал өдөөгчдийг" буруушаасан байна. Тэрбээр бямба гаргийн орой мэдэгдэхдээ "Цагдаагийн байгууллагын мужийн захиргааны байр, бизнесийн байгууллагууд руу халдаж, тэдгээрийг эвдэн сүйтгэсэн, тэр ч байтугай хотын захиргааны байруудыг тонон дээрэмдсэн хүмүүсийг шүүхэд шилжүүлж, хуулийн дагуу шийтгэнэ" гэжээ.
Парисын цагдаагийн газрын захиргаанаас мөн мэдэгдэл гаргасан байна. Тус байгууллага Парисын цагдаагийн хүчин, онцгой байдлын алба болон захиргааны бусад нэгжийн үйл ажиллагааг хариуцдаг аж.
Тус газрын мэдэгдэлд "Бид үймээн дэгдээгчид болон хууль сахиулах байгууллагын ажилтнууд руу халдахаар ирсэн хүмүүсийн өмнө ухрахгүй" гэжээ. Мөн алба хаагчид "зоригтой, мэргэжлийн ур чадвартайгаар байр сууриа хадгалан ажилласан" гэж онцолсон байна.
"Хоёр ертөнц, хоёр өөр бодит байдал"

Сүүлийн хэдэн долоо хоног үргэлжилсэн жагсаалын үеэр ажиллаж буй цагдаа нарын үйл ажиллагааг шүүмжлэх нь эрс нэмэгдэж байгаа аж.
Энэ долоо хоногийн эхээр цагдаагийн ажиллагааны үеэр 14 настай хүүгийн эрүү хугарчээ. Мөн Францын баруун хойд хэсэгт орших Алансон хотод цагдаагийн алба хаагч нэгэн охиныг хүзүүдэн боож буй дүрс бичлэг камерт бичигдсэн байна. Үүүнийг хуулиар хориглосон аж.
Лионоос баруун өмнө зүгт ойролцоогоор 64 километрийн зайд орших Сент-Этьен хотод бямба гарагт болсон жагсаалын үеэр нэгэн оролцогч гаргүй болсон гэж цагдаагийн эх сурвалж BFMTV телевизэд мэдээлжээ.
Энэ нь оюутнуудын одоогийн эсэргүүцлийн давлагааны үеэр жагсагч гаргүй болсон тухай мэдээлэгдсэн хоёр дахь тохиолдол аж.
Энэ сарын эхээр Францын зүүн хойд хэсэгт орших Ланс хотод нэгэн оюутан гранат өргөж байгаад гаргүй болсон гэх мэдээлэл гарчээ. Үүний дараа цагдаа нарын ашигладаг нэг төрлийн цочроох гранатын хэрэглээг түр хугацаагаар зогсоосон байна.
Цагдаа нар бусад хэд хэдэн төрлийн гранат ашиглах боломжтой хэвээр байсан бөгөөд уг түр хоригийг одоо цуцалжээ. Гэсэн хэдий ч BFMTV телевизийн мэдээлснээр, эрх баригчид бямба гарагт жагсаалд оролцсон хүмүүсийн "дийлэнх нь тайван замаар жагссан" гэж мэдэгдсэн байна.
Зүүний үзэл баримтлалтай "Эвлэршгүй Франц" намын тэргүүн Жан-Люк Меланшон X нийгмийн сүлжээнд нийтлэхдээ, ням гарагт жагсаалд оролцсон хүмүүсийн дийлэнх нь тайван замаар үзэл бодлоо илэрхийлснийг онцолжээ.
Тэрбээр "Мэдээний сувгууд олон арван хотод болсон хүчирхийллийн дүрс бичлэгээр дүүрч байхад хэдэн арван мянган хүн тайван жагсаж, бүх зүйл хэвийн өрнөж байгаа газар ч бий. Хоёр ертөнц, хоёр өөр бодит байдал" гэж бичсэн байна.
Бямба гарагт Бельги, Албани, Италид ч залуус эв санааны нэгдлээ илэрхийлсэн жагсаал зохион байгуулжээ.
Оюутнуудын шаардлага: Боловсролд хөрөнгө оруулж, цагдаагийн хүчирхийллийг зогсоох
Энэ намрын эхээр Францын ахлах сургуулийн сурагчид хэд хэдэн газарт эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан байна. Тэд анги дүүргэлтийг бууруулах, багш нарт зарцуулах хөрөнгийг нэмэгдүүлэх, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөг тэсвэрлэх чадвартай сургуулийн дэд бүтцэд хөрөнгө оруулах, залуусын эсрэг цагдаагийн хүчирхийллийг зогсоохыг шаарджээ.
Сүүлийн 15 орчим жилийн хугацаанд төрөлтийн өссөн, санхүүжилтийн таналтаас үүдэн сургуулийн сурагчдын тоо нэмэгдсэн ч анги танхимд ажиллах багш нарын тоо буурсан байна.
Францын Боловсролын сайд Эдуар Жеффре сүүлийн хэдэн долоо хоногт оюутан, сурагчдын төлөөлөлтэй хэд хэдэн удаа уулзсан боловч одоогоор харилцан тохиролцоонд хүрээгүй байгаа аж.
Ийнхүү боловсролын салбарын хөрөнгө оруулалт, амьжиргааны өртөг, нийгмийн тэгш бус байдал болон цагдаагийн ажиллагаатай холбоотой бухимдал Францын олон хотод ил гарч, тайван жагсаалын дараа хүчирхийлэл, сүйтгэл дагуулсан үйл явдал болж өрнөв.
Эх сурвалж: CNN