The New York Times (NYT) сонин эх сурвалжуудаас авсан мэдээлэлдээ үндэслэн аравдугаар сарын 17-ны бямба гарагт "Украин дахь дайныг дуусгах тухай АНУ-ын шинэ саналын гол бүрэлдэхүүн хэсэг нь Европ Оросоос их хэмжээний хоолойн байгалийн хий худалдан авахаа сэргээх явдал байх болно" гэж мэдээлжээ.

Эх сурвалжуудын мэдээлснээр, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын тусгай элч нар болох Стивен Уиткофф, Жаред Кушнер нар Украин болон Европын Холбооны төлөөлөгчидтэй хийсэн хэлэлцээний үеэр ийм санаачилга дэвшүүлсэн байна.

Мөн уг саналыг есдүгээр сард Киев хотод Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй хийсэн уулзалтын үеэр хэлэлцжээ.

Вашингтоны төлөвлөгөөний дагуу Европ руу их хэмжээний байгалийн хий нийлүүлэлтийг сэргээх нь Орос улсад дайныг зогсоох эдийн засгийн нэгэн хөшүүрэг болох аж.

Европын Холбооны төлөөлөгчид энэ санааг эргэлзэнгүй хүлээн авчээ. Тухайлбал, Германы канцлер Фридрих Мерцийн аюулгүй байдлын асуудал хариуцсан хамгийн ойрын зөвлөхүүдийн нэг Гюнтер Зауттер уг саналыг эрс шүүмжилсэн байна.

NYT сонины эх сурвалжуудын мэдээлснээр, Европын болон Украины зарим албан тушаалтан АНУ Оросын байгалийн хийн экспортын тодорхой хувийг өөртөө авахыг зорьж магадгүй гэж үзэж байгаа аж.

NYT-ийн эх сурвалжууд: АНУ Оростой "Хойд урсгал" хийн хоолойн асуудлыг хэлэлцжээ

Түүнчлэн "АНУ-ын тал Оросын талтай "Хойд урсгал" хийн хоолойн ажиллагааг сэргээх асуудлыг хэлэлцсэн" гэж сонины эх сурвалжууд мэдээлжээ.

"Хойд урсгал" нь Балтын тэнгисийн ёроолоор дамжин Орос, Германыг холбодог гол хийн хоолой юм. 2022 оны наймдугаар сараас хойш ажиллаагүй бөгөөд дэлбэрэлтийн улмаас үйл ажиллагаа нь зогссон байна.

Аравдугаар сарын эхээр Reuters агентлаг мөн таван эх сурвалжийн мэдээлэлд тулгуурлан энэ тухай мэдээлж байжээ.

NYT-ийн нэгэн эх сурвалжийн хэлснээр, Трампын засаг захиргаа энхийн хэлэлцээрт хүрсэн тохиолдолд "Хойд урсгал" хийн хоолойн ажиллагааг сэргээх нь "амархан шийдэх асуудал" болно гэж үзэж байгаа аж.

Гэхдээ Цагаан ордны төлөөлөгчид сэтгүүлчдэд тайлбар өгөхдөө "Хойд урсгал"-ын асуудлыг хэлэлцсэн гэх мэдээллийг няцаажээ.

АНУ-ын Ерөнхийлөгчийн засаг захиргаанаас нэмж хэлэхдээ "Энэ асуудалтай холбоотой аливаа тохиролцоо нь өргөн хүрээтэй энхийн хэлэлцээрийн хүрээнд Европын түншүүдтэй нягт уялдаа холбоотой ажиллахыг шаардана" гэжээ.

Өмнө нь ЕХ 2027 оны эцэс гэхэд Оросоос хий нийлүүлэхийг хориглох шийдвэр гаргасан

2026 оны нэгдүгээр сард Европын Холбоо Оросоос авах хоолойн байгалийн хий болон шингэрүүлсэн байгалийн хий (LNG)-н нийлүүлэлтийг 2027 оны арваннэгдүгээр сарын 1 гэхэд бүрэн зогсоохоор тохиролцсон байна.

Батлагдсан хуульд мөн Оростой байгалийн хий нийлүүлэх шинэ гэрээ байгуулахыг хориглох заалт тусгажээ.

2022 оны хоёрдугаар сард Украинд өргөн хүрээний дайн эхэлснээс хойш ЕХ-ны импортод эзлэх Оросын байгалийн хийн хувь хэмжээ эрс буурсан байна. Үүнд 

2021 онд: 45%
2024 онд: ойролцоогоор 19%
2025 онд: 13%-иар тус тус буурчээ.

Украин улс 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн Оросын байгалийн хийг Европ руу дамжуулахаа зогсоожээ. Учир нь, Украины тал "Газпром"-той байгуулсан хугацаа нь дууссан гэрээг сунгаагүй байна.

NYT сонины мэдээлснээр, үүний улмаас Украин улс хийн транзит буюу дамжуулалтын төлбөрөөс жил бүр ойролцоогоор 900 сая еврогийн орлого алдаж байгаа аж.

Эх сурвалж: DW