2026 оны аравдугаар сарын 16-ны өдрийн явцын урьдчилсан мэдээгээр, улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд баавгайтай холбоотой нийт 18 удаагийн дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна.
Бүртгэгдсэн дуудлага, мэдээллийг нутаг дэвсгэрээр нь авч үзвэл, нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт нэг, орон нутагт нийт 17 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ. Үүнд:
- Архангай аймагт 2
- Дархан-Уул аймагт 1
- Завхан аймагт 1
- Сэлэнгэ аймагт 2
- Хөвсгөл аймагт 4
- Хэнтий аймагт 6
- Төв аймагт 1 дуудлага, мэдээлэл тус тус бүртгэгдсэн байна.
Эдгээр дуудлага, мэдээллийн дагуу суурьшлын бүсэд орж ирсэн гурван баавгайг аюулгүй байдлыг хангах зорилгоор агнаж, зургаан баавгайг үргээн суурьшлын бүсээс гаргажээ. Нэг удаагийн дуудлагын дагуу баавгай олдоогүй бол бусад долоон дуудлага, мэдээллийн дагуу сумдын шуурхай баг эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байгаа аж.
Дээрх арга хэмжээг 2026 оны аравдугаар сарын 16-ны өдрийн 08:00 цагаас аравдугаар сарын 17-ны өдрийн 08:00 цаг хүртэлх хугацаанд авч хэрэгжүүлсэн байна.

Аялал жуулчлалын бүсийн эрсдэлийг урьдчилан үнэлж, сэргийлэх шаардлагатай
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Тусгай хамгаалалттай газар нутгийн бодлогын газрын дарга Ц.Уранчимэг баавгайтай холбоотой эрсдэл нэмэгдэж байгаатай холбогдуулан аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхлэгч аж ахуйн нэгж, иргэд урьдчилан сэргийлэх арга хэмжээг сайтар авч хэрэгжүүлэх шаардлагатай байгаа талаар онцлов.
Тэрбээр аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхлэгчид эрсдэл үүссэний дараа бус, урьдчилан сэргийлэх шатанд мэргэжлийн байгууллагаас мэдээлэл, зөвлөгөө авч, хамтран ажиллах нь чухал болохыг тэмдэглэжээ.
Мөн баавгайтай холбоотой нөхцөл байдлын улмаас аялал цуцлагдах, жуулчдын тоо буурах зэрэг эдийн засгийн сөрөг үр дагавар гарч байгааг дурдсан байна.
Иймд аялал жуулчлалын баазуудын орчны эрсдэлийг үнэлэх, хог хаягдлын менежментийг сайжруулах, аялагч, жуулчдын аюулгүй байдлыг хангах урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэхэд яамнаас мэргэжлийн зөвлөгөө, арга зүйн дэмжлэг үзүүлэн хамтран ажиллах боломжтойг онцолжээ.
Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газарт шуурхай багууд ажиллаж байна
Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанаас баавгайтай холбоотой эрсдэлээс урьдчилан сэргийлэх, нөхцөл байдалд шуурхай хариу арга хэмжээ авах зорилгоор хоёр шуурхай баг гарган ажиллуулж байгаа аж.
Түүнчлэн аялал жуулчлалын үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, иргэдэд сэрэмжлүүлэг, зөвлөмж, мэдээлэл хүргэх, баавгайн болзошгүй эрсдэлээс хамгаалах хэрэгсэл бэлтгэх чиглэлээр холбогдох байгууллагуудтай хамтран ажиллахаар болжээ.