Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ОХУ-ын эсрэг өргөн хүрээтэй хориг арга хэмжээ авах тухай Линдси Грэмийн хуулийн заалтуудыг хэрэгжүүлэхгүй байхаар шийдвэрлэсэнд харамсаж байгаагаа аравдугаар сарын 17-ны бямба гарагт илэрхийлжээ.

Үүний зэрэгцээ тэрбээр өвлийн улирал эхлэхийн өмнө Оросын зэвсэгт хүчин Украины эрчим хүчний дэд бүтцэд цохилт өгч буй нь асар их хохирол учруулж буй талаар онцолсон байна.

Зеленскийн мэдээлснээр, аравдугаар сарын 16-нд Оросын талаас өгсөн цохилт Украины янз бүрийн бүс нутаг дахь цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх болон дамжуулах 15-аас дээш чухал байгууламжийг хамарсан нь сүүлийн үеийн хамгийн томоохон довтолгоонуудын нэг болжээ.

Украины Ерөнхийлөгч Telegram сувагтаа “Оросууд эрчим хүчний салбарын эсрэг чиглэсэн ажиллагааныхаа цар хүрээг тэлж, манай нөөц бололцоо болон сэргээн засварлах чадавхыг аль болох ихээр шавхахыг оролдож байна” гэж бичсэн байна.

Түүний мэдээлснээр, аравдугаар сарын 16-ны 19:00 цагаас аравдугаар сарын 17-ны өглөөний 07:00 цаг хүртэлх хугацаанд Оросын тал Украины эрчим хүчний байгууламжууд болон бусад байг довтлохдоо 320 гаруй реактив хөдөлгүүрт болон бензин хөдөлгүүрт “Шахед” нисгэгчгүй нисэх төхөөрөмж, мөн тэнүүчлэн довтлогч сум, далавчит болон баллистик пуужин ашигласан байна.

Зеленский Оросын эсрэг дарамт шахалтыг нэмэгдүүлэхийг уриалав

Зеленский Оросын довтолгоог зогсоохын тулд олон улсын дарамт шахалтыг нэмэгдүүлэх шаардлагатай байгааг онцолжээ.

Тэрбээр “Орос улс өвөл эхлэхийн өмнө Украинд эрчим хүчний бүрэн тасалдал үүсгэхийг оролдож байна. Сая сая хүнийг цахилгаан, дулаангүй үлдээхийг зорьж байна. Үүнийг зогсоохын тулд дарамт шахалт хэрэгтэй.

АНУ хориг арга хэмжээ авахгүй байгаа нь түрэмгийлэгчид үзүүлэх дарамтыг сулруулж, Путиныг санхүүгийн хувьд урамшуулж байгаатай адил юм. Энэ бүхэн түүнийг шинэ довтолгоо хийхэд л өөгшүүлж байна” гэж мэдэгджээ.

Мөн тэрбээр Украинд дэмжлэг үзүүлж буй Европын түншүүддээ талархал илэрхийлэхийн зэрэгцээ АНУ-ын олон нийт, эрх баригчид Украинд бодитоор юу болж байгааг ойлгож, нөхцөл байдлыг анхааралтай харах нь чухал болохыг тэмдэглэсэн байна.

Зеленскийн үзэж буйгаар, АНУ-ын сенатор Линдси Грэмийн санаачилсан, Оросын эрчим хүчний салбарт өргөн хүрээтэй хориг арга хэмжээ авах боломж олгосон хууль Украины нөхцөл байдалд мэдэгдэхүйц эерэг нөлөө үзүүлэх боломжтой байжээ. Тэрбээр уг хууль “Украинд ихээхэн тус хүргэж болох байсан бөгөөд одоо ч тусалж чадна” хэмээн онцолсон байна.

ОХУ-ын эрх баригчид Трампын шийдвэрийг сайшаав

ОХУ-ын тал Дональд Трамп Линдси Грэмийн хуулийн хүрээнд тусгасан хориг арга хэмжээг хэрэгжүүлэхгүй байхаар шийдвэрлэснийг нааштайгаар хүлээн авчээ.

ОХУ-ын Ерөнхийлөгчийн зөвлөх Кирилл Дмитриев аравдугаар сарын 17-нд Telegram сувагтаа “Ерөнхийлөгч Трампын засаг захиргаа Грэмийн хуулийг хэрэгжүүлэхийг түр түдгэлзүүлсэн нь чухал бөгөөд үнэхээр түүхэн үйл явдал юм” гэж бичсэн байна.

Түүний үзэж буйгаар, Линдси Грэмийн хууль хэрэгжсэн тохиолдолд Орос, АНУ-ын эдийн засгийн харилцааг бараг бүрэн зогсоох хэмжээнд хүрч, юуны түрүүнд АНУ-ын эдийн засаг болон дэлхийн зах зээлд ноцтой хохирол учруулах эрсдэлтэй байжээ.

Трамп ОХУ-ын эсрэг “тамын” хориг арга хэмжээний хэрэгжилтийг түр зогсоов

Аравдугаар сарын 16-нд Цагаан ордны цахим хуудсанд нийтлэгдсэн Дональд Трампын зарлигаас үзэхэд, АНУ-ын Ерөнхийлөгч ОХУ-ын эсрэг “тамын” хориг арга хэмжээ хэмээн нэрлэгдсэн хуулийн хүрээнд төлөвлөсөн өргөн хүрээний зарим хязгаарлалт болон гаалийн нэмэлт татварыг одоогоор хэрэгжүүлэхгүй байхаар шийдвэрлэжээ.

Трамп уг хуулинд есдүгээр сарын сүүлээр гарын үсэг зурсан бөгөөд хуульд зааснаар аравдугаар сарын 18-наас өмнө хязгаарлалтын арга хэмжээг хэрэгжүүлэх ёстой байж. Гэвч АНУ-ын үндэсний ашиг сонирхолд нийцэж байгаа тохиолдолд эдгээр арга хэмжээний хэрэгжилтийг түр хойшлуулах боломжийг хуульд тусгасан байна.

Трамп зарлигтаа “Үүгээр би Грэмийн хуулийн дагуу хэрэгжүүлэхээр заасан ийм төрлийн хориг арга хэмжээ, хязгаарлалт болон бусад үүргийг хэрэгжүүлэхээс татгалзаж байна. Энэхүү чөлөөлөлтийг одоогийн нөхцөлд олгох нь АНУ-ын үндэсний ашиг сонирхолд нийцэж байгаа талаар Конгресст холбогдох баталгааг хүргүүлсэн” гэж дурджээ.

Линдси Грэмийн хуульд Оросын бараа бүтээгдэхүүнд 500 хувийн нэмэлт гаалийн татвар ногдуулах, мөн ОХУ-аас газрын тос, байгалийн хий худалдан авдаг томоохон таван улсын тоонд багтдаг орнуудын бүтээгдэхүүнд 100 хувийн нэмэлт татвар ногдуулах зэрэг арга хэмжээг тусгасан байна.

Үүнд мөн Москвагийн эсрэг авсан хориг арга хэмжээг тойрон гарахад хамгийн идэвхтэй тусалж буй орнуудын бараа бүтээгдэхүүн ч хамаарах ажээ.

Трампын хориг арга хэмжээг хэрэгжүүлэхээс татгалзсан тухай зарлиг нь Ерөнхийлөгч болон Төрийн нарийн бичгийн дарга Сангийн сайд, АНУ-ын Худалдааны төлөөлөгчтэй зөвлөлдсөний үндсэн дээр хориг арга хэмжээг хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзэх хүртэл хүчин төгөлдөр үйлчлэх аж.

Уг зарлиг нь Линдси Грэмийн хууль батлагдахаас өмнө ОХУ-ын эсрэг тогтоосон хориг арга хэмжээнд хамаарахгүй юм байна.

Эх сурвалж: DW