Испанийн шүүх поп оп Шакираг татварын залилангийн хэрэгт буруугүйг тогтоон, цагаатгасан тухай шийдвэр гаргаж, түүнээс хууль бусаар хураан авсан 55 сая евро (ойролцоогоор 64 сая ам.доллар)-оос дээш хэмжээний торгууль болон хүүг төрөөс буцаан олгохыг даалгасан байна.
Энэ талаарх шүүхийн баримт бичгийг даваа гарагт Associated Press агентлаг мэдээлжээ. Энэхүү шийдвэр нь Колумбын супер од Шакирагийн Испанид олон жилийн турш үргэлжилсэн татварын маргаантай холбоотой аж.
Шүүхийн шийдвэрт дурдсанаар, 2011 оны татварын жилтэй холбоотой маргаанд Испанийн татварын байгууллага түүнийг тухайн үед Испанид оршин сууж байсныг хангалттай нотолж чадаагүй байна.
Испанид татварын оршин суугч гэж тооцогдохын тулд тухайн хүн жилд 183-аас дээш хоног тус улсад амьдарсан байх ёстой ажээ. Харин татварын байгууллага Шакираг тухайн жилд нийт 163 хоног л Испанид байсныг нотолсон гэж Мадрид дахь шүүхийн шийдвэрт дурджээ.
Сүүлийн арван жил орчим хугацаанд Испанийн татварын байгууллага Лионель Месси болон Криштиану Роналду зэрэг хөлбөмбөгчдийг татвараас зайлсхийсэн хэргээр шалгаж, хатуу арга хэмжээ авч байв. Тэд гэм буруутайд тооцогдсон ч анх удаагийн хэрэг тул хоёр жилээс доош ялд торгуулийн ялаар солих боломжтой хуулийн дагуу шоронд орохоос зайлсхийсэн байна.
Эх сурвалж: INDEPENDENT