Өнгөрч буй долоо хоногт Монгол Улсын улс төр, эдийн засаг, нийгмийн амьдралд иргэдийн амьжиргаа, улсын төсвийн бодлого, байгалийн баялгийн өгөөжтэй холбоотой чухал үйл явдлууд болж өндөрлөлөө.
УИХ 2026 оны төсвийн тодотголыг баталж, тэтгэвэр, тэтгэмж, төрийн үйлчилгээний ажилтнуудын цалинг нэмэгдүүлэхээр болов. "Оюу толгой"-н төслөөс Монгол Улсад ногдохоор хүлээгдэж буй ногдол ашгийг хэрхэн зарцуулах тухай хэлэлцүүлэг эрчимжиж, эрчим хүчний салбарт хөрөнгө оруулах санал олны анхаарлыг татлаа.
Түүнчлэн Улаанбаатар хотноо Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт болж, хугацаат цэргийн албаны хоёрдугаар ээлжийн татлага эхэлсэн бол хүн, зэрлэг амьтдын зөрчилдөөн болон өвөлжилтийн бэлтгэлтэй холбоотой асуудлууд ч анхаарлын төвд байв.
Дэлхийн эдийн засгийн өсөлтийн төлөв, эрчим хүчний үнийн дарамт, геополитикийн зөрчил зэрэг нь олон улсын эдийн засгийн гол сэдэв хэвээр үргэлжиллээ.
Өнгөрсөн долоо хоногийн онцлох үйл явдлуудаас тоймлон хүргэе.
2026 оны төсвийн тодотголыг батлав
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар аравдугаар сарын 16-нд 2026 оны улсын төсвийн тодотголыг эцэслэн батлав Засгийн газраас наймдугаар сарын 20-нд өргөн мэдүүлсэн уг төслийн хүрээнд төрийн зардлыг танаж, хэмнэсэн хөрөнгийг нийгмийн хамгаалал, иргэдийн орлого, эрчим хүчний найдвартай ажиллагаа болон хүнсний үнийн тогтвортой байдлыг хангахад чиглүүлэхээр тусгажээ.
Тодотголын хүрээнд ахмад настны тэтгэвэр, төрийн үйлчилгээний ажилтнуудын цалин, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн халамжийн тэтгэвэр, асаргааны тэтгэмжийг нэмэгдүүлэхээр төлөвлөсөн байна. Тодруулбал,
Арваннэгдүгээр сарын 1-нээс 435 мянган ахмад настанд ажилласан жил, төлсөн шимтгэлээс хамааран сар бүр 100-300 мянган төгрөгийн суурь тэтгэвэр олгохоор тусгажээ. Мөн төрийн үйлчилгээний салбаруудын цалингийн зөрүүг бууруулж, эрүүл мэнд, соёл, шинжлэх ухаан, спорт, цаг уур зэрэг салбарын ажилтнуудын цалинг нэмэгдүүлэхээр төлөвлөсөн байна.
Эрчим хүчний салбарын өвлийн бэлтгэл, цахилгаан, дулааны хангамжийн найдвартай ажиллагааг хангах, айл өрхийн цахилгаан, дулааны үнийг нэмэгдүүлэхгүй байхад 180 тэрбум төгрөг зарцуулахаар тусгажээ. Үүний зэрэгцээ мах, хүнсний ногооны үнийн өсөлтийг тогтворжуулах, стратегийн хүнсний нөөц бүрдүүлэх арга хэмжээг төсөвт тусгасан байна.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн халамжийн тэтгэврийг 600 мянган төгрөг, асаргааны тэтгэмжийг 370 мянган төгрөг болгох зохицуулалт ч багтжээ.
Төсвийн тодотголын бодит үр нөлөө баталсан тоо, төлөвлөсөн хөрөнгөөс гадна нэмэгдлүүд иргэдэд хэзээ, хэрхэн хүрэх, үнийн өсөлтийг хэр хэмжээнд нөхөхөөс шалтгаална. Иймээс ирэх саруудад шийдвэрийн хэрэгжилт, төсвийн зарцуулалт, эрчим хүчний өвлийн бэлтгэл гол анхаарах асуудал хэвээр байх нь.
"Оюу толгой"-н ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар санал асуулга эхэллээ
"Оюу толгой"-н төслөөс Монгол Улсад ногдохоор хүлээгдэж буй гурван их наяд төгрөгийн ногдол ашгийг хэрхэн зарцуулах тухай асуудал өнгөрсөн долоо хоногийн эдийн засгийн гол сэдвүүдийн нэг байлаа. Иргэдээс И-Монголиа системээр дамжуулан санал авч эхэлснээр байгалийн баялгийн өгөөжийг хуваарилах асуудал дахин хөндөгдөв.
Аравдугаар сарын 14-нд Засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцуулах үеэр Сангийн сайд З.Мэндсайхан ногдол ашгийг шууд зарцуулах боломж, иргэдийн хуримтлалын данстай холбоотой зохицуулалтын талаар мэдээлсэн.
Засгийн газрын 2027 оны төсвийн төсөлд 43 их наяд төгрөгийн орлого төлөвлөсний гурван их наяд төгрөгийг "Оюу толгой"-н төслөөс авах ногдол ашгаар бүрдүүлэхээр тооцсон байна. Үүнээс нэг их наяд төгрөгийг Ирээдүйн өв санд төвлөрүүлж, үлдсэн хоёр их наяд төгрөгийг эдийн засгийн суурь хөгжлийг тэлэхэд чиглүүлэх санал гаргасан бөгөөд эрчим хүчний салбарт хөрөнгө оруулах хувилбарыг онцолжээ.
Нөгөө талаас, иргэд ногдол ашгийг бүхэлд нь хуримтлалын санд төвлөрүүлэх санал өгсөн тохиолдолд Засгийн газар холбогдох хуулийн төслөө татаж, 2027 оны төсвийг 40.5 их наяд төгрөгөөр төлөвлөх хувилбар бий талаар мэдээлсэн.
Ногдол ашгийг эрчим хүчний дэд бүтэц, үйлдвэрлэлийн хүчин чадал, дамжуулах сүлжээг сайжруулахад зарцуулах нь урт хугацааны эдийн засгийн өгөөж бий болгох боломжтой. Мөн иргэдийн хуримтлалд төвлөрүүлэх нь байгалийн баялгийн өгөөжийг ирээдүйд хадгалах, иргэдийн санхүүгийн баталгааг нэмэгдүүлэх билээ.
Гэхдээ төсөвт тусгасан тооцоо, иргэдээс авч буй санал, бодитоор бүрдэх ногдол ашиг, эцэслэн батлагдсан зарцуулалтын шийдвэрийг хооронд нь ялгаж ойлгох шаардлагатай. Эцсийн шийдвэр ямар байх нь Монгол Улс байгалийн баялгийн өгөөжийг өнөөдрийн хэрэгцээ болон ирээдүйн хөгжилд хэрхэн тэнцвэртэй хуваарилахыг харуулах юм.
Дэлхийн шийдвэр гаргах түвшний эмэгтэй парламентчид Монголд чууллаа
Аравдугаар сарын 12-ноос 13-ны өдрүүдэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж, хоёр өдрийн хэлэлцүүлэг өндөрлөлөө.
“Шийдвэр гаргах үйл явцад төлөөллөөс нөлөөлөлд” сэдвийн хүрээнд болсон тус чуулга уулзалтад дэлхийн дөрвөн тивийн 32 орны төлөөлөгч, 20 гаруй парламент болон олон улсын байгууллагын 150 орчим албан ёсны төлөөлөгч оролцсон байна.
Чуулга уулзалтын гол зорилго нь эмэгтэйчүүдийн парламент дахь төлөөллийг нэмэгдүүлэхээс гадна тэдний оролцоог бодит шийдвэр гаргалт, хууль тогтоомж, нийгмийн өөрчлөлтөд хэрхэн тусгах талаар санал солилцоход чиглэжээ.
Эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо нь зөвхөн жендэрийн тэгш байдлын асуудал биш. Нийгмийн хамгаалал, боловсрол, эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлт, гэр бүлийн бодлого зэрэг иргэдийн амьдралд шууд нөлөөлөх шийдвэрт олон талын төлөөлөл, үзэл бодлыг тусгах нь ардчилсан засаглалын чанарт чухал ач холбогдолтой билээ.
Монгол Улсад олон улсын хэмжээний энэхүү уулзалтыг зохион байгуулсан нь парламент хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийг бүрдүүлээд зогсохгүй эмэгтэйчүүдийн манлайлал, шийдвэр гаргах түвшний оролцооны талаар үндэсний хэмжээнд хэлэлцүүлэг өрнүүлэх ач холбогдолтой үйл явдал болов.
27 хүрэн баавгайг аюулгүй болгожээ
Хүрэн баавгай суурьшлын бүсэд орж ирэх, иргэдийн амь нас, эд хөрөнгө, мал сүрэгт хохирол учруулах тохиолдол нэмэгдэж буйтай холбоотойгоор холбогдох байгууллагууд арга хэмжээгээ үргэлжлүүлж байна.
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир аймаг, орон нутгийн удирдлага, байгаль орчны байгууллага, тусгай хамгаалалттай газрын захиргаа, Улсын онцгой комисс болон бусад холбогдох албаныхантай цахим шуурхай хурал хийв.
Хурлын үеэр холбогдох байгууллагуудын хяналт дор улсын хэмжээнд 10 аймаг болон нийслэлийн нутаг дэвсгэрт нийт 27 хүрэн баавгайг “аюулгүй болгосон” талаар мэдээлжээ. Уг арга хэмжээг хууль тогтоомж, Засгийн газрын 2026 оны есдүгээр сарын 23-ны өдрийн 387 дугаар тогтоол, Улсын онцгой комиссын аравдугаар сарын 9-ний өдрийн үүрэг даалгаврын хүрээнд хэрэгжүүлж буй аж.
Хүн, зэрлэг амьтдын зөрчилдөөнийг зөвхөн богино хугацааны арга хэмжээгээр шийдвэрлэх боломжгүй. Баавгай суурьшлын бүсэд ойртоход нөлөөлж буй шалтгааныг судлах, хог хаягдлын менежментийг сайжруулах, малчид болон орон нутгийн иргэдэд урьдчилан сэргийлэх мэдээлэл хүргэх, эрсдэлтэй бүсэд шуурхай хариу арга хэмжээ авах тогтолцоог бэхжүүлэх шаардлагатайг мэргэжилтнүүд онцолж буй юм..
Хүн, мал, зэрлэг амьтдын аюулгүй байдлыг зэрэг хамгаалах урт хугацааны бодлого нь судалгаа, хяналт, урьдчилан сэргийлэлтэд тулгуурлах учиртайг ч өгүүлсэн.
Дэлхий дахинд
Дэлхийн эдийн засгийн өсөлт саарах төлөвтэй ч хиймэл оюун ухаан хөрөнгө оруулалтыг дэмжив
Олон улсын валютын сан, Дэлхийн банкны 2026 оны ээлжит уулзалтууд аравдугаар сарын 12-ноос 18-ны өдрүүдэд Тайландын Бангкок хотноо болж, дэлхийн эдийн засгийн өсөлт, эрчим хүчний үнэ, улсын өр, хиймэл оюун ухааны нөлөө зэрэг асуудлыг хэлэлцэв.
Олон улсын валютын сан аравдугаар сарын 13-нд нийтэлсэн World Economic Outlook тайландаа дэлхийн эдийн засгийн өсөлт 2026 онд 3.1 хувь, 2027 онд 3.4 хувь байхаар төсөөлжээ. Мөн дэлхийн ерөнхий инфляц 2026 онд 4.7 хувьд хүрч, 2027 онд 4.1 хувь болж буурах төлөвтэй буй талаар дурдсан байна.
Тайланд дэлхийн эдийн засаг сорилтыг даван туулах чадвартай хэвээр байгаа ч өсөлт улс орнуудад жигд бус тархаж, эрсдэл нэмэгдэж байгааг онцолжээ. Эрчим хүчний үнийн өсөлт, зэвсэгт мөргөлдөөн, худалдааны зөрчил болон төсвийн эмзэг байдал нь эдийн засгийн төлөвт сөргөөр нөлөөлж болзошгүй байгаа аж.
Нөгөө талаас, хиймэл оюун ухааны дэд бүтэц, технологид оруулж буй хөрөнгө оруулалт эдийн засгийн идэвхжлийг дэмжиж байгаа ч богино хугацаанд эрэлт, инфляцын дарамт нэмэгдүүлэх эрсдэлтэйг олон улсын санхүүгийн удирдлагууд анхааруулжээ.
Аравдугаар сарын 17-нд болсон Олон улсын валютын сангийн Удирдах хорооны хэлэлцүүлгээр дайны болон эрчим хүчний үнийн шокод өртсөн улс орнуудад дэмжлэг үзүүлэх, төсвийн сахилга батыг хангах, олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх шаардлагыг онцолсон байна.
Мөн Оросын сангийн сайд үг хэлэх үеэр төлөөлөгчдийн бараг тал нь хурлын танхимаас гарсан нь Украины дайны асуудлаарх олон улсын санал зөрөлдөөн хэвээр байгааг харуулжээ.
Монгол Улсын хувьд гадаад зах зээлийн ийм нөхцөл байдал чухал нөлөөтэй. Уул уурхайн экспортын орлого, импортын түлш, эрчим хүчний зардал, хүнсний үнэ болон улсын төсвийн орлого дэлхийн зах зээлийн өөрчлөлтөөс хамаарах эрсдэлтэй.
Иймээс төсвийн хөрөнгийг үр ашигтай зарцуулах, эдийн засгаа төрөлжүүлэх, эрчим хүчний дотоодын эх үүсвэрийг нэмэгдүүлэх, иргэдийн худалдан авах чадварыг хамгаалах бодлого Монгол Улсын хувьд чухал хэвээр байна.
Европын эдийн засгийн өрсөлдөх чадвар, эрчим хүчний зардал анхаарлын төв байв
Европын эдийн засагт эрчим хүчний өндөр үнэ, үйлдвэрлэлийн өрсөлдөх чадвар, худалдааны зөрчил болон автомашины салбарын шилжилттэй холбоотой асуудлууд анхаарал татсаар байна.
Эрчим хүчний үнэ өндөр байх нь өрхүүдийн амьжиргаа, бизнесийн үйлдвэрлэлийн зардалд дарамт учруулж, Европын үйлдвэрлэгчдийн олон улсын зах зээлд өрсөлдөх боломжид нөлөөлж байгаа аж. Үүний зэрэгцээ Хятадын үйлдвэрлэлтэй өрсөлдөх, дотоодын үйлдвэрлэлийг дэмжих, байгаль орчны зорилтуудыг эдийн засгийн өсөлттэй уялдуулах шаардлага тулгарч буй юм байна.
Европын хувьд эрчим хүчний найдвартай хангамжийг хангахын зэрэгцээ үйлдвэрлэлийн бүтээмжийг нэмэгдүүлэх, худалдааны тэнцвэрийг хадгалах нь урт хугацааны бодлогын чухал зорилт хэвээр байгаа аж.
Монгол Улсын хувьд ч эдгээр асуудалтай холбоотой сургамж бий. Уул уурхайн орлогоо эрчим хүч, боловсруулах үйлдвэрлэл, дэд бүтцэд үр ашигтай хөрөнгө оруулж, импортын хамаарлыг бууруулснаар эдийн засгийн тогтвортой байдлыг нэмэгдүүлэх боломжтой. Гэхдээ ийм бодлого бодит үр дүн өгөхийн тулд хөрөнгө оруулалтын өгөөж, санхүүжилтийн эх үүсвэр, хэрэгжилтийн хяналтыг нарийн тооцох шаардлагатай билээ.
Э.ЭГШИГЛЭН