Томуу, томуу төст өвчний идэвхжил нэмэгдэж байгаатай холбогдуулан нийслэлийн 150 өрхийн эрүүл мэндийн төв болон дөрвөн тосгоны эрүүл мэндийн төв энэ сарын 17, 18, 24, 25-ны бямба, ням гарагт 11:00–16:00 цагийн хооронд ажиллахаар болжээ.
Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Н.Наранбаатарын мэдээлснээр, нийслэлд бүртгэгдэж буй томуугийн өвчлөлийн 60 хүртэлх хувийг зургаа хүртэлх насны хүүхдүүд эзэлж буй юм байна. Түүнчлэн өвчин нь хүндэрч, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн 80 гаруй хувь нь мөн энэ насны хүүхдүүд байгаа аж.
Тэрбээр сүүлийн гурван жилийн дунджаар томуугийн дэгдэлт арваннэгдүгээр сарын хоёр дахь долоо хоногоос оргил үедээ хүрч байсныг онцлов. Энэ үеэр эмнэлгийн дуудлагын тоо ердийн үеийнхээс тав дахин нэмэгдэж, 325-аас 1,592 орчимд хүрч байжээ.
Иймд томуугийн хүндрэлд өртөх эрсдэл өндөртэй бүлэгт анхаарч, зорилтот бүлгийн зургаа хүртэлх насны 29,315 хүүхдийг томуугийн эсрэг вакцинд хамруулахаар төлөвлөсөн байна.
Бага насны хүүхдүүдийг вакцинд хамруулж, гэрийн үзлэгийг нэмэгдүүлнэ
Томуу, томуу төст өвчний үед эмнэлгийн тусламж, үйлчилгээг иргэдэд илүү хүртээмжтэй хүргэх зорилгоор өрхийн эрүүл мэндийн төвөөс үзүүлэх гэрийн эргэлтийн хамрагдалтыг 60 хувьд хүргэхээр ажиллаж байгаа аж.
Энэ хүрээнд харъяа өрхийн эрүүл мэндийн төвөөс бага насны хүүхэдтэй өрхүүдтэй утсаар холбогдож, томуугийн эсрэг вакцинд хамрагдах талаар мэдээлэл, зөвлөгөө өгөх юм байна.
Эцэг эх, асран хамгаалагчид хүүхдээ харъяа өрхийн эрүүл мэндийн төвд авчран вакцинжуулах боломжтой. Харин эрүүл мэндийн төвд биечлэн очих боломжгүй тохиолдолд эмч, сувилагчдаас бүрдсэн явуулын баг гэрээр очиж вакцин хийхээр төлөвлөжээ.
Н.Наранбаатар энэ талаар мэдээлэхдээ, бага насны хүүхдүүдийг томуугийн эсрэг вакцинд хамруулахын зэрэгцээ гэрийн тусламж, үйлчилгээг нэмэгдүүлэх нь өвчлөлийн үед авах арга хэмжээний нэг хэсэг болохыг онцлов.
Нийслэлийн хэмжээнд томуугийн эсрэг вакцинжуулалтын хамрагдалт 90 гаруй хувьд хүрчээ.