Нийслэлийн ойн сан бүхий ногоон бүсэд иргэдийн чөлөөтэй зорчих нөхцөлийг бүрдүүлэх, газар ашиглалттай холбоотой зөрчлийг арилгах ажлын хүрээнд нийт 407 нэгж талбарын газар эзэмших эрхийг цуцлах шийдвэр гаргасан. Уг шийдвэрийн хэрэгжилт үргэлжилж, дөрвөн дүүрэгт газар эзэмших эрхийг дуусгавар болгоод байгаа аж.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Б.Пүрэвдагва өнгөрсөн наймдугаар сарын 26-нд холбогдох захирамж гаргасан. Тус захирамж нь ойн сан бүхий ногоон бүсэд иргэдийн чөлөөтэй зорчих орц, гарцыг хаасан, зөвшөөрсөн хэмжээнээс хэтрүүлэн хашаа барьсан, эзэмшил газраа зориулалтын дагуу ашиглаагүй зэрэг зөрчил гаргасан газар эзэмшигчдэд хамаарч байгаа аж.
Түүний мэдээлснээр, захирамжийн хүрээнд өнөөдрийн байдлаар Сонгинохайрхан дүүрэгт 83, Баянзүрх дүүрэгт 68, Сүхбаатар дүүрэгт 178, Чингэлтэй дүүрэгт 67 нэгж талбарын газар эзэмших эрхийг дуусгавар болгожээ.
Үүнээс гадна зөвшөөрсөн хэмжээнээс хэтрүүлэн хашаа барьсан зөрчлийг арилгах, хаасан орц, гарцыг чөлөөлөх ажил үргэлжилж байгаа аж. Нийслэлээс уг ажлыг үргэлжлүүлэн хэрэгжүүлж, ойн сан бүхий ногоон бүсийн газар ашиглалтыг зохицуулах, иргэдийн нийтээр зорчих боломжийг хангахад анхаарч буй юм байна.