Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газрын дарга нарын ажлыг хүлээлцүүлжээ.
Б.Оюунсанаа НҮБ-ын ХХААБ-ын Ази-Номхон далайн бүсийн төвд мэргэжлээрээ ажиллахаар болсон тул Ойн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр О.Буяннэмэх томилогдон ажиллахаар болсон байна.

О.Буяннэмэх нь эрх зүйч мэргэжилтэй, эрх зүйн магистр зэрэгтэй бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хот, хөдөөгийн хөгжлийн бодлогын зөвлөхийн хариуцлагатай албыг хашиж байсан төдийгүй Ерөнхийлөгчийн Тамгын газар болон төр, хувийн хэвшлийн байгууллагуудад удирдах албан тушаал хашиж, бодлого боловсруулах, хэрэгжүүлэх чиглэлээр ажилласан туршлагатай аж.

Цаашид ойн салбарын бодлого, үйл ажиллагааны залгамж чанарыг хадгалж, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийг эрчимжүүлэх, ойг хамгаалах, нөхөн сэргээх, тогтвортой менежментийг хөгжүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг үргэлжлүүлэн ажиллах юм байна.