Европын Холбооны удирдагчдын аравдугаар сарын 16-ны баасан гарагт Брюссель хотод өндөрлөсөн дээд хэмжээний уулзалтаар Украинд чиглэсэн бодлогод томоохон өөрчлөлт авчрах шийдвэр гарсангүй. Гэвч Европын орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ үргэлжлүүлж, зэвсэг, санхүүгийн тусламж олгох бөгөөд Орост үзүүлэх дарамтаа сулруулахгүй гэсэн улс төрийн чухал дохио өгчээ.

АНУ-ын Цагаан ордон Москватай дизель түлшний асуудлаар тохиролцоо хийх шийдвэр гаргасны дараа Европын удирдагчдын өгсөн эдгээр мэдэгдэл Киевийн хувьд онцгой ач холбогдолтой болсон аж.

Энэ удаагийн уулзалт Украинд ашигтай улс төрийн нөхцөлд болсон гэж хэлэхэд бэрх байжээ. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын эсрэг эрчим хүчний салбарын хориг арга хэмжээг сулруулах шийдвэр гаргаснаар Киев, Вашингтоны харилцаа дахин хурцадсан. Үүний улмаас Трамп, Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский нар хоорондоо ширүүн мэдэгдэл солилцоод зогсохгүй Украинд бодит сөрөг үр дагавар үүссэн байна. Тухайлбал,

АНУ Starlink хиймэл дагуулын интернэтийн хурдыг хязгаарласан нь Украины хувьд Оросын тийрэлтэт хөдөлгүүрт нисгэгчгүй төхөөрөмжүүдийг устгах боломжид нөлөөлжээ. Энэ нөхцөл байдал Европыг Киев, Вашингтоны хооронд дахин зуучлах үүрэг хүлээхэд хүргэж, наад зах нь хоёр талын олон нийтийн өмнө хийж буй хурц мэдэгдлүүдийг намжаахыг эрмэлзэхэд хүргэсэн байна.

Үүнээс гадна Европын орнууд өөрсдийн шийдвэрлэх шаардлагатай олон асуудалтай тулгарч буй аж. Үүнд ЕХ-ны ирэх долоон жилийн олон жилийн төсвийг батлахтай холбоотой зардлын таналт, эрчим хүчний үнийн өсөлт, цагаачлалын асуудал багтжээ. Эдгээр асуудлыг дээд хэмжээний уулзалтын эхний өдөр хэлэлцсэн бөгөөд хуралдаан шөнө дөл хүртэл үргэлжилсэн байна.

Кошта: Оросын эсрэг хориг арга хэмжээг цуцлахгүй

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский баасан гаргийн өглөө дээд хэмжээний уулзалтад хүрэлцэн ирж, Европын Зөвлөлийн Ерөнхийлөгч Антониу Кошта болон Европын Комиссын Ерөнхийлөгч Урсула фон дер Ляйен нарын хамт сэтгүүлчидтэй уулзжээ.

ЕХ-ны хоёр удирдагч Украинд үзүүлэх дэмжлэгээ хэвээр хадгалахаа шууд илэрхийлсэн байна. Кошта “Би үүнийг маш тодорхой хэлье. Орос улс дайнаа зогсоох хүртэл бид хориг арга хэмжээгээ цуцлахгүй” гэж мэдэгджээ.

Урсула фон дер Ляйен АНУ-ын Ерөнхийлөгч Трампын санал болгосон Украин, Оросын хооронд эрчим хүчний салбарт гал зогсоох санаачилгыг Брюссель дэмжиж буйг онцолсон байна. Гэвч Москва уг тохиролцоог мөрдөхгүй байгаа тул ЕХ Орост үзүүлэх дарамтаа улам нэмэгдүүлнэ гэж мэдэгджээ.

Зеленскийн дээд хэмжээний уулзалтаар хэлэлцэх асуудлууд Украинд нэн чухал байж. Тэдгээрийн нэг нь Украины ард иргэдийг хүнд өвлийг даван туулахад туслах зорилготой “Өвлийн багц” ажээ. Энэхүү багцад Украины эрчим хүчний салбарыг дэмжих тусламжаас гадна дэд бүтцийн объектуудыг Оросын цохилтоос хамгаалах агаарын довтолгооноос хамгаалах хэрэгслүүд багтсан байна.

Уулзалтын дараа болсон хэвлэлийн бага хурлын үеэр Зеленский "Европын орнуудад пуужин харван устгах зориулалттай хангалттай тооны зэвсэг байгаа тул Украин Оросын довтолгооны нөхцөлд өвлийг даван туулах боломжтой" гэж мэдэгджээ. Гэвч эдгээр пуужинг Украинд бодитоор нийлүүлэх эсэх нь одоогоор тодорхойгүй хэвээр байгаа аж.

ЕХ Украинд зориулж 70 тэрбум еврогийн санхүүжилт хэрхэн бүрдүүлэхээ хэлэлцэнэ

Украины 2027 оны төсөв болон батлан хамгаалахын хэрэгцээг хангахад шаардлагатай санхүүжилтийн дутагдлыг хэрхэн нөхөх асуудал шийдэгдээгүй хэвээр байгаа аж.

Урсула фон дер Ляйен хэвлэлийн бага хурлын үеэр "Украины 2026 оны санхүүгийн хэрэгцээг хангах санхүүжилт бүрдсэн" гэж мэдэгджээ. Гэхдээ ЕХ-ноос цаашид санхүүгийн тусламж авахын тулд Украин шаардлагатай шинэчлэлүүдээ үргэлжлүүлэх ёстойг сануулсан байна. Харин 2027 онд үзүүлэх санхүүгийн дэмжлэгийн асуудал нээлттэй хэвээр үлджээ.

Зеленский дээд хэмжээний уулзалтын эхэнд Европын удирдагчдад хандан “Ирэх жил дайн бидэнд 155 тэрбум еврогийн зардал учруулна. Батлан хамгаалах, зэвсэг техник, улс орны тогтвортой байдлаа хангахын тулд бидэнд та бүхнээс нэмэлтээр дор хаяж 70 тэрбум евро шаардлагатай байна. Энэ бол бодитой тооцоолсон хэмжээ. Иймээс энэхүү дэмжлэгийг бүрдүүлж өгөхийг та бүхнээс хүсэж байна. Энэ нь Оросыг тогтоон барихад бидэнд тусална” гэжээ.

Антониу Коштын хэлснээр, Украинд нэмэлт санхүүжилт олгох шаардлагатай гэдэг дээр ЕХ-ны удирдагчдын дунд санал зөрөлдөөн гараагүй байна. Тэрбээр “Бид 2027 онд Украины санхүүжилтийн нэмэлт хэрэгцээг шийдвэрлэх шаардлагатай гэдэг дээр шууд санал нэгдэж, Европын Комисст энэ асуудлаар тодорхой санал боловсруулахыг хүссэн” гэж мэдэгджээ.

Зарим эх сурвалжийн мэдээлснээр, Европын Комиссын уг саналыг арваннэгдүгээр сард танилцуулж магадгүй аж.

Кулбергс: Круассан идэж, кофе уун тайван амьдрахыг хүсвэл Украинд туслах хэрэгтэй

Украины санхүүгийн нөхцөл байдал хэр яаралтай шийдвэр шаардаж байгааг Европын зарим удирдагч бусдаас илүүтэй ойлгож байгаагаа илэрхийлжээ. Данийн Ерөнхий сайд Метте Фредериксен “Украины мөнгө хэдийнэ дууссан. Тодорхой хэмжээгээр хэлбэл, энэ нь хэдийнэ бодит байдал болсон” гэж мэдэгдсэн байна.

Латвийн Ерөнхий сайд Андрис Кулбергс үүнээс ч илүү сэтгэл хөдлөлтэй байр суурь илэрхийлжээ. Тэрбээр “Хэрэв бид Европт тав тухтай амьдарч, өглөөний кофегоо ууж, круассан идэхдээ ямар нэгэн аюул заналхийллийн талаар санаа зовохгүй байхыг хүсэж байгаа бол Украинд туслах ёстой. Хэрэв бид ингэж чадахгүй бол энэ нь бидний мөс чанарт үлдэнэ” гэжээ.

Мөн тэрбээр Украинд үзүүлэх дэмжлэг санхүүгийн зардал шаарддаг гэдгийг Европын орнууд ойлгох хэрэгтэйг онцолсон байна. Кулбергсийн тайлбарласнаар, энэхүү санхүүгийн тусламж нь Европын нэг иргэнд жилд нэг шил шар айраг худалдан авахтай тэнцэх хэмжээний зардал ногдуулах аж.

Тэрбээр “Бид үүнийг төлж чадна. Энэ бол ердөө нэг шил шар айрагны үнэ. Харин тэнд (Украинд - редакцын тайлбар) энэ нь хүний амь насны үнэтэй тэнцэж байна” гэж хэлжээ.

Оросын царцаасан хөрөнгийг хураах асуудлыг ЕХ-ны удирдагчид дахин хэлэлцсэнгүй

Украины санхүүжилтийн дутагдлыг яаралтай нөхөх шаардлага нь Оросын царцаасан хөрөнгийг хураан авах тухай маргааныг дахин сөхөхөд хүргэжээ. Өмнө нь ЕХ Орос улс дайны нөхөн төлбөрөө төлөх хүртэл тус улсын царцаасан хөрөнгийг царцаасан хэвээр байлгах шийдвэр гаргасан.

Гэвч 2025 оны арванхоёрдугаар сард Европын удирдагчид Бельгийн байр суурийн улмаас уг хөрөнгийг хураан авах саналаас татгалзсан байна. Оросын 200 орчим тэрбум еврогийн хөрөнгө Бельгид байрладаг Euroclear санхүүгийн төвлөрсөн хадгаламжийн байгууллагад хадгалагдаж байгаа аж.

Одоогийн байдлаар Оросын хөрөнгийг хураан авахыг Балтын орнууд, Швед, Финланд улс дэмжиж буй бол ЕХ-ны олон улсын нийслэлүүд энэ асуудлыг дахин сөхөх шаардлагагүй гэж үзжээ. Дээд хэмжээний уулзалтын үеэр Зеленский Бельгийн Ерөнхий сайд Барт де Вевертэй уулзсан аж. Гэвч хэвлэлийн бага хурлын үеэр Украины Ерөнхийлөгч түүнтэй Оросын хөрөнгийн асуудлыг хэлэлцсэн эсэх талаар шууд хариулт өгөөгүй байна.

Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр, Украин дахь дайныг зогсоох асуудлаарх АНУ, Украин, ЕХ болон Оросын төлөөлөгчдийн сүүлийн үеийн хэлэлцээний үеэр Америкийн тал ЕХ-нд царцаасан Оросын хөрөнгийн тодорхой хэсгийг Вашингтоны удирдлага дор ажиллах тусгай байгууллагын хяналтад шилжүүлэх санал гаргажээ.

Гэвч Зеленский ийм хувилбарыг Украин хүлээн зөвшөөрөх боломжгүйг тодорхой илэрхийлсэн байна. Тэрбээр “Бидний байр суурь бол Орос улс хожим эдгээр хөрөнгөд нөлөөлөх боломжгүй байх нь хамгийн чухал” гэж мэдэгджээ. Мөн Зеленскийн хэлснээр, Орос улс өөрийн хөрөнгийг буцаан авахыг маш их хүсэж байгаа боловч Украин уг хөрөнгийг Москва буцаан авахаас өмнө өөрийн мэдэлд авахыг хүсэж байгаа аж.

Каллас: АНУ-ыг түрэмгийлэгчид үзүүлэх дарамтаа нэмэгдүүлэхэд итгүүлэхэд хэцүү байна

Дээд хэмжээний уулзалтад оролцогчид Трампын Украин дахь дайны асуудлаар гаргасан сүүлийн шийдвэрүүдийн талаар шууд шүүмжлэлтэй байр суурь илэрхийлэхээс зайлсхийжээ. Гэсэн хэдий ч ЕХ-ны Гадаад бодлого, аюулгүй байдлын асуудал эрхэлсэн дээд төлөөлөгч Кая Каллас Европын орнууд АНУ-ын түншүүддээ Орост үзүүлэх дарамтыг нэмэгдүүлэх шаардлагатайг ойлгуулахыг хичээж буй талаар онцолсон байна.

Тэрбээр “Хэрэв бид энэ дайныг дуусгахыг хүсэж байгаа бол түрэмгийлэгчид үзүүлэх дарамтаа нэмэгдүүлэх ёстойг Америкийн түншүүддээ ойлгуулахыг хичээж байна. Гэхдээ та бүхэн харж байгаа байх, Америкийн холбоотнуудтайгаа энэ талаар тохиролцоход маш хэцүү байна” гэж мэдэгджээ.

Хэд хэдэн дипломатчийн мэдээлснээр, Европын зарим удирдагч Зеленскийд хандан Цагаан ордны тэргүүний үйл ажиллагааг олон нийтийн өмнө шүүмжлэхгүй байхыг сануулсан аж.

Украины Ерөнхийлөгч ийм яриа болсон эсэхийг шууд батлаагүй ч хэвлэлийн бага хурлын үеэр түүнээс АНУ-ын дотоод улс төрийн тэмцлийн нөхцөлд Трамп өөрийг нь буруутан болгон харуулахыг оролдож байгаа гэж үзэж буй эсэх талаар асуужээ.

Зеленский асуултыг сонсоод инээмсэглэсэн ч ямар нэгэн тайлбар хийгээгүй байна.

Эх сурвалж: DW