2026 оны аравдугаар сарын 16-ны баасан гарагийн орой Оросын цэргүүд Украины Харьков хотын хоёр дүүрэгт пуужингийн цохилт өгсөн талаар тус хотын захирагч Игорь Терехов болон Харьков мужийн цэргийн захиргааны дарга Олег Синегубов нар Telegram сувгаараа дамжуулан мэдээлжээ. Тэдний мэдээлснээр, халдлагын улмаас 13 настай охин зэрэг нийт 10 хүн хүчтэй стресст орсон байна.

Синегубовын мэдээлснээр, нэг цохилт Слободскийн дүүрэгт, гурван цохилт Немышлянскийн дүүрэгт тусжээ. Немышлянскийн дүүрэгт орон сууцны барилгууд эвдэрч, урьдчилсан мэдээллээр 100 гаруй цонх хагарсан байна. Мөн халдлагын дор хаяж нэгийг нь S8000 “Бандероль” пуужингаар үйлдсэн гэж Терехов мэдээлжээ.

Харьков хотод өглөөний халдлагын улмаас хоёр хүн амиа алджээ

Баасан гаргийн оройн цохилтууд нь Харьков хотод тухайн өдөр болсон хоёр дахь удаагийн халдлага аж. Орон нутгийн эрх баригчдын мэдээлснээр, өглөөний халдлагын улмаас 71 настай эмэгтэй, 58 настай эрэгтэй хоёр амиа алджээ. Мөн 22 хүн өртсөнөөс дор хаяж 12 нь шархадсан бол долоон хүн хүчтэй стресст орсон байна. Нийт 10 хүнийг эмнэлэгт хүргэснээс хоёрынх нь биеийн байдал хүнд байжээ.

Түүнчлэн аравдугаар сарын 13-нд шилжих шөнө Харьков хотод болсон халдлагын улмаас гурван хүн амиа алдаж, 11 хүн шархадсан талаар орон нутгийн эрх баригчид мэдээлсэн байна. Тэдний мэдээлснээр, нэг пуужин дөрвөн давхар орон сууцны барилгад тусаж, орц хэсгийг нь бүрэн сүйтгэжээ.

Мөн аравдугаар сарын 11-нд хотод агаарын бөмбөгөөр халдлага үйлдэж, мужийн нутаг дэвсгэрт нисгэгчгүй нисэх төхөөрөмжөөр цохилт өгсний улмаас хоёр хүн амиа алдсан байна.

Днипр хотод халдлагын улмаас нэг хүн амиа алдаж, дөрвөн хүн шархаджээ

Аравдугаар сарын 16-ны орой Оросын цэргүүд Украины Днипр хотод мөн цохилт өгсөн талаар Днипропетровск мужийн цэргийн захиргааны дарга Александр Ганжа мэдээлжээ. Түүний мэдээлснээр, хотын захын бүсэд гал гарч, халдлагын улмаас дөрвөн хүн шархдан, нэг эрэгтэй амиа алдсан байна.

Эх сурвалж: DW