АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп "Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский бол “бидний (АНУ-ын) харилцах ёстой хүн биш” гэж мэдэгджээ. Түүний үзэж буйгаар, Зеленский Украины дайныг дуусгах талаар хэлэлцээ хийх хүсэлгүй байгаа аж. Трамп энэ тухай аравдугаар сарын 16-ны баасан гарагт шилжих шөнө Newsmax телевизэд өгсөн ярилцлагадаа хэлсэн байна.

АНУ-ын Ерөнхийлөгч “Эцсийн дүндээ Орос, Украин хоёр ямар нэгэн тохиролцоонд хүрнэ гэж бодож байна. Гэхдээ тэд Зеленскийтэй тохиролцоонд хүрч чадахгүй. Тэр хэлэлцээ хийхийг хүсэхгүй байна. Хэлэлцээ хийхийг хүсэж байна гэж ярьдаг ч үнэндээ тийм биш” хэмээн мэдэгджээ.

Трамп “Би Зеленскийд төдийлөн таатай ханддаггүй. Түүний засгийн газар энэ улсыг (Украиныг) сүйрүүлсэн” гэж нэмж хэлсэн байна.

Ярилцлагынхаа дараа хэсэгт тэрбээр “Путин Зеленскийг үзэн яддаг, Зеленский Путиныг үзэн яддаг” хэмээн мэдэгдээд, “Ийм их үзэн ядалт байгаа нөхцөлд ямар нэгэн зүйлээр тохиролцоонд хүрэх тун хэцүү” гэжээ.

Трамп өөрийн ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа дуусахаас өмнө Украины дайн дуусах эсэх тухай асуултад “Энэ дайн удахгүй дуусах ёстой. Тэд хоёулаа дайныг дуусгахыг хүсэж байгаа гэж бодож байна. Гэхдээ Зеленскийтэй харилцаж, тохиролцоонд хүрэх нь Путиныг бодвол илүү хэцүү гэж би үзэж байна” хэмээн хариулжээ.

Трамп Украины Оросын газрын тос боловсруулах үйлдвэрүүдэд өгсөн цохилтыг “ичгүүртэй” гэж нэрлэв

Дональд Трамп Украин Оросын газрын тос боловсруулах үйлдвэрүүдэд цохилт өгөх ажиллагаагаа дахин эрчимжүүлж байгааг “ичгүүртэй” хэмээн шүүмжилжээ.

Тэрбээр Украины дайнд олон хүн амиа алдаж байгааг дурдаад, “Би Зеленскийг зогсоосой гэж хүсэж байна. Путиныг ч бас зогсоосой гэж хүсэж байна. Зеленский Оросын газрын тос боловсруулах үйлдвэрүүдэд дахин цохилт өгч эхэлсэн гэж та ярьж байна. Түүний хийж байгаа зүйл дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнийг л өсгөхөд хүргэж байна. Миний бодлоор энэ бол ичгүүртэй хэрэг” гэж мэдэгджээ.

Трамп мөн Украины цохилтын байг шүүмжлэхдээ “Цохилт өгч болох өөр олон бай бий. Харин дизель түлш үйлдвэрлэдэг газрын тос боловсруулах үйлдвэрүүдэд цохилт өгөх нь бидэнд ч, дэлхий дахинд ч хэрэгтэй дизель түлшний нийлүүлэлтэд нөлөөлж байна. Ингэснээр тэр дэлхий дахинд муу зүйл хийж байна” хэмээн хэлсэн байна.

Түүнчлэн Трамп Зеленскийг Украины Ерөнхийлөгчөөр нэлээд удаан ажиллаж байгааг дурдаад, “Одоо цаг нь болсон гэж би бодож байна...” хэмээн хэлжээ. Түүний энэ үгийг Украины Ерөнхийлөгчийн сонгуулийг ойрын хугацаанд явуулахыг уриалсан санаа гэж шинжээчид тайлбарласан байна.

Трамп Украинд зэвсэг нийлүүлсэн асуудлаар Байденыг дахин шүүмжлэв

АНУ-ын Ерөнхийлөгч мөн өмнөх Ерөнхийлөгч Жо Байденыг Украинд 350 тэрбум ам.долларын үнэ бүхий зэвсэг, тоног төхөөрөмж болон мөнгөн тусламжийг хэнээр ч төлүүлэлгүй өгсөн хэмээн дахин шүүмжилжээ.

Трамп “Байден Украинд 350 тэрбум ам.долларын тоног төхөөрөмж, мөнгө өгсөн байх. Бидний Украинд өгсөн мөнгө хаана байна вэ? Тоног төхөөрөмж нь хаана байна вэ? Тэд үүнийг зарж байсан. Байден тэдэнд пуужин өгсөн, харин Украинд хүргэсний дараа тэдгээрийг нээлттэй зах зээл дээр зарсан” гэж мэдэгджээ.

Тэрбээр барууны орнуудын цэргийн тусламжаар Украинд нийлүүлсэн зарим зэвсэг хожим бусад улс орнуудаас илэрсэн гэх хэвлэл мэдээллийн мэдээллийг хэлж байсан бололтой.

Трамп “Украинд зэвсэг нийлүүлсний төлөө хэн ч мөнгө төлөөгүй” хэмээн гомдоллоод, “Тиймээс би Европын Холбоонд хандаж, ‘Хэрэв та нар Украинд ямар нэгэн зүйл нийлүүлэхийг хүсэж байгаа бол үүний төлбөрийг төл. Та нарт хангалттай мөнгө бий’ гэж хэлсэн.

Тэд бидэнд мөнгө төлж, бид зэвсэг нийлүүлж байсан. Харин сүүлийн үед бид зэвсгээ өөрсдөдөө үлдээсэн. Учир нь бидэнд өөрсдөд маань хэрэгтэй” гэжээ.

Эх сурвалж: DW