Засгийн газраас өнөөдөр /2026.05.18/-ийн ээлжит бус хуралдаанаараа инфляц болон махны үнийн өсөлттэй холбоотой асуудлыг хэлэлцэж, хэд хэдэн шийдвэр гаргасан талаар танилцууллаа.
Нөөцийн махны нийлүүлэлтэд зохион байгуулалттай доголдол үүссэн байж болзошгүй
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Б.Энхбаяр мэдээлэхдээ, нийслэлийн хэмжээнд нөөцийн мах худалдаалах 600 гаруй цэг байгуулсан ч урьдчилсан хяналт шалгалтаар ердөө 375 цэг ажиллаж байсан нь тогтоогдсон гэв.
Түүнчлэн ажиллаж байсан 375 цэгийн 250 нь сүүлийн нэг сарын хугацаанд нөөцийн мах нийлүүлэгдээгүй гэсэн мэдээлэл өгсөн байна. Үүнтэй холбоотойгоор бэлтгэн нийлүүлэгч компаниудаас тодруулахад, Улаанбаатар хотын ерөнхий менежер нөөцийн махны худалдааг түр зогсоох чиглэл өгсөн гэх тайлбар ирүүлжээ.
Түүний хэлснээр, энэ нөхцөл байдал нь махны үнийг зориудаар өсгөх зорилготой зохион байгуулалттай ажиллагаа байж болзошгүй гэсэн хардлага төрүүлж байгаа аж.
Мөн компаниудын нийлүүлсэн гэж мэдүүлсэн 1400 тонн мах бодитоор байгаа эсэхэд холбогдох байгууллагууд шалгалт хийж буй бөгөөд урьдчилсан байдлаар уг хэмжээний мах бүрэн байхгүй байх магадлалтай гэсэн дүн гарчээ.
Ийм нөхцөл байдал үүссэнтэй холбогдуулан Ерөнхий сайд Н.Учрал нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргаж, тамга тэмдгийг түр орлон гүйцэтгэгчид хүлээлгэн өгөх ажлыг зохион байгуулсан талаар Б.Энхбаяр мэдэгдлээ.
Ц.Идэрбат: Нөөцийн махны үнийг хэвээр хадгалж, худалдах хугацааг сунгав
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат мэдээлэхдээ, өнөөдрийн хуралдаанаар инфляцын өсөлттэй холбоотойгоор авах арга хэмжээний тухай тогтоол баталсан гэв.
Тэрбээр энэ асуудал нь зөвхөн нөөцийн махны нийлүүлэлтээр хязгаарлагдахгүй бөгөөд цаашид мах бэлтгэн нийлүүлэлтийн тогтолцоог сайжруулах зохицуулалтуудыг мөн тусгасан гэж онцоллоо. Тогтоолоор:
Нөөцийн махны хүртээмж, түгээлтийг нэмэгдүүлэх
2025 онд байгуулсан гэрээний үнийг хэвээр мөрдөх
Хонины махыг 13 мянган төгрөгөөр
Үхрийн махыг 15 мянган төгрөгөөр худалдаалах шийдвэрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр болсон байна.
Мөн мах худалдаалах явцад гарсан алдаа, зөрчлийг арилгах арга хэмжээг тусгажээ. Тухайлбал, И-баримтгүй борлуулсан махыг нөхөн бүртгэж, нөөцийн махны нийлүүлэлтийн системд буцаан хамруулах шийдвэр гарсан байна.
Өнгөрсөн хугацаанд тодорхой хэмжээний мах И-баримтгүй худалдаалагдсан нь тогтоогдсон бөгөөд одоогийн байдлаар Улаанбаатар хотод нэр бүхий есөн аж ахуйн нэгж дээр нийт 1400 орчим тонн мах хадгалагдаж байгаа аж. Эдгээр махыг гэрээний дагуу дэлгүүрүүдэд нийлүүлэх ажлыг зохион байгуулахаар болжээ.
Үүнээс гадна нөөцийн мах худалдаалах хугацааг зургаадугаар сарын 15 хүртэл байсныг долдугаар сарын 1 хүртэл сунгасан байна.
Зохиомол үнэ тогтоосон эсэхийг шалгана
Махны үнэ зохиомлоор хөөрөгдсөн эсэх асуудлыг Татварын ерөнхий газар болон Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар хамтран шалгахаар болсон байна. Холбогдох байгууллагууд зах зээлд зориудаар нөлөөлсөн, үгсэн хуйвалдсан шинжтэй үйл ажиллагаа байсан эсэхийг нарийвчлан шалгах аж.
Мөн Улаанбаатар хотын махны нийлүүлэлттэй холбоотой олон асуудал өмнө нь яригдаж байсан ч бодит хэрэгжилтэд хүрээгүй, эсвэл эхэлсэн ч дундаасаа зогссон тохиолдлууд байсныг онцолжээ. Иймээс хамгийн бодитой, хэрэгжих боломжтой хувилбаруудыг сонгон ажиллах чиглэлийг Эдийн засаг, хөгжлийн яам болон Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт өгсөн байна.
Түүнчлэн өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар махны экспортыг зогсоох асуудал огт яригдаагүй бөгөөд энэ талаар ямар нэгэн шийдвэр, заалт тогтоолд тусгагдаагүй талаар ХХААХҮ-ийн сайд онцлон мэдэгдлээ.