Украины эрх баригчид Оросын археологич Александр Бутагины болон өөр таван эрдэмтний Крымд малтлага хийсэнтэй холбоотойгоор дайны гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй хэргээр шалгаж байгаа аж. Энэ тухай аравдугаар сарын 14-ний лхагва гарагт BBC-ийн Орос хэлний алба өөрийн эзэмшилд байгаа прокурорын болон шүүхийн баримт бичгүүдэд үндэслэн мэдээлжээ.

2026 оны дөрөвдүгээр сард Польшийн эрх баригчид Бутагиныг солилцооны хүрээнд ОХУ-д шилжүүлсний дараа Украины прокурорын байгууллага түүнд холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчилж, илүү хүнд зүйл ангиар шалгах болсон байна.

Өмнө нь Украины хүсэлтээр Польшид саатуулагдсан Оросын археологичийг Крымд хууль бусаар малтлага хийж, соёлын өвийн дурсгалыг сүйтгэсэн гэж буруутгаж байжээ.

Солилцооны дараа түүнийг эзлэгдсэн нутаг дэвсгэр дэх үндэсний үнэт зүйлсийг урьдчилан тохиролцож бүлэглэн дээрэмдсэн буюу дайны гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй хэмээн сэжиглэх болсон талаар BBC мэдээлэв.

Хэргийг дайны гэмт хэргийн зүйл ангиар өөрчилжээ

Киевийн шүүх долдугаар сард Бутагиныг дайны гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй гэх сэжиглэснийг үндэслэлтэй гэж үзэж, түүнд холбогдох шинэ хэргийг эзгүйд нь мөрдөн шалгах зөвшөөрөл олгосон байна. Энэ нь өмнөх зүйл ангиас ялгаатай нь түүнийг эзгүйд нь шүүх ажиллагаа явуулах боломж бүрдүүлж байгаа аж.

Украины Үндэсний шинжлэх ухааны академийн Археологийн хүрээлэнгийн ахлах судлаач Эвелина Кравченкогийн үзэж буйгаар, Бутагины хэргийн зүйлчлэлийг илүү хүнд болгосон нь түүнийг гуравдагч улсад дахин баривчилсан тохиолдолд Украинд шилжүүлэн өгөх боломжийг нэмэгдүүлэх зорилготой байж болзошгүй юм байна.

Түүнд тулгаж буй ял нь зэвсэгт мөргөлдөөний үед соёлын үнэт зүйлсийг хамгаалах тухай Гаагийн конвенцын хоёрдугаар протоколд үндэслэж байгаа аж. Уг протоколоор онцгой зайлшгүй шаардлагаас бусад тохиолдолд эзлэгдсэн нутаг дэвсгэрт археологийн малтлага хийхийг хоригложээ.

BBC-гийн мэдээлснээр, Украины прокурорын баримт бичигт Бутагин 2014 оноос хойш Крым дэх археологийн дурсгалт газрыг “өргөн хүрээтэй, хэсэгчлэн сүйдэхэд” хүргэсэн бөгөөд энэ нь цэргийн зайлшгүй шаардлагаар хийгдээгүй, хууль бус, үндэслэлгүй үйлдэл байсныг дурджээ.

Мөн олдсон археологийн олдворуудыг Крым дэх музейд шилжүүлж, “эзлэгч улсын өмч болгох” зорилготой байсан гэж Киевийн тал үзэж байгаа аж. Украины тал "Эдгээр олдвор Крымд үлдсэн байсан ч ОХУ-ын музейн сан хөмрөгт бүртгэгдсэнээр Оросын өмч хэмээн зарлагдсан" гэж тайлбарлажээ.

Оросын өөр таван археологичид хэрэг үүсгэжээ

BBC-ийн мэдээлснээр, Украин өнгөрсөн зун Бутагины хэргээс гадна Оросын өөр таван археологичид холбогдуулан эзгүйд нь эрүүгийн хэрэг үүсгэсэн байна.

Тэдний дунд дундад зууны үеийн Солхат хотын археологийн экспедицийн удирдагч, 1978 онд уг экспедицийг байгуулсан 86 настай Марк Крамаровский болон Крымын Археологийн хүрээлэнгийн ахлах судлаач Эмиль Сейдалиев нар багтжээ. Британийн хэвлэл мэдээллийн байгууллага үлдсэн гурван сэжигтний нэрийг мэдээлээгүй байна.

2014 оноос хойш тус экспедицийн удирдлага малтлага хийх зөвшөөрлөө Москвагаас авч, олдворуудаа Оросын эрх баригчдын байгуулсан Крымын татаруудын соёл, түүхийн өвийн музейд шилжүүлдэг байжээ.

Украины талын үзэж буйгаар, олдсон бүх эд өлгийн зүйлийг ОХУ-ын музейн сан хөмрөгт бүртгэсэн нь Украины соёлын өвийг хууль бусаар өөрийн болгосон үйлдэл болсон байна.

Александр Бутагины хэрэг

2025 оны арванхоёрдугаар сарын эхээр Александр Бутагиныг Польшид баривчилжээ. Тэрбээр эртний үеийн олдвор, археологийн малтлагын талаар лекц уншсан Нидерландаас дамжин өнгөрөхдөө саатуулагдсан байна.

Баривчилгаа Украины талын хүсэлтээр явагджээ. Украин өмнөх жил нь Бутагиныг Крымд хууль бус малтлага хийсэн хэмээн буруутгаж, эрэн сурвалжлах жагсаалтад оруулсан аж.

2026 оны гуравдугаар сард Варшавын тойргийн шүүх Украины шилжүүлэн өгөх хүсэлтийг зөвшөөрсөн байна. Гэвч дөрөвдүгээр сард Польшийн эрх баригчид түүнийг Беларусьтай хийсэн “тавын эсрэг тав” зарчмын солилцооны хүрээнд суллаж, ОХУ-д шилжүүлжээ.

Александр Бутагиныг 1999 оноос хойш Крымын Керч хотын нутаг дэвсгэрт орших эртний Мирмекий хотын археологийн экспедицийг удирдаж ирсэн гэж мэдээлэлд дурдсан байна.

ОХУ 2014 онд Крымыг өөртөө нэгтгэсний дараа тус экспедиц малтлагаа үргэлжлүүлжээ. Харин Украины эрх баригчид уг малтлагыг хууль бус гэж үзэж байгаа аж.

Соёлын өвийн дурсгалыг хэсэгчлэн сүйтгэсэн, 201.6 сая гривень буюу ойролцоогоор 3.9 сая еврогийн хохирол учруулсан гэх анхны хэрэгт Бутагинд тав хүртэлх жилийн хорих ял оноох боломжтой байжээ.

Бутагины өөрийн тайлбарласнаар, Крымыг өөртөө нэгтгэсний дараа тэрбээр малтлага хийх зөвшөөрлийг Украины эрх баригчдаас аваагүй байна.

Түүний үзэж буйгаар, зөвшөөрөл авах асуудал Эрмитажийн удирдлагын эрх мэдэлд байсан бөгөөд тус музейн удирдлага 2014 оноос хойш Киевт хүсэлт гаргахгүй байсан тул тэр өөрөө энэ нөхцөл байдалд нөлөөлөх боломжгүй байжээ.

Тэрбээр мөн Оросын түрэмгийлэлд хамтран оролцсон, Крымын соёлын өвийг сүйтгэсэн гэж буруутгасныг няцаасан байна.

Эх сурвалж: DW