Олон улсын хөлбөмбөгийн холбоо (ФИФА)-ны ерөнхийлөгч Жанни Инфантино FIFA Forward Enterprise төслийг төлөвлөх явцад тус байгууллагаас гаргасан алдааныхаа төлөө уучлал хүсжээ. Энэ тухай ФИФА-гийн хэвлэлийн алба мэдээлсэн байна.
Пүрэв гарагт Швейцарын Цюрих хотод ФИФА-гийн зөвлөлийн хурал болжээ. Энэ үеэр Инфантино мөн нэгдмэл байдал, эв нэгдлийг уриалаад, "Хөлбөмбөг бол хүн бүрд, дэлхийн хаана ч зориулагдсан спорт" хэмээн мэдэгдсэн байна.
Долдугаар сард Инфантино ФИФА-гийн эрэгтэй, эмэгтэйчүүдийн гол тэмцээнүүдийг хариуцан удирдах компани байгуулах хүсэлтэй байсан нь тодорхой болжээ.
Түүний үзэж байгаагаар, FIFA Forward Enterprise компанийг байгуулснаар ФИФА-гийн гишүүн холбоодын орлого нэмэгдэж, дэлхий даяар хөл бөмбөгийн спортыг хөгжүүлэхэд дэмжлэг болох байв.
Олон улсын хөл бөмбөгийн холбооны мэдээлснээр, энэхүү бизнесийн загвар нь 4.2 тэрбум ам.долларын орлого татах боломжтой байжээ.
Гэвч уг санаачилга нь спортын удирдах албан тушаалтнууд, хөл бөмбөгийн холбоод болон бусад байгууллагын зүгээс өргөн хүрээний шүүмжлэл, эсэргүүцэлтэй тулгарсан байна. Үүний дараа Инфантино уг санаанаасаа татгалзжээ.
Эх сурвалж: TASS