Шинжлэх ухааны академийн Олон улс судлалын хүрээлэнгээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Олон Улс судлал 2026: Монголын Солонгос судлал” сэдэвт эрдэм шинжилгээний хурал өнөөдөр Чингис хаан Үндэсний музейд боллоо.
Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс 1990 оны гуравдугаар сарын 26-нд дипломат харилцаа тогтоосноос хойш хоёр улсын хамтын ажиллагаа улс төр, эдийн засаг, боловсрол, соёл урлаг зэрэг олон салбарт өргөжин хөгжиж ирсэн. Энэхүү харилцааны хүрээнд Монгол дахь Солонгос судлалын хөгжил, судалгааны цар хүрээ ч жилээс жилд нэмэгдсээр байгаа ажээ.
1990-ээд оноос хойш Монгол Улсад солонгос хэлний мэргэжилтэй боловсон хүчнийг эх орондоо бэлтгэж эхэлсэн нь Солонгос судлалын хөгжилд гарсан онцлох үйл явдлын нэг юм. Тэдний зарим нь Монгол, Солонгосын харилцааны түүхийн чиглэлээр магистр, докторын зэрэг хамгаалжээ.
Өнөөдрийн байдлаар Монгол Улсад Солонгос судлалын чиглэлээр 200 орчим магистрын ажил, 31 докторын судалгааны ажил бичигдсэн байна.
Судалгааны нийт магистрын ажлын 70 орчим хувийг монгол, үлдсэн 30 хувийг солонгос оюутнууд бичсэн нь хоёр улсын эрдэм шинжилгээ, боловсролын хамтын ажиллагаа идэвхтэй хөгжиж буйн илрэл аж.
Түүнчлэн сүүлийн 30 гаруй жилийн хугацаанд Монгол, Солонгосын эрдэмтэн, судлаачид хамтарсан судалгаа, төсөл хэрэгжүүлэхийн зэрэгцээ эрдэм шинжилгээний хурал, хэлэлцүүлгийг тогтмол зохион байгуулж иржээ. Энэ нь Монгол Улсын шинжлэх ухаан, боловсрол, соёлын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа аж.
Мөн Монгол Улсад Солонгос судлалын чиглэлээр ажиллаж буй судлаачдын тоо нэмэгдэж, 90 орчимд хүрчээ. Тэдний дийлэнх нь их, дээд сургуулиудад ажилладаг, тухайн чиглэлээр мэргэшсэн профессор, багш нар. Үүнээс гадна бусад салбарын судлаачид ч Солонгос судлалыг сонирхон судалж, эрдэм шинжилгээний өгүүлэл, бүтээл туурвидаг болсон нь энэ чиглэлийн судалгаа улам өргөжиж байгааг харуулж буй аж.

Энэ удаагийн хурлаар нийт 15 илтгэл хэлэлцүүлсэн бөгөөд бүс нутгийн аюулгүй байдал, гадаад бодлого, стратегийн судалгааны асуудлууд оролцогчдын анхаарлыг татав. Тухайлбал,
БНСУ-ын Үндэсний аюулгүй байдлын стратеги судлалын хүрээлэнгийн судлаач Юн Жон Хён “Хиймэл оюун ухаанд суурилсан стратегийн цөмийн бус зэвсэг ба Солонгосын хойгийн хямралыг тогтворжуулах нь” сэдвээр илтгэл тавьсан бол Аюулгүй байдал судлалын хүрээлэнгийн судлаач Х.Гарьдбилэг “БНАСАУ-ын аюулгүй байдал, гадаад бодлогын өөрчлөлт: 2021-2026 оны бодлогын залгамж чанар, өөрчлөлтийн харьцуулсан судалгаа” сэдэвт судалгаагаа танилцуулав.
Хуралд Монгол Улсын томоохон их, дээд сургууль, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн эрдэмтэн, судлаачид болон төрийн байгууллагын төлөөлөл оролцож, Монгол дахь Солонгос судлалын сүүлийн үеийн судалгааны үр дүнг хэлэлцэн, санал бодлоо солилцлоо. Түүнчлэн цаашдын судалгааны чиглэл, хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийн талаар хэлэлцэх талбар болсноороо онцлог байв.
Эрдэм шинжилгээний хурлыг Чингис хаан Үндэсний музей болон БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам дэмжигч байгууллагаар хамтран зохион байгуулсан юм.