Монгол Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн ээлжит хуралдаан 2028 оны тавдугаар сарын 18-нд болж, Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс боловсруулсан “Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай” хуулийн төсөлд өгсөн дүгнэлттэй танилцсан байна. Энэ үеэр Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дарга Ж.Дэлгэрсайхан танилцуулга мэдээлэл хийжээ.

Хуралдааны үеэр бүлгийн гишүүд эдийн засгийн хүндрэлтэй нөхцөлд иргэдийг “бүсээ чангал” гэж шаардахаас илүүтэй бодлогын зөв шийдвэр гаргах нь чухал болохыг онцолсон байна. Мөн “Монгол Улсад хэрэгтэй төсөл” нэрийн дор гадаад зээлийг хэт нэмэгдүүлэх нь цаашид төсвийн сахилга батыг алдагдуулах эрсдэлтэйг сануулжээ.
Түүнчлэн Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн эрх зүйн чадамж, гаргасан зөвлөмжийг УИХ хэрэгжүүлэхгүй орхиж болох эсэх асуудлыг ч хөндөн ярилцсан байна.
Бүлгийн гишүүд Монгол Улс байгалийн баялагтай, хөгжлийн томоохон хэрэгцээ шаардлагатай орны хувьд гадаад зээлийн ашиглалтыг сайжруулж, бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх шаардлага бий ч энэ асуудалд мэргэжлийн байгууллагын судалгаа, дүгнэлтэд тулгуурлах нь зөв болохыг тэмдэглэжээ.
Мөн эрх баригчид төсвийн зарлагаа хэт өсгөчихөөд, одоо бүтээн байгуулалтын ажилд хууль саад болж байгаа мэтээр тайлбарлаж байгааг шүүмжилсэн байна. Урсгал зардлаа танах асуудлыг хөндөхгүй атлаа төсвийн нийт зардлыг нэмэгдүүлсэн.
Энэ нь ирэх 3-5 жилийн хугацаанд үр ашиггүй, өр нэмсэн төслүүдэд хүргэж болзошгүйг бүлгийн гишүүд анхааруулжээ. Тиймээс аливаа шийдвэрийг зөвхөн өнөөдрийн хэрэгцээгээр бус, ирээдүйд гарах үр дүнгийн талаас нь авч үзэх шаардлагатайг онцолсон байна.
Хуралдаанаар мөн “Сургуулийн өмнөх боловсрол болон Ерөнхий боловсролын тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн танилцуулгыг хууль санаачлагч, УИХ-ын гишүүн Р.Сэддорж танилцуулжээ.
Түүнчлэн Татварын багц хуулийн төслийн талаарх мэдээллийг Сангийн сайд З.Мэндсайхан болон Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Анар нар өгсөн байна.
Мөн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн талаар УИХ-ын гишүүн, АН-ын бүлгийн дэд дарга Х.Тэмүүжин мэдээлэл хийжээ.