Шинэ хязгаарлалтын талаар юу мэдэгдэв?

Европын Холбоо (ЕХ) ОХУ-ын бүх иргэнийг нутаг дэвсгэртээ нэвтрүүлэхийг бүрэн хориглох шийдвэр гаргаагүй байна. Харин Оросын иргэдэд олгох жуулчны визийн тоог бууруулах, Оросын дипломатуудын зорчих хөдөлгөөнийг хязгаарлах, Украинтай хийж буй дайнд оролцсон Оросын цэргийн алба хаагчдад нэвтрэх хориг тавих асуудлыг хэлэлцэж байгаа аж.

Аравдугаар сарын 12-нд болсон ЕХ-ны Гадаад хэргийн сайд нарын уулзалтын үеэр тус холбооны Гадаад бодлогын асуудал эрхэлсэн дээд төлөөлөгч Кая Каллас эдгээр арга хэмжээ нь Оросын үйлдэж буй эрлийз халдлага нэмэгдэж буй энэ үед Европын аюулгүй байдлыг хамгаалахад чиглэж байгааг онцолжээ. 

Оросын иргэдэд жуулчны виз олгохыг хориглох уу?

Оросын иргэдэд жуулчны виз олгох асуудлаар хамгийн хатуу байр суурь илэрхийлж буй орнуудын нэг нь Финланд аж. Тус улсын Гадаад хэргийн сайд Элина Валтонен ОХУ Украинтай хийж буй дайнаа зогсоох хүртэл ЕХ-ны бүх гишүүн орон Оросын иргэдэд жуулчны виз олгохоо зогсоохыг уриалжээ.

Тэрбээр Европын Комисст хандан визийн хүсэлт шалгах журмыг чангатгаж, шаардлагатай тохиолдолд холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулах санал гаргасан байна. 

Валтонен “Орос улс Украин дахь иргэдийн орон сууцыг бөмбөгдөж байхад Оросын иргэд Европт ирж, амьдралын хэв маяг, эрх чөлөөг нь эдлэх боломжтой байгаа нь буруу” хэмээн мэдэгджээ.

Финландын Гадаад хэргийн яамны мэдээлснээр, Шенгений бүсийн орнууд 2025 онд Оросын иргэдэд нийтдээ 500 мянга орчим жуулчны виз олгосон байна.

Финланд улс 2022 оноос эхлэн Оросын иргэдийн зайлшгүй шаардлагагүй аяллыг хязгаарласан. Тус улсын Гадаад хэргийн сайд бусад ЕХ-ны гишүүн орнуудыг нэгдсэн байр суурь илэрхийлж, Европын Комисст хамтарсан хүсэлт хүргүүлэхийг уриалжээ.

Өмнө нь Балтын тэнгисийн орнууд, Польш, Чех болон Хойд Европын зарим улс Оросын иргэдэд виз олгох бодлогыг чангатгаж, нэгдсэн журмаар хэрэгжүүлэх шаардлага тавьж байсан аж. Гэхдээ ЕХ-ны бүх гишүүн орон жуулчны визийг бүрэн хориглох саналыг дэмжээгүй байна.

Зарим улс Оросын жуулчдаас олох эдийн засгийн үр өгөөжийг алдахыг хүсэхгүй байгаа аж. Иймээс одоогийн байдлаар бүх гишүүн орныг хамарсан бүрэн хоригийн талаар эцсийн шийдвэр гараагүй байна. 

Шенгений бүх бүсэд зорчих боломжийг хязгаарлаж магадгүй

ЕХ-ны хүрээнд Оросын иргэдэд зөвхөн тодорхой улс орнуудад зорчих эрх олгодог, нутаг дэвсгэрийн хувьд хязгаарлагдмал виз нэвтрүүлэх боломжийн талаар ч мөн хэлэлцэж байгаа аж. Ийм виз авсан хүн Шенгений бүх бүсээр чөлөөтэй зорчих бус, виз дээр заасан нэг буюу хэд хэдэн улсад л нэвтрэх боломжтой болох нь.

Гэхдээ энэ санал одоогийн байдлаар мэргэжилтнүүдийн түвшний хэлэлцүүлгийн шатанд буй бөгөөд гишүүн орнууд нэгдсэн байр сууринд хүрээгүй байгаа аж.

Украинтай хийж буй дайнд оролцсон Оросын цэргийн алба хаагчдад нэвтрэх хориг тавина

ЕХ-ны хүрээнд хамгийн их ахиц гарсан асуудлын нэг нь Украинтай хийж буй дайны ажиллагаанд оролцсон Оросын цэргийн алба хаагчдыг Европын нутаг дэвсгэрт нэвтрүүлэхгүй байх санал. Энэ нь цэргийн албаа хэдийнэ хаасан хүмүүст ч хамаарах боломжтой аж.

Кая Каллас "Аравдугаар сарын 12-ны уулзалтаар ЕХ-ны Гадаад хэргийн сайд нар уг хоригийг хэрэгжүүлэх асуудлаар улс төрийн түвшинд тохиролцоонд хүрсэн" гэж мэдэгджээ. Тэрбээр техникийн нарийвчилсан асуудлуудыг эцэслэн шийдвэрлэх шаардлагатайг онцолсон байна. 

Уг хоригийг бодит амьдрал дээр хэрхэн хэрэгжүүлэх нь гол сорилт болж буй аж. Тухайлбал, тухайн хүн байлдааны ажиллагаанд оролцсон эсэхийг ямар баримт, мэдээлэлд үндэслэн тогтоох, консулын болон хилийн албаныхан ямар шалгуур ашиглахыг нэгдсэн журмаар тодорхойлох шаардлагатай.

ЕХ-ны албаныхан хоригийг ойрын хугацаанд хэрэгжүүлж эхлэх боломжтой гэж үзэж байгаа ч хэрэгжилтийн тодорхой хугацааг зарлаагүй байна.

Оросын дипломатуудын зорчих хөдөлгөөнийг хэрхэн хязгаарлах вэ?

Оросын дипломат ажилтнуудын Шенгений бүс дотор зорчих хөдөлгөөнд тодорхой хязгаарлалт хэдийнэ үйлчилж буй юм байна. ЕХ-ны өмнө баталсан хориг арга хэмжээний хүрээнд Оросын дипломатууд итгэмжлэгдсэн улсаасаа өөр Шенгений орны нутаг дэвсгэрт зорчихдоо холбогдох улс орнуудад урьдчилан мэдэгдэх үүрэгтэй болсон. Энэ нь тагнуулын үйл ажиллагаа болон эрлийз халдлагаас урьдчилан сэргийлэх зорилготой аж.

Одоо зарим улс уг журмыг улам чангатгаж, Оросын дипломат ажилтнууд бусад Шенгений оронд зорчихын өмнө тухайн улсын эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл авдаг болгох санал гаргажээ. Гэвч энэ асуудлаар ЕХ-ны гишүүн орнууд нэгдсэн тохиролцоонд хүрээгүй бөгөөд шинэ журам хэзээ хэрэгжиж эхлэх нь тодорхойгүй байна.

Оросын иргэдэд одоо ямар визийн хязгаарлалт үйлчилж байна вэ?

ЕХ Оросын Украинд хийсэн бүрэн хэмжээний довтолгооны дараа визийн журмаа үе шаттайгаар чангатгаж эхэлжээ. 2022 оны есдүгээр сард Оросын иргэдэд виз олгох үйл явцыг хөнгөвчлөх тухай хэлэлцээрийн үйлчлэлийг бүрэн түдгэлзүүлсэн байна. Үүний улмаас визийн хүсэлтийг ЕХ-ны нийтлэг журмын дагуу шийдвэрлэх болж, хураамж нэмэгдэн, материал бүрдүүлэх болон шийдвэр гаргах үйл явц илүү төвөгтэй болжээ. 

Финланд, Польш болон Балтын тэнгисийн орнууд Оросын иргэдийн жуулчлалын зорчих хөдөлгөөнд үндэсний түвшинд нэмэлт хязгаарлалт тогтоосон аж. Гэхдээ зарим улсын олгосон хүчинтэй Шенгений виз нь бусад гишүүн орны хилээр нэвтрэх боломжийг тодорхой нөхцөлд олгосоор буй юм байна. Үүнийг өөр улс орноос виз авах замаар илүү зөөлөн нөхцөлтэй улсаар дамжин зорчих үзэгдэлтэй холбон тайлбарлажээ.

2025 оны арваннэгдүгээр сараас Оросын иргэдэд олон удаагийн нэвтрэх эрхтэй Шенгений виз олгох нөхцөлийг ЕХ улам чангатгаж, зөвхөн тодорхой ангиллын хүсэлт гаргагчдад ийм виз олгох боломж үлдээсэн байна. Ингэснээр олон удаагийн визийн эзлэх хувь буурч, Оросын иргэд дахин виз мэдүүлэх шаардлагатай болжээ.

ЕХ-ны хэмжээнд бүх Оросын иргэнд виз олгохыг бүрэн хориглохын тулд гишүүн орнууд нэгдсэн шийдвэрт хүрч, ямар тохиолдолд онцгой нөхцөлөөр нэвтрүүлэхийг тодорхойлох шаардлагатай аж. Тухайлбал, хүмүүнлэгийн хамгаалалт шаардлагатай хүмүүс, ЕХ-ны иргэдийн гэр бүлийн гишүүд болон Оросын эрх баригчдыг эсэргүүцэгчдэд ямар журам үйлчлэх нь чухал асуудал хэвээр буй юм байна.

Эх сурвалж: AGENCE EUROPE, DW, EEAS