Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал нийслэлийн удирдлагад өөрчлөлт оруулж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын дарга Х.Нямбаатарыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн талаар албан ёсоор мэдэгдлээ.
Ерөнхий сайдын захирамжаар түүний оронд Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Б.Мөнхбатыг түр орлон гүйцэтгэгчээр томилсон байна.
Ерөнхий сайд Н.Учралын хотын дарга Х.Нямбаатарыг огцруулсан захирамжийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Б.Энхбаяр нарын албаны хүмүүс Яармаг дахь Хангарди ордон буюу Нийслэлийн засаг захиргааны төв байранд өнөөдөр танилцууллаа.
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 64.2.5, 65.1.3 дахь заалтыг үндэслэн нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатарыг огцруулж байгаа юм. Засаг даргыг шинээр томилох хүртэлх хугацаанд түүний бүрэн эрхийг нийслэлийн нэгдүгээр орлогч Б.Мөнхбат хэрэгжүүлж ажиллах юм байна.
Энэ үеэр Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Б.Энхбаяр "Нэгдсэн Монгол Улсын Ерөнхий сайдын захирамж гарсан гэж зүгээр хэлээгүй. Манай улс бол нэгдмэл улс, муж улсуудад хуваагддаггүй. Нэг төртэй, нэг УИХ-тай, нэг Ерөнхий сайдтай улс.
Ерөнхий сайдын захирамж Үндсэн хууль, хууль тогтоомжийн хүрээнд гарсныг та бүхэнд танилцуулж байна. Х.Нямбаатар намайг байхгүйд тамгаа гардуулчихсан гэсэн. Ерөнхий сайдын захирамж гарснаар дараагийн засаг даргыг 14 хоногийн хугацаанд НИТХ-аас Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх хуулийн заалттай. Энэ хууль тогтоомжийн дагуу дараагийн засаг даргыг томилох хугацаанд Б.Мөнхбат үүрэг гүйцэтгэнэ.
Нийслэлийн засаг даргын тамгын газар, харьяа байгууллагууд Үндсэн хууль, төр ёс, ард түмэнд үйлчлэх үндсэн үүргээ хуулийн дагуу хэвийн явуулж байхыг Ерөнхий сайд үүрэг болгосныг та бүхэн уламжилж, чиглэл болгож байна" хэмээн ярив.
Б.Мөнхбат "Хотын ажил тасралтгүй явах ёстой. Миний хувьд энэ багт НХОГ-ын даргаар ажиллаж байсан. Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлуудыг хугацаанд нь графикын дагуу явуулахын төлөө ажиллана" гэжээ.

Энэ шийдвэрийн талаар нийгмийн сүлжээ болон зарим хэвлэл мэдээллээр Х.Нямбаатарыг огцруулах асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх гэж байгаа гэх мэдээлэл тархсан ч албан эх сурвалжууд үүнийг үгүйсгэжээ.
Тодруулбал, өнөөдөр 14:00 цагт хуралдах Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар махны үнийн өсөлттэй холбоотой арга хэмжээ, бодлогын шийдвэрүүдийг хэлэлцэхээр төлөвлөсөн байна.
Нийслэлийн Засаг даргыг томилж, чөлөөлөх асуудал нь Ерөнхий сайдын бүрэн эрхэд хамаардаг бөгөөд уг шийдвэр нь захирамжийн хэлбэрээр баталгаажсанаар хүчин төгөлдөр хэрэгждэг.
Ийнхүү нийслэлийн удирдлагад богино хугацаанд өөрчлөлт орж байгаа нь хотын бодлого, ялангуяа үнийн өсөлт, хүнсний нийлүүлэлт зэрэг тулгамдсан асуудлуудтай холбоотой байж болзошгүй гэж ажиглагчид үзэж байна.
Ерөнхий сайд Н.Учрал махны үнэ өссөнтэй холбогдуулан "Хүчит шонхор" худалдааны төвд өнгөрсөн бямба гараг (2026.05.16)-т ажилласэн. Үүний дараа тэрбээр Хотын дарга Х.Нямбаатарыг үүрэгт ажлаас нь өнөөдрөөс чөлөөлж буйгаа мэдэгдсэн юм.
Ерөнхий сайд Н.Учрал "Улс, оронд хулгай дээрэм хэрээс хэтэрлээ. Төсөл, тендер хулгайлдаг байсан. Одоо бүр ард түмнийхээ амьжиргаа, амин зуулга, аягатай хоол руу ордог болжээ. Дэнжийн мянгаар өнөөдөр би явлаа, үхрийн мах 40,000 төгрөг болжээ. Орон нутагт махны үнийг барьж болоод байдаг, нийслэлд болдоггүй.
Өнгөрсөн жил 8000 орчим тонн мах нөөцөлжээ. Энэ жил 5,000 орчим тонныг нөөцөлсөн. Ингээд есөн бэлтгэн нийлүүлэгч компани, арилжааны банктай гэрээ хийсэн. Ингэхдээ үхрийн махыг 15,000 төгрөгөөр худалдаална, үүнээс илүү үнэ нэмэхгүй гэж гэрээлж, 386 цэгээр борлуулж байгаа.
Гэтэл энэ цэгт нөөцийн мах нэг ч ирээгүй байна, би өнөөдөр явж шалгалаа. Энэ мах хааччихав аа? Жишээ нь иргэн Б буюу нэг иргэн 15 тонн махыг 211 сая төгрөгөөр худалдан авч, нөөцөлсөн. Одоо бүр иргэдийнхээ нөөцийн махыг хулгайлдаг болжээ. Тэр Туулын хурдны замын төсөл юу болсон бэ, үүнийгээ эцэслээч. Ард нь ямар ашиг сонирхол үүсээд байгаа юм бэ.
Ард түмний нуруун дээр үнийн өсөлтийг авчирч, талцал хуваагдлыг бий болгосон, энэ нь тодорхой үндэслэлтэй. Тиймээс би өнөөдөр Хотын дарга Х.Нямбаатарыг ажлаас нь чөлөөлж байна. Мөн тагнуул, цагдаатай хамтарсан тусгай ажлын хэсэг байгуулж нийслэлийн бүх төсөл, тендер, үйл явдлыг шалгуулна" гэсэн билээ.