Японы Ерөнхий сайд Санаэ Такайчи Хөдөө аж ахуй, ой, загас агнуурын сайд Казүо Янаг албан тушаалаас нь огцруулж магадгүйгээ мэдэгджээ. Тэрээр хамгийн сүүлд болсон бүх нийтийн сонгуулийн үеэр өөрийг нь дэмжээгүй орон нутгийн засаг захиргааны байгууллагуудад олгодог улсын төсвийн санхүүжилтийг танана гэж сүрдүүлсэн хэмээн буруутгагдаж, дуулианы төвд ороод байгаа юм.
Ерөнхий сайд парламентын Төлөөлөгчдийн танхимын Төсвийн хорооны сонсголын үеэр хэлэхдээ “Хэрэв түүний хэлсэн үг үнэн бол энэ нь туйлын зохисгүй бөгөөд утгагүй үйлдэл юм. Энэ хүн төрийн захиргааны ажлыг эрхлэн явуулах чадвартай эсэхийг би нухацтай авч үзнэ” гэжээ.
Мөн Такайчи Хөдөө аж ахуйн сайд сонгуулийн хууль зөрчсөн байж болзошгүй нь тогтоогдвол боловсон хүчний асуудлаар шийдвэртэй арга хэмжээ авахаас буцахгүйгээ анхааруулсан байна. Тухайлбал, сайдыг сонгуулийн үеэр өөрийг нь дэмжигчдэдээ үнэ төлбөргүй автобус гаргаж өгсөн гэх үндэслэлээр хууль бусаар сонгуулийн дэмжлэг үзүүлсэн байж болзошгүй гэж сэжиглэж байгаа аж.
Өмнө нь Такайчи Ерөнхий сайдын хувиар өөрийн биеэр сонгон томилсон сайдаа огцруулах хүсэлгүй байгаагаа удаа дараа илэрхийлж байсан юм. Казүо Яна ердөө өнгөрсөн есдүгээр сард Хөдөө аж ахуй, ой, загас агнуурын сайдаар томилогджээ.
Харин сайд өөрөө хэлсэн үгнийхээ төлөө олон удаа уучлалт гуйж, мэдэгдлээ буцаан татсан байна. Тэрбээр өөрийнх нь хэлсэн үг хариуцлагагүй мэдэгдэл байсныг хүлээн зөвшөөрсөн ч орон нутгийн сонгогчдод дарамт үзүүлэх зорилгоор улсын төсвийн санхүүжилтийг бодитоор танах арга хэмжээ аваагүй хэмээн тайлбарлажээ.
Энэ оны хоёрдугаар сард болсон парламентын Төлөөлөгчдийн танхимын сонгуулиар Яна Токиогийн зүүн хойд хэсэгт орших Тотиги муж дахь сонгуулийн тойрогтоо ялагдсан байна. Түүний төлөө Ерөнхий сайд Такайчи өөрийн биеэр сурталчилгаа хийсэн ч энэ нь амжилт авчраагүй аж. Гэсэн хэдий ч Яна намынхаа пропорциональ тогтолцоонд суурилсан нэрсийн жагсаалтаар парламентад сонгогдож чаджээ. Улмаар Засгийн газрын бүрэлдэхүүнийг саяхан шинэчлэн зохион байгуулах үеэр Ерөнхий сайдын санаачилгаар одоогийн албан тушаалд томилогдсон байна.
Улмаар тавдугаар сард эрх баригч Либерал ардчилсан намын идэвхтнүүдтэй уулзах үеэрээ Яна өөрийн сонгуулийн тойрогт багтдаг, түүний нэр дэвшигчийг дэмжээгүй хоёр хот, суурингийн захиргаанд олгодог зам тээврийн салбарын татаасыг ихээхэн хэмжээгээр бууруулж чадсан хэмээн сайрхсан байна. Түүний хэлсэн үгийг Японы нэр хүндтэй долоо хоног тутмын сэтгүүлүүдийн нэг олж мэдэн, аудио бичлэгийг нь олон нийтэд дэлгэснээр уг хэрэг дуулиан болон өргөжжээ.
Эх сурвалж: TASS