Украин Европын Холбооноос зэвсгийн тусламжаа нэмэгдүүлэх, эрчим хүчний дэд бүтцийг хамгаалах, Оросын эсрэг хориг арга хэмжээг чангатгах, царцаасан Оросын хөрөнгийг ашиглахыг хүсэж байна. Гэвч ЕХ-ны Гадаад хэргийн сайд нарын уулзалтаар хоригийн жагсаалтыг өргөжүүлэхээс бусад томоохон асуудлаар тодорхой шийдвэр гарсангүй.
Украины Гадаад хэргийн сайд Андрей Сибига аравдугаар сарын 12-ны даваа гарагт Люксембургт болсон Европын Холбооны Гадаад хэргийн зөвлөлийн хуралдааны өмнө "Пуужинг үгээр зогсоож чадахгүй - түүнийг зогсоох шийдвэр хэрэгтэй" хэмээн мэдэгдэв.
Оросын довтолгоо эрчимжиж, АНУ-ын бодлого тодорхойгүй болж буй энэ үед Киев Европын орнуудыг зөвхөн улс төрийн мэдэгдэл хийх бус, бодитой алхам хэрэгжүүлэхийг уриалж байна. Тухайлбал, нэмэлт зэвсэг нийлүүлэх, эрчим хүчний салбарт үзүүлэх дэмжлэгийг нэмэгдүүлэх, Оросын эсрэг хориг арга хэмжээг чангатгах, царцаасан Оросын хөрөнгийг Украины санхүүжилтэд ашиглах асуудлыг шийдвэрлэх шаардлагатайг онцолжээ.
Хориг арга хэмжээг өргөжүүлсэн ч шинэ багц хүлээгдсээр байна
ЕХ-ны Гадаад хэргийн сайд нарын уулзалтын хамгийн тодорхой үр дүн нь Оросын эсрэг хоригийн жагсаалтыг нэг удаа хамгийн өргөн хүрээгээр нэмэгдүүлсэн шийдвэр байжээ. Нийт 1646 хүн, байгууллагыг жагсаалтад нэмж оруулжээ. Үүнд, Оросын батлан хамгаалах аж үйлдвэрийн салбарын 826 аж ахуйн нэгж, тэдгээрийн 743 удирдах ажилтан, мөн Украины түр эзлэгдсэн нутаг дэвсгэрт ОХУ-ын Төрийн Думын сонгуулийг зохион байгуулахад оролцсон 77 хүн багтсан байна.
Сибигагийн үзэж буйгаар, дайн үргэлжилж байгаа цагт Оросын эсрэг хориг арга хэмжээг хангалттай гэж үзэх боломжгүй аж. Тэрбээр Оросын олигархууд Алишер Усманов, Михаил Фридман нарыг ЕХ-ны хоригийн жагсаалтаас хассан шийдвэрийг шүүмжилж, Киев Оросын өөр арван олигархын эсрэг хориг тогтоох санал гаргахаар төлөвлөж байгааг мэдэгджээ. Мөн хоригийн 22 дахь багцыг батлах ажлыг түргэсгэхийг уриалжээ.
Литва, Латви, Бельгийн Гадаад хэргийн сайд нар ч Усманов, Фридман нарыг жагсаалтаас хассан шийдвэрт шүүмжлэлтэй хандсан байна. ЕХ-ны Гадаад хэрэг, аюулгүй байдлын бодлогын дээд төлөөлөгч Кая Каллас хоригийн жагсаалтыг өргөжүүлсэн нь 22 дахь багцыг орлохгүй бөгөөд шинэ хоригийн талаар хэлэлцээ үргэлжилж байгааг баталжээ.
Гэхдээ шинэ хориг арга хэмжээг тохиролцох нь улам хүндрэлтэй болж байгааг Европын дипломатууд хүлээн зөвшөөрч байна. Ялангуяа эдийн засгийн тодорхой салбаруудад чиглэсэн хязгаарлалт тогтоохын тулд гишүүн орнуудын байр суурийг нэгтгэх шаардлагатай. Харин хувь хүмүүсийн эсрэг хоригийг шүүхэд давж заалдах үед хүчинтэй хэвээр байлгахын тулд хууль зүйн үндэслэлийг нь сайтар боловсруулах хэрэгтэй болжээ.
АНУ-ын бодлогын тодорхойгүй байдал Европын өмнө шинэ сорилт тавьж байна
Вашингтоны сүүлийн үеийн шийдвэрүүдтэй холбоотойгоор Сибига Европыг өөрийн аюулгүй байдал, ирээдүйн төлөө бие даан үйл ажиллагаа явуулахыг уриаллаа. Тэрбээр "Хамааралтай байх эрин үе дууссан. Европ ирээдүйгээ өөрийн гарт авч, нэг дуу хоолойгоор ярьж, энх тайвныг сэргээх ёстой" хэмээн мэдэгдсэн байна.
Үүний өмнөх өдөр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Украин, Орос хоёрын хооронд «эрчим хүчний гал зогсоох тохиролцоо» хийгдсэн гэж мэдэгдэж, Киевийг Оросын газрын тос боловсруулах үйлдвэрүүд рүү довтлохоо зогсоохыг шаарджээ. Мөн Вашингтон Москвагаас Оросын дизель түлш нийлүүлэх асуудлаар тохиролцсон байна.
Австрийн Төрийн нарийн бичгийн дарга Зепп Шелльхорн ийм төрлийн тохиролцоо нь Оросыг бус, Украиныг сулруулах эрсдэлтэй гэж үзжээ. Ирландын Гадаад хэргийн сайд Хелен Макэнти Европын Холбоог Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлж, Оросын эсрэг дарамтаа чангатгахыг уриалсан ч АНУ-ын оролцоогүйгээр бодит үр дүнд хүрэхэд хүндрэлтэйг хүлээн зөвшөөрсөн байна.
Кая Каллас мөн Оростой тохиролцоо хийж, дарамтыг сулруулахад Москва шинэ довтолгоо, хурцадмал байдлыг нэмэгдүүлэх замаар хариу үйлдэл үзүүлж байгааг онцолжээ. Түүний үзэж буйгаар, ийм арга барил үр дүнгүй аж.
Эрчим хүчний гал зогсоох тохиролцоо харилцан байх ёстой
Украин эрчим хүчний байгууламжуудад харилцан халдахгүй байх тохиролцоог дэмжиж байгаа ч нэг талын нөхцөлийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдэв. Сибига "Бид харилцан хэрэгжүүлэх ямар ч хувилбарт бэлэн. Гол нь энэ нь нэг талын тохиролцоо байж болохгүй" хэмээн байр сууриа илэрхийлжээ.
Гэвч "эрчим хүчний гал зогсоох тохиролцоо" зарлагдсанаас хэдхэн цагийн дараа Орос Харьков хотын дулаан, эрчим хүчний хангамжийн байгууламж руу довтолсон байна. Үүний дараа Харьков мужийн хийн дэд бүтэц болон Житомир мужийн цахилгаан дэд станцад цохилт өгчээ.
Европын Комиссын гишүүн Марта Кос уг тохиролцоо яг хэзээнээс хэрэгжиж эхлэх нь тодорхойгүй байгааг хүлээн зөвшөөрсөн байна.
Кая Каллас зөвхөн газрын тос боловсруулах үйлдвэрүүд рүү хийх довтолгоог зогсоох нь хоёр талд адил ашигтай биш болохыг тайлбарлажээ. Орос улс ажиллаж буй олон арван газрын тос боловсруулах үйлдвэртэй бол Украин Оросын довтолгооны улмаас өөрийн газрын тос боловсруулах хүчин чадлын ихэнхийг алдсан байна. Ийм нөхцөлд зөвхөн энэ төрлийн байгууламжид халдахгүй байх тохиролцоо Орост илүү ашигтай байж болох аж.
Уулзалтын дараа ЕХ-ны сайд нар эрчим хүчний дэд бүтцэд хийх довтолгоог зогсоохыг улс төрийн түвшинд дэмжсэн ч уг тохиролцоог хоёр тал хоёулаа мөрдөх ёстой гэсэн байр суурь илэрхийлжээ.
Хар тэнгисийн худалдааны замын аюулгүй байдал чухал асуудал болов
Уулзалтын үеэр Украины тал Хар тэнгист худалдааны хөлөг онгоц руу халдахгүй байх харилцан тохиролцоо хийх санал дэвшүүлжээ. Болгар, Румын улс уг санаачилгыг дэмжиж, далайн тээврийн коридоруудын аюулгүй байдлыг хангах шаардлагатайг онцолсон байна.
Кая Каллас Оросыг Хар тэнгист үр тариа тээвэрлэж явсан хөлөг онгоцуудад цохилт өгсөн гэж буруутгажээ. Румын улс аравдугаар сарын 5-нд өөрийн эдийн засгийн онцгой бүсэд худалдааны хөлөг онгоц руу халдсаны улмаас хоёр хүн амь үрэгдсэн гэж мэдээлжээ. Харин маргааш нь нисгэгчгүй онгоцууд Болгарын эдийн засгийн онцгой бүсэд байсан хоёр хөлөг онгоц руу довтолсон байна.
Энэ асуудал зөвхөн Украины экспорт төдийгүй дэлхийн хүнсний хангамжтай холбоотой аж. Румыны мэдээлснээр, тус улсын дэмжлэгтэй дэд бүтцээр Украины улаан буудайн экспортын 55 хувь дамжин өнгөрдөг бөгөөд Хар тэнгисийн бүс нутаг дэлхийн улаан буудайн худалдааны гуравны нэг орчим хувийг бүрдүүлдэг байна.
Румын, Болгар хоёр ЕХ-ны далайн аюулгүй байдлын төв байгуулах санал боловсруулсан боловч уг төслийг хэрэгжүүлэхэд Европын Комиссын санхүүжилт шаардлагатай хэвээр буй юм байна. Мөн хоёр улс НАТО-гийн хүрээнд Турктэй хамтран Хар тэнгисийн чухал дэд бүтцийг хамгаалах чиглэлээр ажиллаж байгаа ажээ.
Украин өвлийн өмнө агаарын довтолгооноос хамгаалах нэмэлт тусламж хүсэв
Украины хувьд өвлийн улирал эхлэхээс өмнө эрчим хүчний дэд бүтцээ хамгаалах нь нэн тэргүүний асуудал болжээ. Иймээс Сибига түнш орнуудаасаа агаарын довтолгооноос хамгаалах нэмэлт систем, пуужин устгагч пуужин, цэргийн тусламжийн шинэ багцууд болон эрчим хүчний байгууламжийг сэргээн босгох дэмжлэг хүссэн байна
Тэрээр "Орос өвлийн улиралд найдаж байна. Европ Украиныг дэмжих ёстой. Агаарын довтолгооноос хамгаалах систем бүр, пуужин устгагч бүр хүний амь авардаг" хэмээн онцолжээ. Кая Каллас ч мөн хүйтний улирал ойртож буй энэ үед Украины эрчим хүчний дэд бүтцийг хамгаалах нь онцгой чухал болохыг тэмдэглэв.
Герман улс Европын холбоотнууд НАТО-гийн PURL механизмаар дамжуулан худалдан авч буй, Украинд зориулагдсан зэвсгийн нийлүүлэлтийг АНУ үргэлжлүүлнэ гэж найдаж байгаагаа илэрхийлжээ.
Гэвч Люксембургт болсон уулзалтын үеэр агаарын довтолгооноос хамгаалах шинэ систем, пуужин нийлүүлэх эсвэл нэмэлт санхүүжилт олгох талаар тодорхой шийдвэр зарлаагүй байна. Энэ нь Украины талын яаралтай хэрэгцээ болон Европын Холбооны бодит шийдвэрийн хооронд зөрүү байгааг харуулж байна.
Царцаасан Оросын хөрөнгийг ашиглах асуудал шийдэгдсэнгүй
ЕХ-ны сайд нар Украины санхүүжилтийн дутагдлыг нөхөхийн тулд царцаасан Оросын хөрөнгийг ашиглах боломжийг мөн хэлэлцсэн боловч тодорхой шийдвэр гаргаж чадсангүй. Кая Калласын хэлснээр, Украины эсрэг дайны улмаас учирсан хохирлын төлбөрийг Орос өөрөө хариуцах нь зүй ёсны хэрэг аж. Гэвч царцаасан хөрөнгийг ашиглахтай холбоотой хууль эрх зүйн болон санхүүгийн эрсдэлийг Европын Холбооны гишүүн орнууд хэрхэн хуваарилах нь гол маргаантай асуудал хэвээр буй юм байна.
Ялангуяа Бельги улс болгоомжилсон байр суурь баримталж байгаа аж. Учир нь, ЕХ-нд хадгалагдаж буй Оросын хөрөнгийн ихэнх хэсэг Бельгид байрладаг Euroclear байгууллагад төвлөрсөн байдаг. Тус улс хөрөнгийг ашиглах шийдвэрээс үүдэх хариуцлага, санхүүгийн эрсдэлд санаа зовниж буй юм байна.
Шведийн Гадаад хэргийн сайд Мария Мальмер Стенергард Европын Комиссыг ойрын саруудад шинэ санал боловсруулахыг уриалжээ. Харин Эстонийн Гадаад хэргийн сайд Маргус Цахкна Европын Холбоо цаашид Украиныг ямар эх үүсвэрээс санхүүжүүлэхээ шийдэх шаардлагатай хэвээр буйг тэмдэглэсэн байна.
Украиныг ЕХ-нд элсүүлэх хэлэлцээ үргэлжилнэ
Аравдугаар сарын 11-нд Европын Комиссын Ерөнхийлөгч Урсула фон дер Ляйен Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй ярилцсаны дараа ЕХ энэ долоо хоногт Украинд нисгэгчгүй онгоц болон пуужингийн зориулалтаар нэмэлт санхүүжилт олгоно гэж мэдэгджээ.
Мөн аравдугаар сарын 13-нд Украиныг ЕХ-нд элсүүлэх хэлэлцээний дахин хоёр бүлгийг нээхээр төлөвлөсөн байна. Европын Комиссын өргөтгөлийн асуудал эрхэлсэн гишүүн Марта Кос Украиныг дайнтай зэрэгцэн шинэчлэл хийхийг эрмэлзэж байгааг онцолжээ.
Үүний дараа аравдугаар сарын 15–16-нд болох ЕХ-ны дээд хэмжээний уулзалтаар Европын удирдагчид Украины 2027 оны санхүүгийн хэрэгцээ болон олон улсын нэмэлт дэмжлэг татах боломжуудыг хэлэлцэхээр төлөвлөсөн байна.
Кая Каллас Люксембург дахь уулзалтын дараа Украиныг дэмжих нь Европын хувьд чухал гэдгийг дахин онцолж, "Одоо хамгийн чухал зүйл бол Украин тэсэж үлдэх явдал. Бид түүнийг дарамтад бууж өгөхийг зөвшөөрч болохгүй. Учир нь тэгвэл түрэмгийлэл үр дүнд хүрдэг гэсэн үг болно" хэмээн мэдэгджээ.
Эх сурвалж: DW