Цагаан ордны хэвлэлийн шинэ төлөөлөгч Кейти Зэкэрайа анхны хэвлэлийн хурлынхаа үеэр ердөө гурван сэтгүүлчийн асуултад хариулжээ. Түүний сэтгүүлчидтэй хийсэн уулзалт нийт 14 орчим минут үргэлжилсэн байна.
Мэдээлэл бараг найман минут 30 секунд үргэлжилсэн тул АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын шинэ хэвлэлийн төлөөлөгч сэтгүүлчдийн асуултад ердөө таван минут орчим хугацаанд хариулжээ.
Өмнө нь Цагаан ордон болон АНУ-ын Төрийн департаментын тогтмол хэвлэлийн мэдээлэл 45 минут орчим, заримдаа түүнээс ч удаан үргэлжлэх нь түгээмэл байсан аж.
Зэкэрайа хэвлэлийн хурлыг богино хугацаанд дуусгаснаа Трампын ажлын хуваарь болон ерөнхийлөгч сэтгүүлчидтэй уулзаж, ярилцах боломжтой байсантай холбон тайлбарлажээ. Тухайн үед Трамп Цагаан ордны өмнөд хэсгийн зүлгэн дээр байрлах нисдэг тэргэнд сууж, Вашингтоны ойролцоох Эндрюс цэргийн бааз руу явсан байна.
Тэндээсээ Аляска муж руу хийх айлчлалдаа мордох ёстой байсан аж. Гэхдээ ерөнхийлөгчийн явах цаг нь хэвлэлийн төлөөлөгчийн тогтмол мэдээлэл хийх хуваарьтай давхцаагүй байна.
Хэвлэлийн хурлын үеэр Зэкэрайа үг андуурч, “миний нөхөр” гэхийн оронд “миний ерөнхийлөгч” гэж хэлсэн ч тэр даруйдаа залруулжээ.
Тэрбээр “Тэгэхээр миний ерөнхийлөгч... Уучлаарай, миний нөхөр. Сайхан хэлчихлээ шүү... Манай гэр бүлд хоёр төрсөн өдөр тохиох гэж байгаа учраас нөхөр маань энэ долоо хоногт энд байгаа юм. Гэр бүлээрээ төрсөн өдрөө хамтдаа тэмдэглэх нь бидний хувьд маш чухал” гэж хэлжээ.
Түүнчлэн Цагаан ордны шинэ хэвлэлийн төлөөлөгч өмнөх төлөөлөгч Каролин Ливиттэд тусалж, дэмжсэнд нь талархал илэрхийлсэн байна. Зэкэрайа “Тийм ээ, Каролин надад үнэхээр их тусалж, дэмжсэн” гэж онцолжээ.
Эх сурвалж: TASS