АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Украины дайнд эрчим хүчний байгууламжуудад халдахгүй байх түр эвлэрэл зарласан хэдий ч Оросын Зэвсэгт хүчин аравдугаар сарын 13-ны мягмар гарагт Киев хотын эрчим хүчний байгууламжуудад баллистик пуужингаар цохилт өгчээ. Энэ талаар Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский өөрийн Telegram сувагтаа мэдээлсэн байна.

Түүний нийтлэлүүдийн нэгэнд дурдсанаар, халдлагын бай нь Киев хотын эрчим хүчний томоохон байгууламжуудын нэг болох ДЦС-4 байжээ. Пуужингийн цохилтын улмаас орон сууцны барилга гэмтсэн гэж Зеленский дэлгэрэнгүй мэдээлэлгүйгээр нэмж мэдэгдсэн байна.

Оросын пуужингийн довтолгооны улмаас Киевт учирсан хохирол

Киев хотын дарга Виталий Кличко пуужин хотын зүүн хойд хэсэгт орших Деснянскийн дүүргийн есөн давхар орон сууцны барилгад туссан талаар тодруулжээ. Үүний улмаас барилгын доод найман давхрын орон сууцуудад гал гарсан байна.

Мэдээлэл нийтлэгдэх үеийн байдлаар хоёр хүн амиа алдаж, 21 хүн шархадсан гэж хотын дарга мэдээлжээ. Кличко шархадсан хүмүүсийн дунд найман настай хүүхэд байгааг онцолсон байна. Тэрбээр “Шархадсан 16 хүнийг эмч нар эмнэлэгт хүргэсэн. Дөрвөн хүний биеийн байдал хүнд байна” гэж мэдэгджээ.

Үүнээс өмнө Кличко мөн ОХУ Соломенскийн дүүрэгт байрлах оффисын барилгад нисгэгчгүй нисэх төхөөрөмжөөр цохилт өгсөн, Дарницкийн дүүргийн цэнгэлдэх хүрээлэнгийн нутаг дэвсгэрт дроны хэлтэрхий унасан, Деснянскийн дүүрэгт агуулахын барилгад гал гарсан тухай мэдээлсэн байна.

Украины Ерөнхийлөгч Зеленскийн мэдэгдсэнээр, Орос улс баллистик пуужин харвахаар бэлтгэж байгаа талаар түнш орнууд Украинд урьдчилан анхааруулаагүй ажээ.

Украины төрийн тэргүүн Telegram сувагтаа “Эрчим хүчний байгууламжуудыг нь сүйтгэж байхад, тэр ч байтугай баллистик пуужин харвасан тухай анхааруулга ч Украинд ирэхгүй байгаа нь үнэхээр шударга бус явдал юм.

Энэ талаар дэлхий нийт дуугүй өнгөрч болохгүй. Мөн Америкт бодит байдал ямар байгааг, дайн үргэлжилж байгаад хэн буруутайг үнэн зөвөөр харах нь чухал” гэж бичжээ.

Түүнчлэн Зеленский Украины тагнуулын байгууллагын мэдээллээр, Орос улс баллистик пуужингаар дахин цохилт өгөхөөр бэлтгэж байгаа гэж нэмж мэдэгдсэн байна.

Трамп: АНУ Украинтай тагнуулын мэдээлэл хуваалцаж байна

Үүний зэрэгцээ АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп аравдугаар сарын 13-нд Вашингтонд сэтгүүлчидтэй уулзах үеэрээ АНУ Украинд тагнуулын мэдээлэл өгдөггүй гэсэн мэдээллийг няцаажээ.

Цагаан ордны тэргүүн “Бид тэдэнд тусалж, тагнуулын мэдээлэл хуваалцаж байна. Бид энэ дайныг дуусгахыг хүсэж байгаа учраас дайныг зогсоохын тулд Украин болон Оростой хамтран ажиллаж байна” гэж мэдэгдсэн байна.

Үүнээс өмнө буюу аравдугаар сарын 13-ны шөнө сэтгүүлчидтэй ярилцахдаа Трамп ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийгээс илүүтэй энхийн хэлэлцээр байгуулах сонирхолтой байгаа гэж үзэж буйгаа илэрхийлжээ.

Трамп өөрийнх нь зарласан эрчим хүчний байгууламжуудад халдахгүй байх түр эвлэрлийг Путин зөрчсөн тухайд тайлбар хийхдээ “Эхлээд энэ нөхцөл байдлыг судлах хэрэгтэй. Учир нь, хоёр тал хоёулаа зөрчил гаргасан” гэж хэлсэн байна.

Кремлийг эрчим хүчний түр эвлэрлийг дагаж мөрдүүлэхийн тулд хэрхэн арга хэмжээ авахыг тодруулахад Трамп Путин тохиролцоонд хүрэхийг хүсэж байгаа гэж үзэж буйгаа илэрхийлжээ. Түүний бодлоор, харин Зеленскийг ийм тохиролцоонд хүрэхэд ятгах шаардлагатай ажээ.

Оросын арми Киев, Харьков хотуудад пуужингийн цохилт өгчээ

Аравдугаар сарын 13-ны шөнө Орос улс Харьков хотод пуужингийн цохилт өгсөн байна. Хотын дарга Игорь Тереховын мэдээлснээр, уг халдлагын улмаас гурван хүн амиа алджээ.

Украины Онцгой байдлын албаны мэдээлснээр, пуужингийн цохилт Харьков хотын Холодногорский болон Шевченковскийн дүүргүүдийн орон сууцны хороолол, иргэний дэд бүтцийн байгууламжуудад туссан байна.

Мөн аравдугаар сарын 12-ны орой Оросын Зэвсэгт хүчин Киев хотод баллистик пуужин болон нисгэгчгүй нисэх төхөөрөмжөөр халджээ. Киев хотын дарга Виталий Кличкогийн мэдээлснээр, Дарницкийн дүүрэгт дрон 25 давхар орон сууцны барилгын 12-16 дугаар давхрын орчимд оногдсоны улмаас хоёр хүн амиа алдсан байна.

Аравдугаар сарын 12-ны шөнө Орос улс Украины нийслэлд баллистик пуужингаар цохилт өгчээ. Тухайн үед Украины Зэвсэгт хүчний мэдээлснээр, ОХУ-ын нутаг дэвсгэрээс баллистик пуужин харвасан тухай мэдээллийг Украины цэргийнхэн түнш орнуудаасаа аваагүй тул агаарын түгшүүрийг цаг тухайд нь зарлаж чадаагүй байна.

ОХУ-ын Батлан хамгаалах яам "Киев хот дахь “цэрэг-аж үйлдвэрийн цогцолборын үйлдвэрүүд болон ложистикийн төвүүд”-д цохилт өгсөн" гэж мэдээлжээ. Тэдгээрийн дотор нисгэгчгүй нисэх төхөөрөмж үйлдвэрлэдэг цех болон зүтгүүрийн депо багтсан байна.

Эх сурвалж: DW