ОХУ-ын Сибирийн тайгад хоёр анчин хүрэн баавгайг онилон ойртож очжээ. Гурван удаа буун дуу гарахад баавгай өндөр өвсөн дунд унаж, удалгүй үхсэн байна.
Анчин Михаил Кондаков буугаа барин, үхсэн баавгайн үсэн дээр гараа тавин зогсохдоо ойролцоох Подтёсово суурингийн оршин суугчдын хүсэлтийн дагуу ийнхүү баавгай агнаж эхэлснээ ярьжээ. Учир нь, тус сууринд эмэгтэйчүүд баавгайн дайралтад өртөж, хүний амь нас хохирсон хэрэг гарсан аж.
Кондаков Reuters агентлагт “Одоогийн байдлаар манай сууринд баавгайн асуудал маш хүнд байна. Баавгайнууд суурин руу улам олноороо шууд орж ирэх болсон. Энэ жил бид эмгэнэлтэй явдалтай нүүр тулсан. Баавгайн дайралтын улмаас мөөг түүхээр явсан хоёр эмэгтэй амиа алдсан. Баавгай маш олширсон учраас бид агнаж эхлэхээр шийдсэн” хэмээн ярьжээ.
Баавгайн тоо толгой хяналтаас гарах хэмжээнд хүрэв
Энэ асуудал зөвхөн нэг сууринд тохиолдож буй үзэгдэл биш аж. ОХУ-ын Засгийн газар хүрэн баавгайн тоо толгой зарим бүс нутагт хяналтаас гарах хэмжээнд хүрсэнтэй холбоотойгоор яаралтай арга хэмжээ боловсруулах болсноо өнгөрсөн сард мэдэгдсэн байна.
Оросын төрийн хэвлэлүүдийн мэдээлснээр, энэ хавраас хойш баавгайн дайралтаар дор хаяж 22 хүн амиа алджээ.
Засгийн газрын мэдээллээр, сүүлийн 30 жилийн хугацаанд ОХУ дахь хүрэн баавгайн тоо толгой хоёр дахин нэмэгдэж, ойролцоогоор 308 мянгад хүрсэн байна. Үүнд өвөл богиносож, цаг агаар дулаарах болсон нь тодорхой хэмжээгээр нөлөөлсөн гэж үзэж байгаа аж.
Оросын хэвлэлүүдэд эш татсан мэргэжилтнүүдийн тайлбарласнаар, энэ жил хавар эрт эхэлж, хуурайшилт ихтэй байснаас жимс, жимсгэний ургац муудаж, баавгайнууд хоол хүнсээ олохын тулд илүү хол газар явахад хүрчээ.

Үүний зэрэгцээ хүмүүс хүнсний хог хаягдлаа ил задгай орхих нь баавгайг суурин руу татах нэг шалтгаан болж буйг мэргэжилтнүүд анхааруулсан байна. Мөн иргэд аюулгүй байдлын дүрмийг үл тоомсорлож байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлдэг аж.
Сибирийн Красноярскийн хязгаарт бараг 27 мянган баавгай байдаг гэж мэдээлжээ. Тус бүс нутагт өнгөрсөн есдүгээр сард баавгайн дайралтаар долоон хүн амиа алдсантай холбоотойгоор орон нутгийн Байгаль орчны яамны үйл ажиллагааг шалгах эрүүгийн хэрэг нээсэн байна. Мөрдөн шалгах байгууллагууд баавгайн тоо толгойг зохих ёсоор хянаж чадаагүй байж болзошгүй гэж үзжээ.
“Бид ийм олноор нь өмнө нь харж байгаагүй”
Енисей мөрний баруун эрэгт байрладаг, 3500 орчим хүн амтай Подтёсово сууринд баавгайн аюул оршин суугчдын өдөр тутмын амьдралыг өөрчилжээ.
Наймдугаар сарын 31-нд 67 настай Зоя Губанова мөөг түүхээр яваад баавгайн дайралтад өртөн амиа алдсан байна. ОХУ-д мөөг түүх нь хүмүүсийн дунд түгээмэл уламжлал боловч энэ жил зарим бүс нутагт амь насанд аюултай үйл ажиллагаа болж хувирчээ.

Тус суурингийн оршин суугч Юлия Маркова нөхцөл байдал тэвчихийн аргагүй болсон гэж ярьсан байна. Тэр “Бид бараг хоёр сарын турш айдастай амьдарлаа. Орой гадаа салхилахаар ч гарч чадахгүй байна. Хүмүүс хүүхдүүдээ ганцааранг нь гадаа явуулахаас айдаг болсон.
Баавгай бол өхөөрдөм тоглоом, зөөлөн бамбарууш биш. Энэ бол зэрлэг амьтан. Суурин руу орж ирэхдээ ямар санаатай байгааг нь хэн ч мэдэхгүй. Зүгээр сониучирхаж байж ч болно, эсвэл дараагийн хохирогчоо хайж ч байж мэднэ” гэж хэлжээ.
Марковагийн ярьснаар, эхэндээ нутгийн иргэд баавгайнууд хоол хүнсгүй болж, самар, жимс, жимсгэнэ олдохгүй буйгаас үүдэн өрөвдөж байсан аж. Гэвч баавгайнууд суурин руу олноор орж ирж эхэлснээр хүмүүсийн хандлага өөрчлөгджээ.
Маркова “Бид өмнө нь ийм олноороо дайран орж ирэхийг огт харж байгаагүй” хэмээн онцолсон байна.

Хүүхдүүд тоглодог цэцэрлэгт хүрээлэнд хүртэл баавгай орж иржээ
Давхар биетэй Валерия Ефремовагийн хэлснээр, баавгайн идэвхжил нэмэгдсэн нь нутгийн иргэдийн амьдралын хэв маягт хүчтэй нөлөөлжээ. Тэрбээр охиноо тоглоомын талбайд тоглож байхыг харж зогсохдоо гэр бүлүүд гадаа гарахаас хүртэл эмээдэг болсон тухай ярьсан байна.
Ефремова “Баавгайнууд ойгоос гарч ирж эхлэхэд бид гадагш гарах, тэр байтугай цэцэрлэгт хүрээлэн орохоо аль болох хязгаарласан. Хүүхдүүд тоглодог паркт хүртэл баавгай орж ирж байсан учраас үнэхээр аймшигтай байлаа.
Харанхуй болсны дараа гадаа гарах тухай ярих ч хэрэггүй байсан. Одоо баавгай харагдах нь багассан гэх мэдээлэл байгаа ч алхахдаа л эргэн тойрноо байнга ажигладаг болсон” гэж хэлжээ.
Өөр нэг оршин суугч Николай Жилинский цаг агаар хүйтэрч, баавгайнууд ичээндээ орохыг хүмүүс хүлээж байгаа ч тэр хүртэл тайван байж чадахгүй буйгаа ярьсан байна.

Түүний хэлснээр, бүх баавгай ичээндээ орно гэдэгт итгэлгүй байгаа бөгөөд амьтад хэт олширч, хоол хүнсээр дутагдаж байгаа тул аюул үргэлжилж болзошгүй аж.
Жилинский баавгайд дайруулж болзошгүйгээс болгоомжилж завиар загасчлахаас хүртэл эмээх болсон байна. Мөн нутгийн иргэн Владимир Вагин баавгай өөрийнх нь хашаанд орж ирсэн байж болзошгүйг ярьжээ. Тэрбээр бөөрөлзгөнө ургадаг хэсгийн ойролцоо баавгай байсан гэж үзэж буйгаа хэлсэн байна.
Вагин оройн цагаар суурингийн гудамжаар явахад хүн бараг үзэгдэхгүй байгаа талаар тэмдэглэжээ. Тэр “Хүмүүс айгаад гадагш гарахаа больсон” гэж ярьсан байна.



Эх сурвалж: REUTERS