Sotheby’s-ийн Лондон дахь дуудлага худалдаанд XVII зууны үеийн ховор нандин одон орны гуулин багаж 2 сая фунт стерлинг (ойролцоогоор 2.75 сая ам.доллар)-ын үнээр зарагдаж, исламын ертөнцийн ижил төрлийн үзмэрүүдийн дундаас шинэ дээд амжилт тогтоожээ.

Их Моголын эзэнт гүрний үед бүтээгдсэн, эрдэмтдийн “зөөврийн одон орны компьютер” хэмээн тодорхойлдог энэхүү гайхамшигт хэрэгсэл зөвхөн шинжлэх ухааны төдийгүй соёл, түүхийн үнэт өвд тооцогддог.

Урьд өмнө нь олон нийтэд огт дэлгэгдэж байгаагүй энэ үзмэр Савай Ман Сингх II махаражийн цуглуулгад хадгалагдаж байгаад, хожим Гаятри Деви хатанд шилжиж, улмаар хувийн цуглуулгад орсон түүхтэй аж.

Лахорын сургуулийн урлаач хоёр мастерын бүтээл болох уг багаж 8 кг орчим жинтэй, 30 см диаметртэй, энэ төрлийн хамгийн том, хамгийн ховор загваруудын нэгд тооцогддог байна.

Түүний гадаргуу дээр 94 хотын координат, 38 одны чиглэл, нарийн градусын хуваарилалт сийлэгдсэн нь тухайн үеийн шинжлэх ухаан, гар урлалын гайхамшигт түвшнийг илтгэдэг аж.

Энэхүү төхөөрөмжийг цаг хугацаа, зүг чиг тодорхойлох, одон орны тооцоолол хийхээс гадна Меккагийн чиглэлийг олох зэрэг шашны зорилгоор ашигладаг байжээ. Мэргэжилтнүүд уг багажийг “орчлон ертөнцийн хоёр хэмжээст загвар” хэмээн нэрлэж, үйл ажиллагааг нь орчин үеийн ухаалаг гар утастай зүйрлэсэн байна.

Дуудлага худалдааны үеэр цуглуулагчид болон музейнүүдийн сонирхлыг ихээр татсан энэ үзмэр ийнхүү 2014 онд Османы эзэнт гүрний үеийн одон орны багаж 1 сая фунт стерлинг хүрч байсан өмнөх дээд амжилтыг давж, түүхэн шинэ үнэлгээг тогтоожээ.

Эх сурвалж: KAZINFORM