Зөвхөн Роналду л шигшээ багаасаа дуулиан шуугиантай яваагүй

Сүүлийн 20 жилийн дэлхийн хөлбөмбөгийн хоёр том од шигшээ багаа бараг нэгэн зэрэг орхисон. Месси хүндэтгэлтэйгээр, бүрмөсөн үдүүлсэн бол Роналду дуулиан шуугиан тарьж, эргэн ирэх боломжтойгоор явсан билээ.

РИА Новости Спортын сэтгүүлчид өмнө нь үндэсний шигшээ багаа шуугиан дэгдээн орхиж байсан алдартай хөлбөмбөгч;ийн түүхийг эргэн сөхжээ.

1. Николя Анелька — Франц

2010 онд Өмнөд Африкт болсон ДАШТ-ий үеэр Францын шигшээ багийн довтлогч Николя Анелькатай холбоотой гарсан хэрэг явдал эцэстээ багийнхаа тэмцээнийг бүтэлгүйтэлд хүргэж, Францын Хөлбөмбөгийн холбооны удирдлагад хүртэл томоохон өөрчлөлт авчирсан аж.

Бүх зүйл багийн хувцас солих өрөөнд байнга гардаг энгийн нэг маргаанаас эхэлжээ. Францын шигшээ багийн ахлах дасгалжуулагч Раймон Доменек хэсгийн хоёр дахь тоглолтод Мексикийн эсрэг тоглосон эхний хагасын дараа Анелькагийн тоглолтыг шүүмжилсэн байна.

Гэвч довтлогч дасгалжуулагчийнхаа шүүмжлэлийг тэвчилгүй, түүн рүү бүдүүлэг хараалын үг хэлж, зайлахыг шаарджээ. Үүний дараа Анелька дахин талбайд гараагүй юм.

 

Николя Анелька. - РИА Новости, 1920, 09.10.2026

Гэвч түүнийг сэлгэсэн нь Францын багт тус болсонгүй. Францчууд Мексикт хожигдов. Тэмцээний эзэн орон Өмнөд Африкийн эсрэг хэсгээсээ шалгарахын төлөөх шийдвэрлэх тоглолт болохын өмнөхөн Францын Хөлбөмбөгийн холбооны шийдвэрээр Анелькаг эх орон руу нь буцаахаар болжээ.

Энэ шийдвэр багийн дотор жинхэнэ бослого дэгдээсэн аж. Тоглогчид бэлтгэл сургуулилтад оролцохоос татгалзаж, Николя Анелькаг ил тод өмгөөлсөн байна. Бүр багийн ахлагч Патрис Эвра болон Доменекийн дасгалжуулагчдын багийн нэг ажилтны хооронд зөрчилдөөн гарчээ.

Сүүлчийн хэсгийн тоглолтод эмх замбараагүй байдалд орсон Францын шигшээ Өмнөд Африкт хожигдож, тэмцээнээс хасагдсан байна.

Доменек шигшээ багийн дасгалжуулагчийн албан тушаалаа орхижээ. Мөн Анелькаг шигшээ багаас хасах шийдвэрийг өөрийн биеэр зарласан Францын Хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Жан-Пьер Эскалетт огцорчээ.

Харин Анелькад Францын шигшээ багийн төлөөх тоглолтуудад оролцох эрхийг нь 18 тоглолтоор хасах шийтгэл ногдуулсан байна. Үүний хариуд довтлогч инээд нь хүрч үхэх шахаж байна хэмээн ёжлон хэлээд, холбооны удирдлагуудыг алиалагчид гэж нэрлэжээ. Тэр цагаас хойш Анелька Францын шигшээ багт дахин тоглоогүй аж.

2. Карим Бензема — Франц

"Алтан бөмбөг"-ийн эзэн Карим Бензема Францын шигшээ багийг хоёр удаа орхисон түүхтэй. Эхний удаагийнх нь 2015 оноос эхлэлтэй. Тухайн үед Бензема багийн хамтрагч Матье Вальбуэнаг шантаажлахтай холбоотой маргаантай хэрэгт нэр холбогджээ.

Гэмт хэрэг үйлдсэн этгээдүүд Вальбуэнагийн оролцсон хувийн шинжтэй бичлэгийг интернэтэд нийтэлнэ хэмээн сүрдүүлж, түүнээс мөнгө нэхэж байсан байна. Мөрдөн шалгах ажиллагааны хувилбараар Бензема уг хэрэгт зуучлагчийн үүрэг гүйцэтгэсэн байжээ.

Хэрэг нэлээд ноцтойгоор шалгагдсан аж. Бензема өөрийн оролцоог удаан хугацаанд үгүйсгэж байсан ч таван жил хүртэл хорих ял авах эрсдэлтэй болсон нь түүнийг байр сууриа эргэн харахад хүргэв. Эцэст нь тэрээр буруугаа хүлээн зөвшөөрч, мөрдөн шалгах ажиллагаатай хамтран ажиллахаар болсон байна.
Хожим нь Бенземагийн эсрэг яллах үндэслэлүүдийг хэрэгсэхгүй болгосноор тэрээр шүүхийн шийтгэлээс мултарсан ч Францын шигшээ багийн 2018 оны ДАШТ-д түрүүлсэн амжилтад оролцож чадаагүй аж.

Бензема 2021 он хүртэл Францын шигшээ багт эргэн ирээгүй. Энэ хугацаанд тэрбээр Мадридын "Реал" багийн бүрэлдэхүүнд гайхалтай тоглож байжээ. Тиймээс шигшээ багийн ахлах дасгалжуулагч Дидье Дешам 2021 оны Европын аварга шалгаруулах тэмцээнд Бенземаг оролцуулахгүй байх боломжгүй болсон аж.

Францын шигшээ баг тус тэмцээний шөвгийн 16-д Швейцарт хожигдон хасагдсан ч Бензема өөрийн үнэ цэнийг баталж чаджээ. Тэрээр дөрвөн тоглолтод дөрвөн гоол оруулсан байна.

Карим Бензема - РИА Новости, 1920, 09.10.2026

2022 оны ДАШТ: Дуусгаагүй түүхээ гүйцээж чадсангүй

2022 оны ДАШТ Бенземагийн хувьд өмнөх бүх бүтэлгүйтлээ ардаа орхих боломж байх ёстой байв. Гэвч бүх зүйл түүний хүссэнээр болсонгүй. Тэрбээр Францын шигшээ багийн ДАШТ-д оролцох бүрэлдэхүүнд багтсан ч тэмцээн эхлэхийн өмнө бэртэл авчээ.

Бэртэл нь тийм ч хүнд биш байсан тул дасгалжуулагчдын баг түүнийг хасагдах шатны тоглолтуудад эргэн ирнэ гэж найдаж байж. Гэтэл Бензема шигшээ багийн байрлалд үлдсэнгүй. Тэрбээр Реюньон аралд амарч, дараа нь "Реал" багтаа буцаж очжээ. Эмч нарын мэдээлснээр, тэрбээр бэртлээсээ гуравхан хоногийн дотор эдгэрсэн байна.

Францын шигшээ багийнхан түүнийг ДАШТ-ий финал хүртэл хүлээсэн ч Бензема Катарт ирээгүй юм. Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон хүртэл түүнийг урьсан боловч тэрээр финалын тоглолтыг үзэгчийн хувиар ч очиж үзээгүй байна.

Удалгүй хэвлэлүүд Бензема Дешамтай таарамжгүй харилцаатай байсан бөгөөд Антуан Гризманн, Уго Льорис, Поль Погба, Оливье Жиру зэрэг шигшээ багийн гол тоглогчид түүнийг эргэн ирэхийг хүсээгүй тухай мэдээлжээ. Ингэснээр Бенземагийн Францын шигшээ баг дахь замнал дууссан байна.

3. Месут Өзил — Герман

"Реал Мадрид" болон "Арсенал" багт тоглож байсан хагас хамгаалагч Месут Өзилийн шигшээ багийн замнал ч таагүй дуулианаар төгссөн аж. Тэрбээр Орост болох 2018 оны ДАШТ эхлэхийн өмнөхөн томоохон маргааны төвд оржээ.

2018 оны хавар Өзил Лондонд Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдогантай уулзаж, хамтдаа зургаа татуулсан байна.

Месут Озил (слева) и президент Турции Реджеп Эрдоган - РИА Новости, 1920, 09.10.2026

Өнгөц харахад үүнд онцгой зүйл байгаагүй. Ялангуяа хөлбөмбөгчин өөрөө турк гаралтай гэдгийг бодолцвол энэ нь энгийн уулзалт мэт харагдаж байжээ. Гэвч Германд Өзилийг хүчтэй шүүмжилж эхэлсэн аж. Түүнийг орчин үеийн Туркийн төрийн бодлогыг дэмжиж, Эрдоганы сонгуулийн кампанит ажилд оролцсон хэмээн буруутгасан байна.

Гэсэн хэдий ч түүнийг зөвхөн зургаа татуулсан шалтгаанаар шигшээ багаас хасаагүй тул Өзил ДАШТ-д оролцжээ. Хожим нь тэрбээр Германы Хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Райнхард Гринделтэй ноцтой зөрчил үүссэн гэж мэдэгдсэн байна.

Харин Германы шигшээ багийн хувьд Оросын ДАШТ жинхэнэ бүтэлгүйтэл болж. Мексик болон Өмнөд Солонгосын багт хожигдсоноор хэсгээсээ шалгарах боломжгүй болсон бөгөөд Шведийг хожсон цорын ганц тоглолтод Өзил сэлгээний сандал дээр суужээ.

Тэмцээний дараа Өзил дахин хүчтэй шүүмжлэл, дарамтад өртсөн байна. Эцэст нь тэрээр 29 настайдаа Германы шигшээ багаас зодог тайлж буйгаа зарлажээ. Тэрбээр өөрт нь чиглэсэн арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийн олон илрэлтэй тулгарсан гэж мэдэгдсэн байна.

"Арсенал" багтай байгуулсан гэрээ нь дууссаны дараа Өзил Турк руу буцаж, "Фенербахче" болон "Башакшехир" багуудад тогложээ. Германы шигшээ багийн экс дасгалжуулагч Йоахим Лёвын хэлснээр, Өзил одоо өвөг дээдсийнхээ эх нутагт амьдардаг бөгөөд Германд тун ховор ирдэг аж.

4. Штефан Эффенберг — Герман

1990-ээд оны Германы хөлбөмбөгийн томоохон оддын нэг Штефан Эффенбергийг бүр 1994 онд АНУ-д болсон ДАШТ-ий үеэр шигшээ багаас хөөж байжээ. Тухайн үеийн Германы шигшээ багийн ахлах дасгалжуулагч Берти Фогтс Эффенбергийн тоглох чадварыг өндөр үнэлдэг байсан аж.

Тэр ч байтугай өмнөх улиралд «Фиорентина» багтайгаа Италийн Сери В лиг рүү унасан байсан ч түүнийг ДАШТ-д оролцох бүрэлдэхүүнд багтаажээ. Эффенберг 1992 оны Европын аварга шалгаруулах тэмцээнд өөрийгөө харуулсан аж. Тэр тэмцээнд Германы шигшээ баг Данийн багт финалд сенсацтайгаар хожигдсон байна.

Гэхдээ Эффенбергийн зан ааш амаргүй байлаа. «Бавари» багт тоглож байхдаа дасгалжуулагчид болон багийн нөхөдтэйгөө байнга маргалддаг байжээ.

Штефан Эффенберг - РИА Новости, 1920, 09.10.2026

Үзэгчид рүү дунд хуруу гаргасан нь

1994 оны ДАШТ-ий үеэр түүний асуудал хөгжөөн дэмжигчидтэй холбоотойгоор гарч иржээ. Хэсгийн сүүлчийн тоглолтод Герман Өмнөд Солонгостой тоглож, эхний үед гурван гоолын зөрүүтэй тэргүүлж байж. Гэвч завсарлагааны дараа Германы тоглолт алдагдаж, Өмнөд Солонгосын баг онооны зөрүүг нэг гоол хүртэл ойртуулжээ.

Энэ үед сэлгээгээр талбайгаас гарч байсан Эффенберг хөгжөөн дэмжигчдийнхээ бухимдал, шүүмжлэлийг өөр дээрээ хүлээн авсан байна. Тэрбээр уураа барьж чадалгүй, Германы хөгжөөн дэмжигчид рүү дунд хуруугаа гаргажээ.

Германд үүнээс үүдэн томоохон дуулиан дэгдсэн аж. Германы Хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Эгидиус Браун Эффенбергийг шигшээ багаас хасахыг шаардсан бол дасгалжуулагч Фогтс түүнийг дахин хэзээ ч үндэсний шигшээ багт дуудахгүй гэдгээ мэдэгджээ. Тэр амлалт биелсэн аж.

Фогтс ажлаа өгсний дараа Эффенберг Германы шигшээ багт нөхөрсөг тоглолтуудад хэдхэн удаа оролцсоноос өөрөөр дахин тоглоогүй байна.

Лионель Месси — Аргентин

Аргентины хөлбөмбөгийн домог Лионель Месси саяхан Бениний эсрэг хийсэн нөхөрсөг тоглолтын дараа шигшээ багаасаа ёслол төгөлдөр үдүүлсэн. Гэвч тэрбээр өмнө нь шигшээ багаа орхихоор шийдэж байсан удаатай.

Тэрхүү драмт үйл явдал 2016 оны Америкийн цомын финалын дараа өрнөсөн. Тухайн үед Аргентин Чилийн шигшээ багтай аваргын төлөө тогложээ. Үндсэн цагт хоёр баг 0:0-ээр тэнцсэн тул ялагчийг торгуулийн цохилтоор тодруулах болсон.

Месси өөрийн цохилтыг амжилттай гүйцэтгэж чадаагүй. Түүний бөмбөг хаалганы гадуур гарчээ. Дараа нь Лукас Билья мөн торгуулийн цохилтоо алдсанаар Чилийн шигшээ баг аварга болсон байна.

Лионель Месси - РИА Новости, 1920, 07.10.2026

"Би шигшээ багт дахин тоглохгүй"

Тоглолтын дараах хэвлэлийн бага хурлын үеэр Месси сэтгэл хөдлөлдөө автсан байдалтайгаар олон улсын хөлбөмбөгийн замналаа дуусгаж буйгаа зарласан. Гэхдээ түүний шийдвэр зөвхөн алдсан торгуулийн цохилттой холбоотой байгаагүй аж.

Месси гурван жил дараалан томоохон тэмцээний финалд хожигдсон байв. 2015 онд Америкийн цомын финалд дахин Чилитэй тоглож ялагдсан бол түүнээс нэг жилийн өмнө буюу 2014 онд дэлхийн аваргын финалд Германы шигшээ багт хожигдсон. Эдгээр дараалсан бүтэлгүйтэл түүний хувьд маш хүнд цохилт болсон байна.

Мессигийн шигшээ багаас зодог тайлах тухай мэдэгдэл Аргентиныг бүхэлд нь доргиов. Хөгжөөн дэмжигчид "Бид Мессиг буцааж авчирмаар байна" гэсэн уриатай кампанит ажил өрнүүлсэн бол шигшээ багийн нөхөд болон албан тушаалтнууд түүнийг шийдвэрээ өөрчлөхийг ятгаж байжээ.

Аргентины шигшээ багийн шинэ дасгалжуулагч Эдгардо Бауса хүртэл Месситэй биечлэн уулзаж ярилцахаар Барселон руу нисэж очжээ. Аз болоход, энэ бүх явдал Мессиг шийдвэрээ өөрчлөхөд хүргэсэн байна. Тэрбээр Аргентины шигшээ багтаа эргэн ирж, улмаар олон жилийн дараа багийнхаа хамтаар хамгийн том зорилгодоо хүрчээ.

Эх сурвалж: RIA NOVOSTI