Трампын байр суурь өөрчлөгдсөнийг Германы хэвлэлүүд хэрхэн дүгнэв?

Дональд Трамп, Владимир Путин хоёрын хооронд байгуулсан эрчим хүчний хэлэлцээр, мөн АНУ-ын Ерөнхийлөгч Владимир Зеленскийг дахин дахин шүүмжилж буй явдал Германы хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн хурц шүүмжлэл дагуулжээ.

Германы хэвлэлүүдийн нийтлэл, редакцын өгүүллүүдэд энэ асуудлыг хэрхэн дүгнэснийг DW тоймлон хүргэжээ.

1. Die Welt: Европ боломжийн цонхыг ашиглаж чадсангүй

ОХУ-аас дизель түлш нийлүүлэх тухай тохиролцоо нь эдийн засгийнхаа үр өгөөжөөс илүүтэй улс төрийн ач холбогдолтой байж болзошгүй юм.

Die Welt сонины сэтгүүлч Грегор Швунг "Путины Трампын Зеленскийн талаарх байр суурийг өөрчилсөн овжин нүүдэл" хэмээх тайлбар нийтлэлдээ ийнхүү бичжээ. Зохиогчийн тэмдэглэснээр, Украинаас Оросын газрын тос боловсруулах үйлдвэрүүдэд өгч буй цохилт дэлхийн зах зээлд харьцангуй бага нөлөө үзүүлж байгаа аж.

Тэрбээр "Далайн тээврээр нийлүүлдэг дэлхийн дизель түлшний нийлүүлэлтийн ойролцоогоор 12 хувийг Орос улс бүрдүүлж байсан. Харин одоогийн байдлаар Оросын экспорт гуравны нэг орчмоор буурсан нь дэлхийн дизель түлшний нийт нийлүүлэлтийн дөрвөн хувьтай тэнцэж байна" хэмээн бичжээ.

Үүний зэрэгцээ Ирантай хийж буй дайны дэлхийн далайн тээврээр нийлүүлдэг дизель түлшний зах зээлд үзүүлж буй нөлөө нь үүнээс ойролцоогоор 2.2 дахин их байгаа аж. Гэсэн хэдий ч АНУ-ын засаг захиргаа дизель түлшний үнийн өсөлтийг Оросын газрын тос боловсруулах үйлдвэрүүдэд Украины өгсөн цохилттой холбон тайлбарлаж байгааг зохиогч онцолжээ.

Нийтлэлд дурдсанаар, Путин Трампад дэлхийн зах зээлд эхний ээлжид 300 мянган тонн дизель түлш нийлүүлэхээ амласан байна.

Их Британийн BBC-гийн тооцоолсноор, ийм хэмжээний түлш АНУ-ын ердөө 14 цагийн хэрэглээг хангахад хүрэлцэх аж. Тиймээс уг нийлүүлэлт дизель түлшний үнэд бодитой нөлөө үзүүлэх нь бага байх магадлалтай. Гэвч Путин үүнийг ашиглан өөрийгөө Трампын хувьд хэрэгцээтэй түнш хэмээн харуулж чаджээ.

Зохиогчийн үзэж буйгаар, Путин Оросын газрын тос боловсруулах үйлдвэрүүд халдлагад өртөхгүй, улмаар экспорт хэвийн үргэлжилсэн бол АНУ-д дизель түлшний үнэ буурах боломжтой байсан гэсэн итгэлийг Трампад төрүүлж чадсан байна. Ингээд нийтлэлийн зохиогч нэгэн таагүй дүгнэлтэд хүрчээ.

Путин дизель түлшийг стратегийн нөөц, улс төрийн наймааны хэрэгсэл болгон чадварлаг ашигласнаар Трампын Зеленскийн талаарх хандлагыг өөрчилж чадсан байна. Харин Европчууд дахин нэг удаа гэнэт нээгдсэн боломжоо ашиглаж чадсангүй.

Европын орнуудад ч мөн стратегийн дизель түлшний нөөц бий. Гэвч тэдгээр нөөцийг Трамптай хийх хэлэлцээнд ашиглаж, үүнийхээ хариуд Украиныг илүү тууштай дэмжүүлэхийн оронд идэвхгүй байдал гаргасан гэж Die Welt сонины нийтлэлд шүүмжилжээ.

Өөрөөр хэлбэл, Европчууд өөрсдийнхөө гарт байсан боломжийг улс төрийн бодит давуу тал болгон хувиргаж чадсангүй гэсэн үг аж.

2. Der Tagesspiegel: Хэлэлцээр хамгийн түрүүнд Путинд ашигтай

Der Tagesspiegel сонины нийтлэлч ч мөн Оростой байгуулсан дизель түлшний хэлэлцээр зөвхөн Путинд ашигтай гэсэн байр суурь илэрхийлжээ. Москва хэдэн жилийн турш Оросын эрчим хүчний салбарт тавьсан хориг арга хэмжээг цуцлуулахыг зорьж ирснийг тус сонин сануулсан байна.

Бременийн их сургуулийн түүхч Сюзанна Шаттенбергийн хэлснийг тус сонин эш татахдаа "Энэ бол тодорхой үе шатанд гаргасан сэтгэл зүйн болон суртал ухуулгын ялалт юм. Учир нь, Путин барууны эвслийн эв нэгдлийг байнга сулруулахыг эрмэлздэг бөгөөд өөрийгөө Трампын ойрын найз хэмээн харуулахыг хүсдэг" гэжээ.

Гэвч энэхүү хэлэлцээр зөвхөн Путинд ашигтай эсэхээс гадна Трампын өөрийнх нь улс төрийн хандлагын талаар ч олон зүйлийг илчилж байгаа аж. Трамп Путиныг дайны гэмт хэрэгтэн, түрэмгийлэгч гэхээсээ илүүтэй бизнесийн түнш гэж үзэж байгаагаа дахин харууллаа хэмээн нийтлэлд тэмдэглэжээ.

Der Tagesspiegel сонины дүгнэлтэд "Энэхүү хэлэлцээр Трамп улс төрийн тууштай чиг шугам баримтлах, Орост системтэйгээр шахалт үзүүлэх асуудалд хэр бага ач холбогдол өгдгийг харуулж байна.

Түүний хувьд хамгийн түрүүнд өөрийн эрх мэдлээ хадгалж үлдэх, арилжааны хэлцэл байгуулах асуудал тавигддаг. Энэ зорилгынхоо төлөө тэрбээр ёс суртахууны зарчим болон Украинтай эв санааны нэгдэлтэй байх зарчмаа ч золиослоход бэлэн байна" гэжээ.

Өөрөөр хэлбэл, уг хэлэлцээрийг зөвхөн эрчим хүчний худалдаа гэж харах боломжгүй. Энэ нь Трампын хувьд улс төрийн зарчим, холбоотны өмнө хүлээсэн үүргээс илүүтэй өөрийн ашиг сонирхол, арилжааны тохиролцоог чухалчилж байгааг харуулж байна гэсэн санааг тус сонин дэвшүүлжээ.

3. Süddeutsche Zeitung: Трамп хохирогчийг буруутан болгож байна

Süddeutsche Zeitung сонины тоймч Николас Рихтер мөн нөхцөл байдлыг үүнтэй төстэй өнцгөөс дүгнэжээ.
Түүний үзэж буйгаар, Трамп Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийг өөрийнх нь хүссэнээр чөлөөтэй ажиллахад саад болж буй, асуудал дэгдээгч нэгэн мэтээр харж байгаа аж.

Трампын өнцгөөс авч үзвэл, Зеленский Орост бууж өгөхөөс татгалзсанаараа тогтворгүй байдлыг өдөөж, АНУ-ыг Кремлийн тэргүүн Владимир Путинтэй улс төрийн болон, хамгийн гол нь, бизнесийн харилцаагаа ойртуулахад нь саад болжээ.

Мөн Рихтер "Тэрбээр Трампын маш их хүсэж буй Нобелийн энх тайвны шагнал авах боломжийг үгүй хийж байна гэж үздэг" хэмээн бичсэн аж. Рихтерийн дүгнэснээр, АНУ-ын Ерөнхийлөгч хохирогчийг буруутан болгож, харин буруутантай найдвартай эрэгтэй найзтайгаа харьцаж буй мэт харилцах тохиолдол өмнө нь ч гарч байсан байна.

Гэвч Трампын сүүлийн үеийн мэдэгдлүүд, тухайлбал Зеленский Оростой "хэлэлцээр" байгуулах хэд хэдэн боломжийг алдсан тул Украин шинэ Ерөнхийлөгч хайх хэрэгтэй гэсэн санаа нь утгагүй зүйл гэж зохиогч үзжээ.

Нийтлэлд "Энх тайванд хүрэх бүх оролдлогынхоо туршид Украин буулт хийхэд бэлэн гэдгээ удаа дараа харуулсан. Харин Орос улс цаг хугацаа хожихыг хичээж, аливаа буултыг няцаасаар ирсэн. Дэлхийн эрчим хүчний хямралыг Украинаас Оросын эрчим хүчний салбарт хариу цохилт өгсөн явдал бий болгосон юм биш. Харин Ираны эсрэг дайн хийсэн Трамп өөрөө энэ хямралыг үүсгэсэн.

Гэтэл Трамп Путин болон түүний Украины энгийн иргэдийн эсрэг үйлдэж буй гэмт хэргийн шинжтэй халдлагуудыг буруушаахын оронд Зеленскийг нэр хүндгүй болгохыг оролдож байна" хэмээн онцолжээ.

Зохиогч Трампын үйлдлийн цаана хувийн ашиг сонирхол бий гэдэгт итгэлтэй байгаа аж. Трамп эрчим хүчний үнэ өндөр байгаад сэтгэл дундуур байгаа америкчуудын шүүмжлэлтэй тулгарчээ.

АНУ-ын Конгрессын завсрын сонгууль ойртож, Бүгд найрамдахчууд хүнд ялагдал хүлээх эрсдэлтэй байгаа энэ үед Трамп олон нийтийн сэтгэл санааг сайжруулахыг хүсэж буй. Иймээс тэрбээр энэ зорилгынхоо төлөө дарангуйлагчтай хэлэлцээр хийхэд ч бэлэн байна гэж Süddeutsche Zeitung сонин дүгнэжээ.

Эндээс харахад, тус сонин Трампын Оростой ойртох оролдлогыг энх тайвныг тогтоох гэсэн зарчмын бодлого гэхээсээ илүүтэй дотоодын улс төрийн дарамт, сонгуулийн өмнөх нэр хүндийн асуудалтай холбон тайлбарласан байна.

4. taz: Гар буутай "доголон нугас"

Германы taz сонины редакцын тоймч Бернд Пикерт АНУ-ын улс төрийн нөхцөл байдлыг бүр ч хурц үгээр дүрсэлжээ. Түүний үзэж буйгаар, АНУ-ын завсрын сонгууль болоход хэдхэн долоо хоног үлдсэн энэ үед, санал асуулгуудын ерөнхий чиг хандлагаас харахад эрх баригч Бүгд найрамдах нам ялагдал хүлээх эрсдэлтэй байгаа аж.

Ийм нөхцөлд Дональд Трамп өөрийгөө хянах чадвараа бүрмөсөн алдаж буйг сүүлийн өдрүүдийн үйл явдал харуулж байна гэж Пикерт бичжээ. Тэрбээр "Трамп өөрийнхөө явуулж буй бодлогоор өөрийгөө гарах аргагүй урхинд оруулсан. Одоо тэр эдгээр урхинаас гарч чадахгүй байна. Үүний үр дүнд тэрбээр ийш тийш савчиж, ялгалгүй бүх зүг рүү цохилт өгч байна" хэмээн дүгнэжээ.

Зохиогч Трампын Ираны эсрэг явуулж буй дайн дэлхий даяар эрчим хүчний үнийг огцом өсгөснийг сануулсан байна. Энэ өсөлтийг шатахуун түгээх станцуудаар үйлчлүүлж буй америк сонгогчид ч, санал асуулгын үр дүнг судалж буй Бүгд найрамдах намын улс төрийн стратегичид ч мэдэрч байгаа аж.

Гэвч Трамп өөрийн үйлдлийн хариуцлагыг хэзээ ч хүлээдэггүй учраас асуудлын бурууг Украины Оросын газрын тос боловсруулах үйлдвэрүүдэд өгсөн цохилтод тохож байна гэж Пикерт шүүмжилжээ.

Тэрбээр мөн Украины Ерөнхийлөгчийг албан тушаалаас нь огцруулахыг шаардаж, өөрийнх нь Конгрессоос гаргасан хориг арга хэмжээний шийдвэрүүдтэй зөрчилдөх байдлаар Оросын дарангуйлагч Владимир Путинээс дизель түлш худалдан авахыг хүсэж байна хэмээн бичсэн байна.

"Доголон нугас" гэж юу гэсэн үг вэ?

АНУ-ын улс төрд lame duck буюу "доголон нугас" гэсэн нэр томьёог бүрэн эрхийн хугацааныхаа сүүлийн үед орсон, эсвэл улс төрийн нөлөө нь суларч эхэлсэн ерөнхийлөгчийг тодорхойлоход хэрэглэдэг. Ийм ерөнхийлөгчийн шийдвэр гаргах чадвар, улс төрийн нөлөө суларч, хууль тогтоох байгууллагатай харилцах боломж нь хязгаарлагдах хандлагатай байдаг аж.

taz сонины нийтлэлд "Трамп хоёр дахь бүрэн эрхийн хугацааныхаа сүүлийн хагаст шилжиж буй энэ үед ийм нөхцөл байдал улам тодорхой болж байна" гэжээ. Гэвч Трамп энэ байдалтай эвлэрч чадахгүй байгаа бөгөөд түүний дайралтууд улам ширүүн болж байна хэмээн зохиогч үзжээ. Тиймээс тэрбээр нийтлэлийнхээ гарчигт Трампыг "Гар буутай доголон нугас" хэмээн нэрлэсэн байна.

Энэ нь улс төрийн нөлөө нь суларч буй ч гартаа асар их эрх мэдэл, тэр дундаа аюултай шийдвэр гаргах боломжоо хадгалсаар байгаа удирдагчийг ёгтлон дүрсэлсэн хэллэг юм. Пикерт мөн завсрын сонгуулийн дараа Ардчилсан нам Төлөөлөгчдийн танхимд дахин олонх болбол Трампын эсрэг импичментийн гурав дахь ажиллагааг эхлүүлэхээс өөр сонголт үндсэндээ үлдэхгүй гэж үзжээ.

Түүний дүгнэлтээр, ийм тохиолдолд Трамп ядаж л дахин олон нийтийн анхаарлын төвд орох болно гэж taz сонины нийтлэл төгсжээ.

Ерөнхий дүгнэлт: Германы хэвлэлүүд Трампын эргэлтийг хэрхэн харж байна вэ?

Эдгээр дөрвөн хэвлэлийн нийтлэлд зарим ялгаа байгаа ч гол санаа нь хоорондоо төстэй байгаа аж. Нэгдүгээрт, Путин дизель түлшний нийлүүлэлтийг эдийн засгийн хэмжээнээсээ илүү улс төрийн хэрэгсэл болгон ашиглаж чадсан гэж үзжээ.

Оросын нийлүүлэхээр амласан түлшний хэмжээ АНУ-ын хэрэглээтэй харьцуулахад өчүүхэн бага байсан ч энэ тохиролцоо Путинд Трампын өмнө өөрийгөө хэрэгтэй түнш болгон харуулах боломж олгосон гэж Die Welt онцолсон байна.

Хоёрдугаарт, Трампын байр суурь өөрчлөгдсөн нь Украиныг дэмжих барууны эв нэгдэлд сөргөөр нөлөөлж болзошгүй гэж шүүмжилжээ. Der Tagesspiegel сонин үүнийг Орост тавих дарамт суларч, Кремльд ашигтай улс төрийн дохио өгч буй хэрэг гэж үзсэн байна.

Гуравдугаарт, Трамп Украины дайны хариуцлагыг хохирогч талд тохож байна гэж Süddeutsche Zeitung шүүмжилжээ. Тус сонин түүний үйлдлийг эрчим хүчний үнийн өсөлт, дотоодын улс төрийн дарамт болон сонгуулийн ашиг сонирхолтой холбон тайлбарласан байна.

Дөрөвдүгээрт, Трампын улс төрийн нөлөө суларч, түүний хариу үйлдэл улам ширүүсэж болзошгүй гэж taz анхааруулжээ. Тус сонин түүнийг эрх мэдлээ хадгалсаар буй ч улс төрийн хувьд хүнд байдалд орсон удирдагч хэмээн дүрсэлсэн байна.

Эцсийн дүндээ, Германы эдгээр хэвлэл Трамп, Путин хоёрын дизель түлшний тохиролцоог энгийн арилжааны хэлцэл гэж үзэхгүй байгаа аж. Харин үүнийг Оросын дипломат болон суртал ухуулгын ашиг сонирхолд нийцсэн, Украиныг дэмжих барууны бодлогод эргэлзээ үүсгэж болзошгүй улс төрийн үйл явдал гэж тайлбарлажээ.

Эх сурвалж: DW