Дорнод аймгийн Матад, Халхгол сумын нутагт гарсан хээрийн түймрүүдийг унтраах ажиллагаа үргэлжилж байна. Матад суманд гарсан түймрийг бүрэн унтраасан бол Халхгол суманд энэ сарын 8-нд гарсан түймрийг цурамд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байгаа аж.
Матад сумын түймрийг бүрэн унтраав
Дорнод аймгийн Матад сумын Жаргалант багийн “Сүүл сэрвэн” гэдэг газарт аравдугаар сарын 11-нд хээрийн түймэр гарсан байна. Түймрийг аравдугаар сарын 12-ны шөнийн 01:10 цагт цурамд оруулж, өглөөний 06:45 цагт бүрэн унтраажээ.
Халхгол суманд гарсан түймрийг унтраах ажиллагаа үргэлжилж байна
Халхгол сумын нутагт аравдугаар сарын 8-нд гарсан хээрийн түймрийг аравдугаар сарын 12-ны шөнийн 00:55 цагт цурамд оруулсан бөгөөд бүрэн унтраах ажиллагаа үргэлжилж байгаа аж.
Цурамд оруулах гэдэг нь түймрийн тархалтыг хязгаарлан тогтоож, цааш дахин дэгдэх, тархахаас сэргийлэх арга хэмжээ юм. Иймээс цурамд орсон түймрийг бүрэн унтарсан гэж үзэхгүй бөгөөд голомтод хяналт тавьж, үлдэгдэл галыг бүрэн унтраах шаардлагатай ажээ.
Иргэдэд сэрэмжлүүлэх нь
Хуурайшилттай үед ил задгай гал түлэх, асаасан шүдэнз болон тамхины иш хаях, үнс нурмаа бүрэн унтраалгүй орхих нь хээрийн түймэр гарах эрсдэлийг нэмэгдүүлдэг. Иймд иргэдийг галын аюулгүй байдлыг чанд сахиж, утаа болон галын шинж тэмдэг илэрвэл холбогдох байгууллагад нэн даруй мэдээлэхийг анхааруулж байна.