Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский "АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп "Киев, Москва хоёр эрчим хүчний байгууламжид цохилт өгөхгүй байх түр эвлэрэлд хүрсэн" гэж мэдэгдсэн. Түүний дараа Оросын зэвсэгт хүчин Харьков хотын дулааны цахилгаан станц болох Харьковын ДЦС-5-д цохилт өгсөн" хэмээн мэдэгджээ.

Украины удирдагч энэ тухай аравдугаар сарын 11-ний ням гаргийн орой өөрийн Telegram сувгаар дамжуулан мэдээлсэн байна. Зеленский "Саяхан Харьков хотын ДЦС-5 болон Харьковын эрчим хүчний байгууламжуудад цохилт өглөө" гэжээ.

Түүнээс хойш ойролцоогоор нэг цагийн дараа тэрбээр Харьков мужийн эрчим хүчний байгууламжуудад хийсэн халдлага нь "АНУ-ын Ерөнхийлөгч эрчим хүчний байгууламжид гал зогсоох тухай мэдэгдэл хийсний дараа" болсныг тусгайлан тодотгосон байна.

Синегубов: Пуужингийн цохилтын улмаас гурван хүн амиа алдаж, 22 хүн шархаджээ

Харьков мужийн Цэргийн захиргааны дарга Олег Синегубов өөрийн Telegram сувгаараа дамжуулан "Аравдугаар сарын 11-ний орой Харьков хотын захын бүсэд пуужингийн цохилт өгсний улмаас гурван хүн амиа алдаж, 22 хүн шархадсан" гэж мэдээлжээ.

Гэхдээ Синегубов дулааны цахилгаан станцад халдсан талаар дурдаагүй байна. Түүний хэлснээр, халдлагын улмаас олон айлын хоёр орон сууцны барилга, нэг хувийн байшин, хүнсний дэлгүүрийн барилга болон таван автомашин эвдэрч гэмтжээ.

Үүний зэрэгцээ орон нутгийн "Харьков Info" нэртэй Telegram суваг тухайн орой дулааны цахилгаан станцад халдлага болсон талаар мэдээлсэн аж. Тус суваг станцад гал гарч буй бичлэг нийтэлжээ. Уг бичлэгийг орон нутгийн оршин суугчид аравдугаар сарын 11-нд хийсэн гэж мэдээлсэн байна.

Трамп Орос, Украин хоёр эрчим хүчний байгууламжид цохилт өгөхгүй байх түр эвлэрэлд хүрсэн гэж мэдэгдэв

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп аравдугаар сарын 11-нд "Орос, Украин хоёр эрчим хүчний байгууламжид цохилт өгөхгүй байх түр эвлэрэлд харилцан зөвшөөрсөн" гэж мэдэгджээ. Тэрбээр өөрийн Truth Social нийгмийн сүлжээн дэх хуудастаа "Энэ мөчөөс эхлэн Орос, Украины дайны хүрээнд эрчим хүчний байгууламжид цохилт өгөхгүй байх түр эвлэрэл хэрэгжинэ. Хоёр тал хоёулаа үүнийг зөвшөөрсөн. Үүнийг бүү зөрч!" хэмээн бичсэн байна.

Эрчим хүчний байгууламжид харилцан цохилт өгөхийг зогсоохыг өмнө нь удаа дараа шаардаж байсан Зеленский эхлээд Axios мэдээллийн порталын сэтгүүлчид хэсэгчилсэн түр эвлэрлийн талаар юу ч мэдээгүй байгаагаа хэлжээ. Гэхдээ Оросын тал мөн зөвшөөрсөн тохиолдолд Украин уг тохиролцоог дэмжинэ гэж мэдэгдсэн байна.

Зеленский дараа нь "Украины эрх баригчид Америкийн талаас нарийвчилсан мэдээлэл хүлээж байна" гэж мэдэгджээ. Хэдэн цагийн дараа тэрбээр дахин мэдэгдэл хийхдээ "Украины Зэвсэгт хүчинд шаардлагатай бүх тушаалыг өгсөн. Бидэнд тусалж чадах түншүүдийнхээ бүх алхмыг дэмжиж байна.

Америк, Оросын хоорондын яриа хэлэлцээний тодорхой нөхцөл болон Путин Ерөнхийлөгч Трампын хэлсэн зүйлийг биелүүлэхийг хүлээж байна" гэжээ.

Эх сурвалж: DW