АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп бямба гарагт Украиныг удирдагч Владимир Зеленскийгээ солихыг уриалж, Украины Оросын газрын тосны дэд бүтцэд хийж буй цохилтуудыг эрс шүүмжилжээ. Энэ нь Трамп Оростой дизель түлш нийлүүлэх хэлэлцээр байгуулснаа зарласны маргааш болсон бөгөөд уг хэлэлцээрийг Зеленский эрс шүүмжилсэн байна.

Трамп Цагаан ордонд сэтгүүлчдэд “Тэд хэлэлцээр хийж чаддаг шинэ удирдагчтай болох хэрэгтэй гэж би санал болгож байна. Учир нь, тэр олон хэлэлцээр хийж болох байсан ч ямар нэг шалтгаанаар хэзээ ч хийдэггүй” хэмээн ярьжээ. Тэр “Украинд шинэ ерөнхийлөгч хэрэгтэй болсон гэж би бодож байна” гэж нэмж хэлсэн байна. 

Зеленский Цагаан ордны байр суурийг урьд өмнөхөөсөө илүү хурцаар шүүмжилж, Трамп ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй байгуулсан Оросын дизель түлшний экспортод тавьсан хоригийг сулруулах хэлэлцээрийг буруушаажээ. Энэ үед эрчим хүчний үнэ огцом өссөн нь ирэх сард болох АНУ-ын Конгрессын завсрын сонгуулийн өмнө Трампын Бүгд найрамдах намд улс төрийн дарамт болж буй аж.

ОХУ-ын Засгийн газар бямба гарагт дизель түлшний экспортод тавьсан хоригийг нэн даруй, хэсэгчлэн цуцалснаа мэдэгджээ.

Зеленский “Өнөөдөр Орос дизель түлшний экспортын хоригийг сулруулсанд талархлаа илэрхийлэхдээ Запорожье хотын орон сууцны барилгууд руу таван ширхэг планер бөмбөг хаялаа” гэж мэдэгдсэн байна.

Түүний хэлснээр, бямба гарагт Оросын цохилтод өртсөн Украины Запорожье хотод 20 хүн амиа алдсаны дотор гурван хүүхэд байжээ. Украины өмнөд хэсэгт орших Запорожье хот Оросын бөмбөгдөлтөд тогтмол өртөж буй бөгөөд сүүлийн хэдэн сарын хугацаанд халдлагын эрчим нэмэгдсэн байна.

Трамп: Оросын эрчим хүчний дэд бүтцэд өгч буй цохилтууд "ямар ч байсан зогсох ёстой"

Трамп Оросын дизель түлшний экспортод тавьсан хоригийг сулруулах шийдвэр гаргасан нь АНУ Ирантай зөрчилдөж эхэлснээс хойш өндөр хэвээр байгаа шатахууны үнэтэй холбоотой ажээ. Уг хоригийг ойролцоогоор нэг жилийн өмнө Оросыг дайнаа санхүүжүүлэх орлогоос нь салгах зорилгоор тогтоож байв.

Үүний зэрэгцээ Киев Москваг дайныг зогсоох бодитой хэлэлцээнд оруулахын тулд Орост үзүүлэх дарамтыг нэмэгдүүлэхийг Вашингтоноос хүсэж байжээ. Орос, Украины хоорондох дайн дөрвөн жил хагас орчим үргэлжилж байгаа тухай мэдээнд дурдсан байна.

Трамп Украины Оросын газрын тос боловсруулах үйлдвэрүүдэд хийж буй цохилтуудыг шүүмжилж, эдгээр халдлага дэлхийн зах зээл дээрх эрчим хүчний үнийг өсгөж байна гэж үзжээ.

Харин Киев Москва Украины эрчим хүчний сүлжээ рүү тасралтгүй довтолж байгаатай холбогдуулан хоёр талын эрчим хүчний байгууламжуудад өгөх бүх цохилтыг бүрэн зогсоохыг хүсэж байгаа аж.

Трамп улс төрийн цуглаанд оролцохоор явахдаа Зеленскийн талаар “Би түүнд ‘Хүссэнээ хий. Гагцхүү газрын тос боловсруулах үйлдвэрүүд рүү бүү цохилт өг. Өөр олон бай бий. Тэр үйлдвэрүүд рүү бүү довтол’ гэж хэлсэн. Гэтэл тэр яваад довтолчихсон” хэмээн ярьжээ. Мөн тэрбээр “Тэр үүнийг ямар ч байсан зогсоох ёстой” гэж нэмж хэлсэн байна.

Бямба гарагт Запорожье хотод болсон халдлагын улмаас амиа алдсан хүмүүсийн дунд зургаан настай охин байжээ. Нэг цохилтын улмаас орон сууцны барилгын нэг хэсэг бүхэлдээ нурсан байна. Энэ нь тухайн долоо хоногт Украинд олон хүний аминд хүрсэн гурав дахь халдлага байв.

Лхагва, пүрэв гарагт Оросын цохилтын улмаас Украины энгийн иргэдээс 80 орчим хүн амиа алджээ. Тэдний дотор Украины зүүн хэсгийн гарнизоны Краматорск хотод бөмбөгдөлтийн улмаас амиа алдсан дор хаяж 30 хүн, мөн Киев хотоос зүүн тийш ойролцоогоор 130 километрийн зайд орших Прилуки хотод пуужингийн цохилтод өртөж амиа алдсан 22 хүн багтжээ.

Хамгийн сүүлд болсон эдгээр халдлагуудын өмнө баасан гарагт Майами хотод Украины болон Европын албаныхан АНУ-ын хэлэлцээчидтэй уулзсан байна. Уулзалтын зорилго нь дайныг дуусгах нийтлэг санал боловсруулах байсан гэж хэлэлцүүлгийн талаар мэдээлэлтэй нэгэн эх сурвалж мэдээлжээ.

Хэлэлцээ үргэлжилж байх үеэр Трамп дизель түлшний хэлэлцээр байгуулснаа зарласан нь Киевийн хувьд гэнэтийн зүйл болсон гэж Зеленский мэдэгдсэн байна. Украины төлөөлөгчид бямба гарагт эх орондоо буцах замдаа гарсан гэж Ерөнхийлөгчийн туслах Дмитро Лытвин Интерфакс-Украины мэдээллийн агентлагт ярьсан байна.

Баасан гарагт Путин Трамптай утсаар ярьсныхаа дараа Украины нисгэгчгүй онгоцны Москва руу хийсэн довтолгоонуудыг шалтгаан болгон, энхийн хэлэлцээг нэн даруй сэргээх магадлал бага гэж мэдэгджээ.

ОХУ-ын төрийн мэдлийн ТАСС агентлаг бямба гарагт нэгэн эх сурвалжаас эш татан мэдээлснээр, АНУ-ын хэлэлцээчид Стив Уиткофф болон Жаред Кушнер нар ирэх хоёр долоо хоногийн дотор Москвад айлчилж магадгүй аж.

Эх сурвалж: REUTERS