Монгол Улсад аравдугаар сарын эхний долоо хоногт хүний амь нас, хүүхдийн эрх ашгийг хөндсөн асуудлуудаас эхлээд улсын төсөв, уул уурхайн орлого, олон улсын эрчим хүч, геополитикийн нөхцөл байдалтай холбоотой үйл явдлууд өрнөж, олны анхаарлын төвд байлаа.
Баавгайн дайралтаар хүний амь нас эрсэдсэн хэрэг, Эпштейний асуудлаарх сонсгол, нэгдүгээр ангийн сурах бичгийн чанарын маргаан дотоодод өрнөсөн бол Оюу толгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах тухай асуудал эдийн засгийн хэлэлцүүлгийн төвд байв. Бид өнгөрч буй долоо хоногийн онцлох үйл явдлуудаас тоймлон хүргэж байна.
Баавгайн дайралт: Ниргэсэн хойно нь...
Аравдугаар сарын 7-ноос 8-нд шилжих шөнө Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 35 дугаар хорооны нутаг, Бурхантын ам орчимд баавгай айлын гэр рүү дайрч, 40 орчим насны эрэгтэй амиа алдан, эмэгтэй хүн нүүрэндээ хүнд гэмтэл авав. Гэмтсэн эмэгтэй хөршүүдээс тусламж хүссэний дараа эмнэлгийн тусламж авсан байна.
Энэ хэрэг зэрлэг амьтдын амьдрах орчин, хүн амын суурьшил ойртож буй нөхцөлд иргэдийн аюулгүй байдлыг хэрхэн хангах вэ гэсэн асуудлыг хурцаар тавив. Улмаар энэ нь Монголын аль ч салбар гадна дотны, зэрлэг амьтдын ямар ч халдлагад бэлэн биш болохыг дахин нотолж, нэг иргэнийхээ амийг өргөчихлөө.
Үйл явдал болж өнгөрсний дараа Засгийн газраас эрсдэлтэй бүсэд холбогдох байгууллагуудын хамтарсан баг ажиллуулах, баавгайг илрүүлэх, барих буюу шаардлагатай тохиолдолд нүүлгэн шилжүүлэх арга хэмжээ авах чиглэл өгчээ. Мөн тайвшруулах буу, эм бэлдмэл, хамгаалах хэрэгсэл авахад нэг тэрбум төгрөгийн санхүүжилт шийдвэрлэсэн байна.
Иргэдийн хувьд ой, уулын бүсэд зорчихдоо анхаарал болгоомжтой байх шаардлагатай ч зэрлэг амьтантай холбоотой эрсдэлийг зөвхөн иргэдийн сэрэмжээр хязгаарлах боломжгүй. Амьтдын хөдөлгөөн, суурьшлын бүсэд ойртож буй шалтгааныг судлах, мэдээллийг шуурхай хүргэх, эрсдэлтэй бүсэд урьдчилан сэргийлэх зохион байгуулалт хийх нь чухал хэвээр байна.
Эпштейний асуудлаарх сонсгол: Хүүхдүүдийн хувь заяаны төлөө хэн хариуцлага хүлээх вэ?
Жеффри Эпштейний хэрэгтэй холбоотойгоор Монгол Улсын нэр дурдагдсан асуудлыг хэлэлцсэн УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны ерөнхий хяналтын сонсгол долоо хоногийн анхаарал татсан үйл явдлын нэг байв. Сонсголын үеэр хүүхдүүдийг асрамжийн байгууллагаас шилжүүлсэн үйл явц, тухайн үеийн шийдвэр гаргалт, төрийн байгууллагуудын хяналт, хариуцлагын талаар хурц шүүмжлэл өрнөсөн.
УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан хүүхдүүдийг шилжүүлэхтэй холбоотой шийдвэр, зөвшөөрлийн асуудлыг хөндөж, тухайн үеийн албан тушаалтнууд ямар үндэслэлээр шийдвэр гаргасныг тодруулах шаардлага тавив. Мөн гишүүд хүүхэд үрчлэх болон асрамжийн байгууллага хооронд шилжүүлэх үйл явцын эрх зүйн ялгаа, хүүхдийн эрхийг хамгаалах үүрэгтэй байгууллагуудын хариуцлагыг хөндсөн юм.
Хүүхдүүдийн төлөөлөл Гантулга асрамжийн газраас шилжүүлсэн хүүхдүүдийн тоо, тэдний одоогийн байршил, хувь заяаны талаар асууж, өмнөх албан тушаалтнуудын өгсөн мэдээлэл хоорондоо зөрүүтэй байсан талаар мэдэгдэж, энэ талаар тодорхой, нэгдсэн мэдээлэл өгөхийг шаардав.
Нэгдүгээр ангийн сурах бичгийн чанар шүүмжлэл дагуулав
Нэгдүгээр ангийн сурах бичгийн агуулга, зураг дүрслэлтэй холбоотой маргаан энэ долоо хоногт боловсролын салбарын анхаарал татсан асуудал боллоо. “Монсудар” компаниас сурах бичгийн зарим агуулга, зураг дүрслэлийн чанарт шүүмжлэлтэй хандаж, гурван хөлтэй хүүхдийн дүрстэй зураг орсон гэх асуудлыг хөндөв.
Боловсролын ерөнхий газрын дарга Х.Тамир сурах бичгийг аравдугаар сарын 1-нээс хэвлэн түгээсэн бөгөөд олон нийтийн дунд шүүмжлэл дагуулсан гурван хөлтэй хүний зураг албан ёсны цахим хувилбарт байгаагүй гэж тайлбарласан юм.
Энэ маргаан бага ангийн сурах бичгийн агуулга, дүрслэлийг хэвлэхээс өмнө хэрхэн хянадаг, алдаа гарсан тохиолдолд хэн хариуцлага хүлээдэг, засвар өөрчлөлтийг хэрхэн хийдэг талаар асуудал дагуулав.
Сурах бичиг нь хүүхдийн анхны суралцах дадал, мэдлэгийн суурийг бүрдүүлдэг учраас агуулгын үнэн зөв байдал, насанд тохирсон дүрслэл, хэл найруулга, хэвлэлийн чанар нь онцгой ач холбогдолтой. Иймд маргааныг зөвхөн зурагтай холбоотой асуудлаар хязгаарлахгүйгээр сурах бичиг боловсруулах, хянан магадлах тогтолцоог бүхэлд нь үнэлэх шаардлага бий юм.
Оюу толгойн ногдол ашгийг эрчим хүч, дэд бүтцэд зарцуулах төлөвлөгөө
Ерөнхий сайд Н.Учрал 2027 оны улсын төсөвт тусгахаар төлөвлөж буй Оюу толгойн ногдол ашгийн орлогын тодорхой хэсгийг эрчим хүч болон нийгмийн суурь дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэхэд зарцуулах талаар мэдэгдсэн нь эдийн засгийн гол сэдвүүдийн нэг байв.
Засгийн газрын төлөвлөгөөнд Оюу толгойгоос хүртэх ногдол ашгийн орлогоос хоёр их наяд төгрөгийг нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудал, дэд бүтцийн хөрөнгө оруулалтад чиглүүлэхээр тусгасан байна.
Мөн иргэдийн хуримтлал, эрүүл мэнд, боловсрол, орон сууцны зээлтэй холбоотой зорилтуудыг санхүүжүүлэх асуудал яригдаж байгаа юм. Ногдол ашгийн бодит хэмжээ, хуваарилалтын эцсийн нөхцөл нь төслийн санхүүгийн үзүүлэлт болон холбогдох тохиролцооноос хамаарах тул төлөвлөсөн орлогыг бүрэн баталгаажсан мөнгөн дүн гэж ойлгож болохгүй билээ.
Монгол Улс уул уурхайн орлогоо зөвхөн төсвийн өдөр тутмын зардалд зарцуулах бус, эрчим хүчний хангамж, дулааны эх үүсвэр, зам тээвэр болон бусад бүтээн байгуулалтад чиглүүлэх нь урт хугацааны ач холбогдолтой. Гэхдээ томоохон орлого орж ирэх хүлээлттэй зэрэгцэн зарцуулалтын ил тод байдал, хөрөнгө оруулалтын өгөөж, төсвийн сахилга батыг хэрхэн хангах вэ гэдэг асуудал мөн чухал хэвээр байна.
Эдийн засгийн бусад үзүүлэлтээс дурдвал, Монгол Улсын экспортын орлого 2026 оны эхний есөн сард 16.6 тэрбум ам.долларт хүрч, өмнөх оны мөн үеэс 54 хувиар өссөн бол гадаад валютын улсын нөөц есдүгээр сарын эцэст 8.9 тэрбум ам.долларт хүрсэн талаар Засгийн газар мэдээлжээ. Мөн нефтийн бүтээгдэхүүний импортын зарим чиглэлд гаалийн татварыг тэглэх шийдвэрийг аравдугаар сарын 21-нээс хэрэгжүүлэхээр болсон байна.
Гадаад ертөнцөд
Олон улсын хэмжээнд эрчим хүчний үнэ, худалдааны харилцаа болон геополитикийн нөхцөл байдал гол сэдэв хэвээр байлаа. Аравдугаар сарын 9-нд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны эсрэг цэргийн цохилт өгөхгүй гэсэн мэдэгдэл хийсэн.
Үүний дараа дэлхийн газрын тосны үнэ бага зэрэг буурч, нийлүүлэлтийн тасалдлын талаарх болгоомжлол түр намжсан талаар The Guardian мэдээлжээ. Үүний зэрэгцээ Хятад улс баярын өдрүүдтэй холбоотой түр завсарласны дараа шатахууны экспортоо сэргээсэн байна.
Европын холбоо, Хятадын хооронд цахилгаан хосолмол хөдөлгүүртэй автомашины худалдаа болон газрын ховор элементийн нийлүүлэлттэй холбоотой тохиролцоо хийгдсэн нь худалдааны маргааныг зохицуулах оролдлогын нэг болов.
Энэ нь автомашины салбарын өрсөлдөөнөөс гадна өндөр технологийн үйлдвэрлэлд шаардлагатай түүхий эдийн нийлүүлэлт олон улсын эдийн засагт ямар чухал болсныг харуулж байна.
Э.ЦЭЦЭН