Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский аравдугаар сарын 9-ний баасан гарагт АНУ болон Оросын хооронд Оросын дизель түлшийг дэлхийн зах зээлд нийлүүлэх талаар байгуулсан тохиролцоог шүүмжилж, Цагаан ордны энэхүү шийдвэрийг "дайны хөрөнгө оруулалт" хэмээн нэрлэжээ.
Тэр "Путинд барьж буй бэлэг энх тайванд хүргэхгүй. Орос улс дизель түлшний хариуд дахин террор үйлдэж, жигшүүрт үйлдлүүдээр “талархлаа илэрхийлнэ”. Дайныг үргэлжлүүлэх бус, эцэслэн дуусгах ёстой байтал Орост газрын тосны бүтээгдэхүүнээ борлуулах зөвшөөрөл олгож байгаа нь дайнд оруулж буй хөрөнгө оруулалт юм" гэж мэдэгдсэн байна.
Тэрбээр Украин улс хурцадмал байдлыг намжаахын тулд харилцан адилтгах арга хэмжээ авахад бэлэн байгааг нэмж хэлээд, гал зогсоох тохиролцоонд хүрэхийн тулд Орост үзүүлэх шахалтаа нэмэгдүүлэхийг Вашингтонд уриалжээ.
Украины Ерөнхийлөгч "Орос улс манай эрчим хүчний дэд бүтцийг сүйтгэхгүй бол Украин Оросын газрын тос боловсруулах үйлдвэрүүдийг бөмбөгдөхгүй. Бид Америкт яг ийм тохиролцоо санал болгож байна. Ийм харилцан буултад хүргэх хангалттай нөлөө, хүч АНУ-д бий гэж бид үзэж байна" хэмээн мэдэгджээ.
Зеленский: Хориг арга хэмжээг сулруулах нь Орост «илүү олон хүнийг хөнөөх» боломж олгоно
Владимир Зеленский хурцадмал байдлыг намжаах талаар тодорхой тохиролцоонд хүрээгүй байхад Оросын эсрэг авсан хориг арга хэмжээг аливаа хэлбэрээр сулруулах нь илт сул дорой байдлын илэрхийлэл болно гэж онцолсон байна.
Түүний хэлснээр, ийм алхам нь Оросын талд ашигтай бөгөөд тус улсад илүү олон хүний амь насыг хохироож, дайныг удаан хугацаанд үргэлжлүүлэх боломж олгох юм.
Трамп, Путин нар Оросын дизель түлшийг дэлхийн зах зээлд нийлүүлэхээр тохиролцжээ
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп аравдугаар сарын 9-ний баасан гарагт ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин-тэй хийсэн хэлэлцээгээ "маш амжилттай" болсон хэмээн мэдэгджээ. Уг хэлэлцээний үеэр Оросын дизель түлшийг АНУ болон дэлхийн зах зээлд нийлүүлэх талаар тохиролцоонд хүрсэн байна.
Мөн тэр өдөр АНУ-ын Сангийн яам Олон улсын хөрөнгийн хяналтын газар (OFAC) Трампын өгсөн чиглэлийн дагуу Оросын дизель түлшийг дэлхийн зах зээлд нийлүүлэхийг зөвшөөрсөн түр хугацааны ерөнхий лицензийг нэн даруй олгож байгааг зарлажээ.
ОХУ-ын Шадар сайд Александр Новак ТАСС агентлагт өгсөн ярилцлагадаа Орос улс дизель түлшний экспортод тавьсан хязгаарлалтаа өмнө төлөвлөсөн хугацаанаас наашлуулан, нэн даруй цуцалж эхэлнэ гэж мэдэгдсэн байна.
Тэрбээр мөн Оросын дизель түлшний экспорт цаашид сард гурван сая тоннд хүрч болзошгүй гэсэн Трампын мэдэгдлийг баталжээ.
Эх сурвалж: DW