Оросын цэргүүд Украины эсрэг өргөн цар хүрээтэй дайнаа үргэлжлүүлж, Запорожье хотын таван давхар орон сууцны барилгад удирдлагатай нисэх бөмбөгөөр цохилт өгчээ. Уг халдлагын улмаас амиа алдсан хүний тоо наймд хүрсний дунд гурван хүүхэд байгаа аж.
Энэ талаар Украины Запорожье мужийн Батлан хамгаалах зөвлөлийн хамтарсан дарга Иван Фёдоров аравдугаар сарын 10-ны бямба гарагт Telegram сувгаараа дамжуулан мэдээлсэн байна.
Түүний мэдээлснээр, халдлагын улмаас 16 хүн шархадсаны дотор гурван хүүхэд байгаа аж. Фёдоров "Шархадсан хүмүүсээс хоёрынх нь биеийн байдал хүнд байгаа бол бусад хүмүүсийн дийлэнхийнх нь биеийн байдал дунд зэргийн хүнд байна. Мөн одоогоор 12 хүний хувь заяа тодорхойгүй хэвээр байна" гэж нэмж мэдээлжээ.
Запорожье мужийн Цэргийн захиргааны даргын үүрэг гүйцэтгэгч Михаил Семикиний мэдээлснээр, цохилтод өртсөн газруудад эрэн хайх, аврах ажиллагаа үргэлжилж буй бөгөөд нуранги дор дарагдсан хүмүүсийг хайж байгаа аж.
Украины Онцгой байдлын улсын албаны мэдээлснээр, Оросын нисэхийн бөмбөг унасны улмаас гурван давхар орон сууцны нэг орц бүхэлдээ нурж сүйджээ. Түүнчлэн бусад барилга байгууламж болон хувийн сууцнууд эвдэрч гэмтсэн байна.
Тус албаны Telegram сувгаар “Аврагчид галыг унтраасан бөгөөд одоо нурангийг цэвэрлэж, дарагдсан хүмүүсийг эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж байна” гэж мэдээлжээ.
Оросын халдлагын улмаас Запорожье хотын Шевченковский болон Вознесеновский дүүрэгт байрлах 26-аас доошгүй орон сууцны барилга эвдэрсэн байна. Тэдгээрийн 23 нь олон давхар орон сууцны барилга ажээ.
Үүнээс гадна орон сууцны зориулалтгүй бусад барилга байгууламжид ч эвдрэл гэмтэл учирсан байна. Оросын Зэвсэгт хүчин үүнээс нэг өдрийн өмнө мөн Запорожье хотод чиглүүлэлттэй нисэхийн бөмбөгөөр халдлага үйлджээ.
Эх сурвалж: DW