ОХУ-ын үл хөдлөх хөрөнгийн салбарт хөрөнгө оруулдаг нэгэн 100 гаруй ипотекийн зээл авч байжээ. Энэ тухай “Этажи” холбооны компанийн ипотекийн хэлтсийн орлогч дарга Татьяна Решетникова ТАСС агентлагт мэдээлсэн байна.

Решетникова “Өндөр хэмжээний урьдчилгаа төлбөр төлөх боломжтой нэгэн иргэн ирээдүйн түрээсийн орлогоороо зээлээ төлөх нөхцөлтэй банкнаас байр худалдан авах зорилгоор 100 гаруй ипотекийн зээл авсан. Тиймээс орлогоо нотлох шаардлагагүй байсан. Харин хөнгөлөлттэй зээлийн хувьд нэг хүнд олгох зээлийн тоонд хязгаарлалт тавиагүй үед наймаас арав хүртэлх зээл авдаг тохиолдол байв” гэж ярьжээ.

“Метриум” компанийн захирал Дмитрий Проскурин нэг зээлдэгч 26 ипотекийн зээл авсан тохиолдлыг мөн дурдсан байна. ОХУ-ын Тооцооны танхим 2024 онд хийсэн аудитын шалгалтаар ийм тохиолдлыг илрүүлжээ. Банкууд эдгээр зээлийг төрийн хэд хэдэн хөтөлбөрийн хүрээнд олгожээ.

2023 оны арванхоёрдугаар сар хүртэлх хугацаанд ОХУ-ын 115 мянга гаруй иргэн хөрөнгө оруулалтын зорилгоор хоёр ба түүнээс дээш хөнгөлөлттэй зээл авсан аж. Үүний дараа Засгийн газар зээлийн хүүгийн татаас олгох зарчмыг эрс өөрчилж, өмнөх туршлагаас үүдсэн сөрөг үр дагаврыг харгалзан үзсэн байна.

Проскурин “Одоо төрийн дэмжлэгийг зорилтот бүлэгт чиглүүлж, зөвхөн орон сууцны асуудлыг шийдвэрлэхэд зориулдаг болсон. Одоогийн байдлаар нэг хүнд нэгээс илүүгүй хөнгөлөлттэй зээл олгох зарчим үйлчилж байна. Түүнчлэн 2026 оны хоёрдугаар сараас эхлэн эхнэр, нөхөр хоёр хамтдаа зөвхөн нэг удаа гэр бүлийн ипотекийн зээл авах боломжтой болсон” гэж онцолжээ.

Тэрбээр "Зах зээлийн нөхцөлөөр олгодог орон сууцны зээлийн тоонд хууль тогтоомжоор хязгаарлалт тавиагүй" гэж нэмж хэлсэн байна. Ихэнх банк өөрсдөө зээлийн тоонд хязгаарлалт тогтоодог бөгөөд жилд гурав хүртэлх удаа зээл олгох, нэгэн зэрэг тав хүртэлх ипотекийн зээлтэй байх нөхцөл түгээмэл аж.

Тогтмол өндөр орлоготой, их хэмжээний хуримтлалтай иргэд тусгай нөхцөлөөр зээл авах боломжтой. Учир нь, ийм зээлдэгчдийг эрсдэл өндөртэй бүлэгт тооцдоггүй бөгөөд тэд ипотекийн зээлээ харьцангуй богино хугацаанд төлж барагдуулах нь түгээмэл байдаг байна.

Өрийн ачааллын хязгаар

Dolgov PRO агентлагийн хамтран эзэмшигч Михаил Долгов "Практикт нэг хүн хэдэн удаа ипотекийн зээл авч чадахыг түүний санхүүгийн нөхцөл байдал болон өрийн ачааллын үзүүлэлт тодорхойлдог" гэж ТАСС агентлагт ярьжээ.

Тэрбээр “Банк ипотекийн зээл, хэрэглээний зээл, автомашины зээл, хэсэгчлэн төлөх нөхцөлтэй худалдан авалт болон зээлийн картын төлбөрүүдийг нэгтгэн тооцож, үйлчлүүлэгчийн орлоготой харьцуулдаг.

Өрийн ачааллын харьцаа 40-50 хувиас хэтрээгүй тохиолдолд дараагийн ипотекийн зээл авах магадлал өндөр хэвээр байна. Харин 50 хувиас дээш гарвал банкууд хүсэлтийг илүү болгоомжтой авч үздэг. Өрийн ачаалал 80 хувиас давсан үед дахин өндөр дүнтэй зээл авах нь туйлын хүндрэлтэй” гэж тайлбарлажээ.

Түүний мэдээлснээр, 2026 оны хоёрдугаар улиралд өрийн ачааллын харьцаа 80 хувиас давсан зээлдэгчдэд олгосон орон сууцны зээл нийт зээлийн олголтын дөрөв хүрэхгүй хувийг эзэлсэн байна.

Эх сурвалж: TASS