Германы канцлер Фридрих Мерц ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины 74 насны төрсөн өдрийг тохиолдуулан түүнтэй уулзсан Германы канцлер асан Герхард Шрёдерийн үйлдлийг ёс суртахуунгүй хэмээн эрс шүүмжилжээ. Энэ талаар Германы Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч Стеффен Майер аравдугаар сарын 9-нд мэдэгдсэн байна.
Майерын мэдээлснээр, Мерц Шрёдерийг Путинтэй уулзсанд “гүнээ бухимдаж” буйгаа илэрхийлсэн аж. Германы Засгийн газар Украины дайны улмаас олон хүн амь үрэгдэж, шархдаж, гэр бүлүүд хагацаж буй энэ үед Оросын удирдагчтай төрсөн өдрийг нь тэмдэглэн өнгөрүүлсэн нь зохисгүй үйлдэл гэж үзжээ. Мөн Германы тал Украины дайны хариуцлагыг Путин хүлээх ёстой гэсэн байр сууриа дахин илэрхийлсэн байна.
ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн албаны мэдээлснээр, Шрёдер тухайн үед Москвад бизнесийн ажлаар явж байсан бөгөөд Путин түүнийг нийслэлд байгааг мэдээд, төрсөн өдрөө хамт тэмдэглэхээр урьжээ. Кремлээс нийтэлсэн гэрэл зургуудад хоёр улс төрч гар барин мэндчилж буй нь түүх болон үлджээ.
Шрёдер 1998-2005 онд Германы канцлераар ажиллаж байсан бөгөөд албан тушаалаа өгснөөс хойш Оросын эрчим хүчний салбарын компаниудтай нягт холбоотой байсаар ирсэн.
Тэрбээр “Газпром”-ын “Nord Stream” төслийн удирдлагад ажиллаж, мөн “Роснефть” компанид өндөр албан тушаал хашиж байв. Орос Украинд 2022 онд өргөн хэмжээний довтолгоо эхлүүлснээс хойш түүний Путиныг дэмжсэн харилцаа Германд олон нийтийн болон улс төрийн шүүмжлэл дагуулсаар иржээ.
Шрёдерийн энэ удаагийн айлчлалыг зөвхөн Мерц бус, түүний харьяалагддаг Социал Демократ намын удирдлага ч шүүмжилсэн байна. Тус намын хамтарсан дарга, Германы Сангийн сайд Ларс Клингбайль Украины ард түмний туулж буй зовлон зүдгүүрийг харгалзан үзвэл уг уулзалтыг “хүлээн зөвшөөрөх боломжгүй” гэж мэдэгджээ.
Үүний зэрэгцээ Путин энэ оны тавдугаар сард Шрёдерийг Европын орнуудтай аюулгүй байдлын асуудлаар хэлэлцээ хийх боломжит зуучлагчаар нэрлэж байсан ч Европын Холбоо болон Мерцийн Засгийн газар уг саналыг няцаасан юм.
Эх сурвалж: REUTERS, AFP