Сэтгүүлч А.Шинэбаяр өнөөдөр /2026.10.09/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж, Ерөнхийлөгчийн Хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Ганзоригийн өмнө нь хийсэн мэдэгдэлтэй холбогдуулан тайлбар өглөө.

Тэрбээр өөрийнх нь талаар таван асуудлаар үндэслэлгүй мэдээлэл өгсөн гэж үзэж байгаагаа илэрхийлж, Цагдаагийн ерөнхий газарт сайн дураараа очиж шалгуулахаар ирснээ мэдэгдэв.

А.Шинэбаяр энэ талаар “Өнөөдөр ЦЕГ-аас намайг дуудаагүй. Гэхдээ өчигдөр Ерөнхийлөгчийн Тамгын газраас миний эсрэг гомдол гаргасан гэхээр нь, намайг дуудахгүй болохоор нь сайн дураараа шалгуулах гээд ирсэн юм. Бензиний оочерт зогсож байгаад бензинээ авч чадахгүй болохоор нь наашаа явчихсан” хэмээв.

“Ц.Ганзориг бид хоёр найз нөхдийн харилцаатай байсан”

Тэрбээр Ц.Ганзоригтой өмнө нь танилын болон найз нөхдийн харилцаатай байснаа дурдаад, нэг удаа Нагомид галерейд хоол идэж тааралдсан, мөн Viber-аар нэг удаа ярилцсан гэж тайлбарлав.

А.Шинэбаярын хэлснээр, тухайн уулзалтын үеэр Ц.Ганзориг түүнээс олон зүйл асуухад танил, найзын хувиар хариулж байжээ.

Тэрбээр “Өчигдөр Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газрын дарга Ц.Ганзоригийн өгсөн мэдээллийг ерөнхийд нь харсан. Энэ хүн намайг таван зүйлээр илтэд гүтгэж байна лээ” хэмээн мэдэгдэв.

Хөдөлмөрийн баатар цол олгуулах хүсэлттэй холбоотой асуудлыг хөндлөө

А.Шинэбаяр өөрийнх нь талаар яригдсан гэх таван асуудлын нэг нь төрийн одон, медаль, цол олгуулахтай холбоотой асуудал байсан талаар мэдээлэв. Тэрбээр Говь-Алтай аймгийн Тонхил суманд ажиллаж, амьдардаг нэгэн эмчийн талаар ярьжээ.

Түүний тайлбарласнаар, тухайн эмч орон нутагтаа олон жил ажиллаж, иргэдийн эрүүл мэндийг хамгаалахад хувь нэмрээ оруулсан бөгөөд дөрвөн жилийн өмнө Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол олгуулах хүсэлтийг Ерөнхийлөгчийн Тамгын газарт хүргүүлсэн ч хариу аваагүй гэх мэдээлэл бий аж.

А.Шинэбаяр уг эмчийн талаар “Ер нь энэ хүн Говь-Алтай аймгийн 50 мянган иргэний эрүүл мэндийг 50 жилийн турш хамгаалж, эмчилж ирсэн эмч байгаа юм. Тэгээд дөрвөн жилийн өмнө Ерөнхийлөгчийн Тамгын газар руу Хөдөлмөрийн баатар цол олгуулах хүсэлт явуулсан юм байна лээ. Гэтэл ерөөсөө хариу өгөөгүй юм байна” хэмээн ярьжээ.

Түүний мэдээлснээр, энэ асуудал нь Ц.Ганзоригийн өөрийнх нь талаар өгсөн тайлбартай холбоотой маргааны нэг хэсэг аж.