Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Олимпын гүүрний зүүн талд, Үндэсний соёл, амралтын хүрээлэн буюу бидний нэрлэж заншсанаар Паркийн хажууд баригдаж буй барилгын дээврийн хэсэгт өнөөдөр /2026.10.09/ гал гарлаа.

Гал түймрийн дуудлага Онцгой байдлын байгууллагад 22:48 цагт ирсэн бөгөөд гал унтраах ажиллагааг 22:56 цагт эхлүүлжээ.

Дуудлагын дагуу Гал түймэр унтраах, аврах 10, 14, 26, 63 дугаар ангийн алба хаагчид шуурхай ажиллаж байна. Одоогоор нийт дөрвөн ангийн 40 гаруй алба хаагч, 10 гаруй тусгай зориулалтын техник хэрэгсэлтэйгээр гал түймрийг унтраах ажиллагааг үргэлжлүүлж байгаа юм.

Урьдчилсан мэдээллээр, гал баригдаж буй барилгын дээврийн дулаалгатай хэсэгт гарсан бөгөөд Онцгой байдлын алба хаагчид өндөрт ажиллах зориулалттай тусгай техник хэрэгсэл ашиглан галыг унтраахаар ажиллаж буй юм байна.

Гал түймрийн нөхцөл байдал болон учирсан хохирлын талаарх нэмэлт мэдээллийг албан ёсны эх сурвалжаас тодруулан хүргэх болно.