АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын тусгай элч нар Украины дайн зогсоох нэгдсэн санал боловсруулах зорилгоор баасан гарагт Майами хотноо Украины болон Европын албаны хүмүүстэй уулзах аж. Хэлэлцүүлгээр Оростой хийх дайныг эцэслэхэд чиглэсэн “шинэ санаа, санал”-уудыг хэлэлцэх талаар АНУ-ын хоёр эх сурвалж Франс Пресс агентлагт мэдээлжээ.

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский пүрэв гарагт уг уулзалтыг баталгаажуулсан байна. Энэ өдөр фронтын шугамд ойр орших Краматорск хотод автобусуудыг онилсон Оросын цохилтын улмаас 30 хүн амиа алдсан нь сүүлийн хэдэн долоо хоногт болсон хамгийн олон хүний аминд хүрсэн халдлагуудын нэг болжээ.

Зеленский пүрэв гарагт мэдэгдэхдээ, “Украины хэлэлцээний баг маргааш АНУ-д Жаред Кушнер, Стив Уиткофф нартай уулзана. Уулзалт хоёр өдөр үргэлжлэх төлөвтэй байна. Мөн Европын төлөөлөгчид манай хэлэлцээний багт нэгдэнэ гэж найдаж байна” хэмээжээ.

Түүний мэдээлснээр, хэлэлцээнд Украины Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Кирило Буданов, мөн Украины өндөр албан тушаалтнууд болох Рустем Умеров, Сергий Кислица, Давид Арахамия нар оролцох аж.

Энхийн хэлэлцээг шинэ шатанд гаргахыг зорьж байна

Украины дайныг зогсоох АНУ тэргүүтэй энхийн хүчин чармайлтад сүүлийн үед төдийлөн ахиц гараагүй. Вашингтон Ирантай холбоотой мөргөлдөөнд анхаарлаа төвлөрүүлж буй энэ үед Оросын агаарын довтолгоо эрчимжсэн талаар Киев мэдэгдсээр буй.

Гэсэн хэдий ч АНУ-ын албаныхан хэлэлцээг илүү өргөн хүрээнд сэргээх шинэ оролдлого хийж буйгаа мэдээлжээ. Энэ нь өнгөрсөн сард Трампын тусгай элч Стив Уиткофф болон Ерөнхийлөгчийн хүргэн Жаред Кушнер нар Москва, Киевт айлчилсны дараах алхам.

Хэлэлцээний талаар мэдээлэлтэй АНУ-ын нэгэн эх сурвалж Франс Пресс агентлагт хэлэхдээ “Тэд Уиткофф, Кушнер нар бүс нутагт саяхан хийсэн айлчлалынхаа үеэр Орос, Украины талуудтай ярилцаж эхэлсэн шинэ санаа, саналуудыг хэлэлцэнэ” гэжээ.

АНУ-ын хэлэлцээний баг Их Британи, Франц, Германы үндэсний аюулгүй байдлын зөвлөхүүдээс гадна НАТО болон Европын Холбооны албан тушаалтнуудыг уулзалтад оролцохыг урьсан байна.

АНУ-ын албаныхны мэдээлснээр, хэлэлцэх асуудалд Украины аюулгүй байдлын баталгаа, дайны дараах сэргээн босголт, эдийн засгийн хөгжил цэцэглэлтийг хангах төлөвлөгөө болон мөргөлдөөнтэй холбоотой бусад асуудал багтжээ.

Европын орнууд эрчим хүчний зардалд санаа зовниж байна

АНУ-ын албаныхан мөн Европын түншүүд эрчим хүчний зардал нэмэгдэж байгаад Вашингтонд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлснийг дурджээ.

Трамп эрчим хүчний үнийн өсөлтийг Оросын дизель түлш боловсруулах үйлдвэрүүдэд Украины хийсэн халдлагатай холбон тайлбарлаж байгаа бол Европын орнуудын хувьд эрчим хүчний зардалд нөлөөлж буй хүчин зүйлсийн асуудал анхаарал татаж байгаа аж. Үүний зэрэгцээ АНУ Ирантай холбоотой дайнд оролцож байгаа нь нөхцөл байдлыг улам төвөгтэй болгожээ.

АНУ-ын нэгэн эх сурвалж “Тэд бүгд өвөлд санаа зовниж байна. Хэрэв дайн зогсохгүй бол энэ өвөл хүнд байх болно” хэмээн мэдэгдсэн байна. Тэрбээр цааш нь “Тиймээс АНУ талуудын хооронд зуучилж, нэгдсэн санал боловсруулахыг зорьж байна” гэжээ.

Аравдугаар сарын эцэс гэхэд шинэ уулзалт хийх боломжтой

Зеленский өнгөрсөн долоо хоногт АНУ Украин, Оросын хооронд энхийн хэлэлцээг сэргээж, шинэ шатны уулзалтыг аравдугаар сарын эцэс гэхэд зохион байгуулахыг зорьж байгаа талаар мэдээлсэн. Мөн Кремль өнгөрсөн сард дайныг зогсоох асуудлаарх гурван талт хэлэлцээг аравдугаар сард зохион байгуулж болох талаар мэдэгдэж байжээ.

Гэвч өмнөх хэлэлцээнүүд бодитой ахиц дэвшилд хүрээгүй байна. Учир нь, Москва байлдааны ажиллагааг зогсоохын тулд тавьж буй үндсэн шаардлагуудаасаа ухрах хүсэлгүй байгаа гэж эх сурвалжид дурджээ.

Энэ долоо хоногийн эхээр Трамп ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй утсаар ярихаар товлосноо мэдэгдсэн байна. Гэхдээ уг яриа Оросын тахлын лабораторид ажиллаж байсан судлаач нас барсан гэх мэдээлэлд голлон төвлөрөх төлөвтэй байгаа аж.

Гэвч Украины асуудал АНУ-ын удирдлагуудын хэлэлцэх сэдвийн нэг хэвээр буйг илтгэх үйл явдал болсон байна. Лхагва гарагт Техас мужид АНУ-ын завсрын сонгуулийн кампанит ажилтай холбоотой айлчлал хийхээр нисэж явахдаа Трампын Air Force One онгоцонд Стив Уиткофф байсныг Франс Пресс агентлагийн сурвалжлагчид харжээ.

Эх сурвалж: FRANCE24, AFP