ОХУ-ын Эрчим хүчний яам дотоодын зах зээл дэх АИ-98, АИ-100 маркийн өндөр октантай бензиний нөөц, хангамжид тогтмол хяналт тавьж буй талаар тус яамнаас РИА Новости агентлагт мэдээлжээ.
Тус яамнаас өндөр октантай бензиний хангамжийн нөхцөл байдлыг өдөр бүр хянаж буй бөгөөд дотоодын зах зээлийг шатахуунаар бүрэн хангах нь нэн тэргүүний зорилт болохыг онцолсон байна. Мөн АИ-98, АИ-100 маркийн бензин ОХУ-ын нийт бензиний хэрэглээний дунджаар хоёр хүртэлх хувийг эзэлдэг талаар мэдээлжээ.
ОХУ-ын Эрчим хүчний яамны тайлбарласнаар, бензиний хэрэглээ улирлын шинж чанартай байдаг. Тухайлбал, зуны улиралд өндөр октантай бензиний эрэлт нэмэгддэг бол өвөл дөхөхөд хэрэглээ нь буурдаг байна.
ОХУ-д энэ зуны улиралд шатахууны нийлүүлэлтэд саатал үүссэн. Үүнтэй холбоотойгоор нөхцөл байдлыг сайжруулах зорилгоор тус улсын Засгийн газар хэд хэдэн арга хэмжээ авч хэрэгжүүлжээ.
Тухайлбал, шатахууны экспортыг хориглох, шатахуун импортлох болон дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд чиглэсэн татварын дэмжлэг үзүүлэх арга хэмжээ авч эхэлсэн байна.
ОХУ-ын Эрчим хүчний яамны мэдээлснээр, АИ-98, АИ-100 маркийн бензиний хангамжийг тогтмол хянаж, дотоодын зах зээлийн хэрэгцээг бүрэн хангахад анхаарч байгаа аж.
Эх сурвалж: RIA NOVOSTI