Баянзүрх дүүргийн 35 дугаар хорооны нутаг дэвсгэрт хүн рүү халдаж, амь насыг нь хохироосон баавгайг өчигдөр /2026.10.08/ орой 23:00 цагийн орчимд тухайн газраас 300 метрийн зайд байхад нь агнажээ. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн бичгийн дарга М.Батбаяр өнөөдөр /2026.10.09/ уг баавгай хүн рүү халдсан амьтан мөн эсэхийг тогтоохоор дээжийг Шүүх шинжилгээний байгууллагад хүргүүлсэн талаар мэдээллээ.
Тэрбээр мэдээлэл өгөхдөө, Нийслэлийн Баянзүрх дүүргийн 35 дугаар хорооны нутаг дэвсгэрт энэ сарын 7-ноос 8-нд шилжих шөнө баавгай хүн рүү халдаж, хүний амь нас хохироосон харамсалтай хэрэг гарсныг дурдав.
Хэрэгтэй холбогдуулан Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Нийслэлийн Байгаль орчны газар, дүүргийн Цагдаагийн хэлтэс, Онцгой байдлын газар болон ангийн мэргэжлийн хүмүүсээс бүрдсэн шуурхай ажлын хэсэг газар дээр нь ажиллаж, тухайн баавгайг аюулгүй болгосон байна.
М.Батбаяр "Урьдчилсан мэдээллээр, агнасан баавгай нь нас бие гүйцсэн эрэгчин байсан. Гэхдээ хүн рүү халдсан амьтан мөн эсэхийг эцэслэн тогтоох зорилгоор холбогдох дээжийг Шүүх шинжилгээний байгууллагад хүргүүлсэн. Шинжилгээний хариу өнөөдөртөө багтан гарах хүлээлттэй байна" гэж мэдээлсэн юм.
Мөн иргэдийн аюулгүй байдлыг хангах үүднээс Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам болон Нийслэлийн Байгаль орчны газраас тухайн бүс нутагт өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, хараа хяналт тогтоон ажиллаж байгааг онцоллоо.
Шинжилгээний эцсийн хариу гарснаар агнасан баавгай хүн рүү халдсан амьтан мөн эсэхийг албан ёсоор тогтоох юм байна.