Сибирийн Шелехов хот дэлхий нийтийн анхаарлын төвд орсон ч оршин суугчид юу болж буй талаар бүрэн мэдэхгүй хэвээр байгаа аж. Албан ёсны мэдээлэл хомс, цуурхал цахим орчинд хурдтай тархаж, иргэдийн дунд үл итгэх байдал болон болгоомжлол зэрэгцэн нэмэгджээ.
Оросын Сибирийн Шелехов хот тахлын халдварын сэжигтэй холбоотой мэдээллээр дэлхий нийтийн анхаарлын төвд ороход оршин суугчид нь нөхцөл байдлын талаар хамгийн бодитой, дэлгэрэнгүй мэдээлэлтэй байхыг хүссэн байж болох аж.
Оросууд тодорхой хариултгүй асуулт, ил тод бус засаглалтай удаан хугацаанд нүүр тулж ирсэн. Тиймээс Эрхүүгийн Тарваган тахал судлалын хүрээлэнгийн лабораторийн ажилтан, 28 настай Дарья Шипилова гэнэт нас барсан нь дэлхий даяар түгшүүр төрүүлсэн ч Эрхүү хотоос баруун өмнө зүгт 19 орчим километрийн зайд орших нам гүм Шелехов хотын оршин суугчид CNN-д ярихдаа цахим орчинд тархаж буй мэдээ, цуурхлаас илүү мэдээлэлгүй байгаагаа хэлжээ.
Энэ тухай анхны мэдээлэл гарснаас хойш зургаан өдөр өнгөрсөн ч Шипилова тахлаар нас барсныг албан ёсоор батлаагүй хэвээр байгаа аж. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон АНУ-ын талаас нэмэлт мэдээлэл өгөхийг шаардсан энэ үед орон нутгийн иргэдийн хандлагаас үл тоомсорлосон байдал, эргэлзээ зэрэгцэн ажиглагджээ.
ОХУ-ын Эрүүл мэнд, хэрэглэгчийн эрхийг хамгаалах хяналтын алба буюу Роспотребнадзор Шипилова “гарал үүсэл нь тодорхойгүй” уушгины хатгалгаагаар нас барсан гэж мэдэгдсэн байна. Мөн түүний өвчин мэргэжлийн үйл ажиллагаатай нь холбоотой гэх таамгийг үгүйсгэх байр суурь илэрхийлсэн ч талийгаачтай ойр байсан хүмүүсийг яаралтай тусгаарлажээ.
CNN-ийн сурвалжлагчид Шипилова баасан гарагт эмнэлэгт нас барсан Шелехов хот болон ойролцоох Эрхүү, Ангарск хотын оршин суугчидтай ярилцаж, сүүлийн өдрүүдэд юу болж байгааг тодруулахыг зорьсон байна.
Түүнчлэн албан ёсны болон хараат бус хэвлэлүүдийн мэдээллийг судалжээ. Аюулгүй байдал, хувийн нууцаа хамгаалах үүднээс ярилцлагад оролцсон оршин суугчид зөвхөн нэрээ хэлэхийг зөвшөөрсөн байна.
“Албан ёсны мэдээлэл байхгүй. Байсан ч бид итгэхгүй”
Кремль иргэдийг зөвхөн Роспотребнадзорын мэдээлэлд итгэхийг удаа дараа уриалсан ч 36 настай Евгения хэмээх эмэгтэй өөрийн таньдаг хүмүүсийн ихэнх нь албан ёсны мэдэгдэлд итгэдэггүй талаар CNN-д ярьжээ. Түүний хэлснээр, хотын амьдрал гаднаасаа хэвийн үргэлжилж байгаа ч хүмүүсийн дунд тодорхойгүй байдал хэвээр буй аж.
Евгения “Бүх зүйл юу ч болоогүй юм шиг хэвийн байна. Би сандраагүй. Гэхдээ эмийн санч найз маань тахлын тухай цуурхал гарсны дараа хүмүүс антибиотик нөөцөлж авсан гэж хэлсэн” хэмээн ярьжээ. Тэрбээр цааш нь “Албан ёсны мэдээлэл алга. Байсан ч бид түүнд итгэхгүй. Олон янзын цуурхал байна, харин яг юу болж байгааг хэн ч тодорхой мэдэхгүй байна” гэжээ. Гэхдээ бүх оршин суугч ийм эргэлзээтэй хандлага илэрхийлээгүй байна.
Өдгөө 26 настай Екатеринагийн хувьд нөхцөл байдал тийм ч ноцтой санагдахгүй байгаа аж. Тэрбээр лабораторийн ажилтантай ойр байсан хүмүүсийг тусгаарласан тул одоогийн байдлаар хэт их санаа зовох шаардлагагүй гэж үзэж байгаагаа хэлжээ.
Екатерина “Хүмүүс сандралд автахгүй, өдөр тутмын амьдралаа хэвийн үргэлжлүүлж байна. Одоо XXI зуун. Тахлыг эмчлэх арга бий. Энэ нь хүмүүсийн хувьд урьд өмнө танил бус байсан коронавирусын үеийнх шиг зүйл биш. Тиймээс нөхцөл байдлын төлөв илүү дээр. Товчхондоо, бүх зүйл хэвийн. Бид аюулгүй байдлын арга хэмжээг дагаж, хий хоосон сандралд автахгүй байна” гэж ярьжээ.
Эмийн сангуудад маск, ариутгагч, антибиотик нөөцөлжээ
Зарим иргэн тайван байгаа ч халдварын талаарх цуурхал хүмүүсийн худалдан авалтад нөлөөлсөн байна.
Эрхүү хотын Екатерина нэртэй, 27 настай эмийн санчийн хэлснээр, бямба гарагт түүний ажилладаг эмийн санд маск, ариутгагч бодис, тетрациклин төрлийн антибиотикийг хүмүүс “урьдчилан сэргийлэх үүднээс” ихээр худалдан авчээ.
Тэр “Мэдээж хүмүүс халдвар авахаас айж байсан. Одоо бол сандрал алга. Энэ байдал ердөө нэг өдөр үргэлжилсэн. Одоо дахин ажиглагдахгүй байна. Бүх зүйл нам гүм, тайван байна” хэмээн ярьжээ.
Өдгөө 38 настай Алина ч нөхцөл байдлыг “ердийн” гэж тодорхойлсон байна. Түүний хэлснээр, нийгмийн сүлжээнд энэ тухай мэдээлэл олширсон ч тэрбээр үүнийг бодит байдалтай нийцэхгүй, хүмүүсийг хий дэмий сандаргасан мэдээлэл гэж үзжээ. Харин хараат бус “Байгаль нуурын хүмүүс” (Lyudi Baikala) хэвлэлд ярилцлага өгсөн нэрээ нууцалсан эмч Роспотребнадзорын тайлбарт эргэлзэж байгаагаа илэрхийлсэн байна.
Тус албанаас талийгаачийн өвчин мэргэжлийн үйл ажиллагаатай нь холбоогүй гэж мэдэгдсэн ч эмчийн хэлснээр, халдвар үүсгэгчийг лабораторийн шинжилгээгээр баталгаажуулахад 10 хүртэл хоног шаардагдаж болох аж. Тэрбээр “Задлан шинжилгээ хийснээс хойш ердөө нэг өдрийн дараа өвчин үүсгэгчийг эцэслэн тогтоох боломжгүй” гэж хэлснийг тус хэвлэл уламжилжээ.
“Аюултай вирусээр нас барсан” гэж оршин суугчдад хэлжээ
“Байгаль нуурын хүмүүс” хэвлэлд ярилцлага өгсөн оршин суугчид тодорхойгүй халдвар тархахаас сэргийлэхийн тулд эрх баригчид ямар арга хэмжээ авсан талаар ярьжээ. Тэдний мэдээлснээр, талийгаач лабораторийн ажилтны амьдарч байсан гэж үзэж буй Эрхүү хотын орон сууцны байрны гадаа баасан гарагийн орой гурван автомашин ирсэн байна.
Хийн баг, улбар шар өнгийн хамгаалалтын хувцас өмссөн хүмүүс хэд хэдэн савтай бодис авч буун, байрны орц хэсгүүдийг ариутгаж эхэлжээ. “Үнэр нь тэсэхийн аргагүй, маш хурц байсан” хэмээн тус байранд амьдардаг, 40 орчим насны эмэгтэй ярьсан байна. Түүний хэлснээр, ариутгал хийсэн хүмүүс өөрсдийгөө Роспотребнадзорын даалгавраар ирсэн гэж тайлбарлажээ.
Тэр “Бид юу болсныг асуухад тэд нэг залуу эмэгтэй аюултай вирусээр нас барсан гэж хэлсэн. Гэхдээ өөр юу ч мэдэхгүй гэсэн. "Бид ажилдаа иртэл энэ газрыг ариутгахаар яв гэсэн. Тэгээд л ирж ариутгалаа’ гэж хэлсэн” хэмээн ярьжээ. Гэхдээ CNN тухайн орон сууцанд ариутгал хийсэн гэх энэ мэдээллийг бие даан баталгаажуулж чадаагүйгээ онцолсон байна.
Талийгаачийн ээж: Тэр минь үнэхээр хөдөлмөрч, ариун сэтгэлтэй хүүхэд байсан
Дэлхий нийтийн анхаарлын төвд орсон энэ хэргийн цаана нэгэн залуу эмэгтэйн амь нас, ар гэрийнхнийх нь уй гашуу байгааг талийгаачийн ээж Светлана Шипиловагийн ярилцлага харуулжээ. Охиноо нас барсны дараа өөрөө ч Эрхүү хотын эмнэлэгт тусгаарлагдаж байсан Светлана орон нутгийн “Глубина” хэвлэлд охиноо хараахан оршуулаагүй талаар хэлсэн байна.
Тэр “Бид өөрсдөө энд тусгаарлагдаад сууж байхад охиныг минь хэн оршуулах юм бэ? Тэр минь үнэхээр хөдөлмөрч, ариун сэтгэлтэй хүүхэд байсан” хэмээн ярьжээ.
“Оросууд юунд ч гайхахаа больсон”
CNN-ийн тайлбарласнаар, Оросын жирийн иргэд дарамттай нөхцөл байдалд тэсвэртэй байж, төрөөс өгч буй мэдээллийг ил тод эсэргүүцэхийн оронд нөхцөл байдалтай эвлэрэх нь бий. Гэхдээ ийм хандлагыг эрх баригчдын байр суурийг дэмжиж байна гэж шууд ойлгож болохгүй. Энэ нь олон жил тодорхой бус мэдээлэл, хязгаарлагдмал сонголттой нөхцөлд амьдарсан хүмүүсийн дасан зохицох арга хэлбэр байж болох аж.
25 настай Юлия CNN-д ярихдаа “Хүмүүс юунд ч гайхахаа больсон” гэжээ. Тэрбээр “Мэдээлэл үргэлж хязгаарлагдмал байдаг. Миний бодлоор бүс нутаг бүрд ийм байдаг” хэмээн нэмж хэлсэн байна.
Эрхүү хотын нэгэн оршин суугч Telegram сүлжээнд хэргийн талаар нийтэлсэн мэдээлэлд хариу бичихдээ төрийн албан ёсны мэдэгдэлд хэрэглэдэг зөөлрүүлсэн, тойруу хэллэгийг ёжлон шүүмжилжээ. Тэрбээр “Дэлбэрэлтийг ‘чанга дуу чимээ’ гэнэ. Эдийн засгийн уналтыг ‘сөрөг өсөлт’ гэнэ. Ослын сүйрлийг ‘хатуу газардах’ гэнэ. Гал түймрийг ‘утаа’ гэнэ. Ухралтыг ‘сайн санааны дохио’ гэнэ” хэмээн бичсэн байна.
Улмаар тахлын талаарх албан ёсны тайлбарыг ёжилж “Тахал гэдэг нь ‘гарал үүсэл нь тодорхойгүй уушгины хатгалгаа’ юм байна. Ийм гарал үүсэл нь тодорхойгүй хатгалгаа туссан хүн даавуунд ороогоод оршуулгын газар руу мөлхөх хэрэгтэй. Гэхдээ удаан мөлхөөрэй. Хамгийн гол нь эрх баригчдад асуудал битгий үүсгээрэй” гэжээ.
Энэхүү ёжлол нь зөвхөн халдварын тухай айдсыг бус, албан ёсны мэдээлэлд итгэх итгэл суларсан, бодит үнэнийг мэдэх боломж хязгаарлагдмал гэж үздэг иргэдийн бухимдлыг илэрхийлжээ.
Эх сурвалж: CNN