Баянзүрх дүүргийн 35 дугаар хорооны нутаг дэвсгэр, Улиастайн амны Бурхантын хошуу орчимд хүрэн баавгай айлын гэрт халдаж, нэг хүний амь нас хохирч, нэг хүн гэмтсэн харамсалтай хэрэг гарсан. Хэргийн дагуу эрэн хайх ажиллагааг шуурхай зохион байгуулж, хайж байсан баавгайг аравдугаар сарын 8-ны орой олж, аюулгүй болгосон байна.
Дулаан мэдрэгчтэй дрон ашиглан эрэн хайжээ
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам болон холбогдох мэргэжлийн байгууллагуудын хамтарсан ажлын хэсэг аравдугаар сарын 8-нд эрэн хайх ажиллагааг зохион байгуулжээ. Тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяраар ахлуулсан ажлын хэсэг тухайн бүсэд ажиллаж, эрэн хайх ажиллагааг зургаан хэсэгт хуваан зохион байгуулж, урхи байршуулсан байна.

Гэгээ тасарсны дараа дулаан мэдрэгч бүхий дрон ашиглан эрлийг үргэлжлүүлжээ. Улмаар 22:15 цагт хүний амь эрсэдсэн газраас холгүй байршлаас баавгайг олж тогтоон, аюулгүй болгосон талаар холбогдох байгууллагууд мэдээлэв.
Эхний байдлаар, уг баавгайг ойролцоогоор зургаан настай, идэр насны эр баавгай болохыг тогтоогоод байгаа аж. Харин хэргийн нөхцөл байдал болон бусад холбогдох баримтыг цагдаа, шүүх шинжилгээний байгууллагууд үргэлжлүүлэн шалгаж, эцэслэн тогтоох юм байна.

Нэг хүн амиа алдаж, нэг хүн гэмтжээ
Цагдаагийн байгууллагад аравдугаар сарын 8-ны шөнийн 01:00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 35 дугаар хорооны нутаг дэвсгэрт баавгай айлын гэрт халдсан тухай дуудлага ирсэн байна. Холбогдох мэдээллээр, баавгайн дайралтын улмаас нэг хүн амиа алдаж, нөгөө хүн гэмтжээ. Гэмтсэн иргэнийг эмнэлгийн байгууллагад хүргэж, шаардлагатай тусламж үйлчилгээ үзүүлсэн байна.

Иргэдийг сонор сэрэмжтэй байхыг анхаарууллаа
Холбогдох байгууллагууд баавгай болон бусад зэрлэг амьтан суурьшлын бүс, айл өрх, малын бэлчээр орчимд үзэгдэх тохиолдолд иргэдийг болгоомжтой байхыг анхааруулж байна. Иймд иргэд дараах зөвлөмжийг дагаж мөрдөх нь зүйтэй. Үүнд:
- Баавгайтай таарвал ойртох, хөөх, зураг авахын тулд дагаж явахгүй байх.
- Баавгайг хооллохгүй, өдөөн хатгахгүй байх.
- Айлын гэр, хашаа болон орчны аюулгүй байдлаа анхаарч, хүүхдийг хараа хяналтгүй гадаа явуулахгүй байх.
- Баавгай үзэгдсэн тохиолдолд тухайн газраас аюулгүй зайд холдож, цагдаа болон холбогдох байгууллагад нэн даруй мэдээлэх.
Хүний амь нас хохирсон энэхүү хэрэгтэй холбогдуулан эрэн хайх ажиллагаа дууссан ч тухайн бүсийн иргэд сонор сэрэмжээ алдахгүй байх шаардлагатай.

