АНУ-ын прокурорууд Венесуэлийн Ерөнхийлөгч асан Николас Мадуро болон түүний эхнэр Силиа Флорес нарт холбогдох эрүүгийн хэрэгт шинэ ял нэмж, тэднийг Венесуэлийн эрх баригчдын хяналтад хоригдож байсан америкчууд болон бусад хүмүүсийг эрүүдэн шүүх хуйвалдаанд оролцсон гэж буруутгажээ.
Нью-Йорк хотын прокурорууд пүрэв гарагт Мадуро болон түүний эхнэр Флорес нарт тус бүр эрүүдэн шүүх зорилгоор хуйвалдсан гэх нэг нэг нэмэлт ял тулгасан тухай яллах дүгнэлтэд дурдсан байна. CNN телевиз лхагва гарагт эдгээр ялыг нэмж магадгүй талаар анх мэдээлжээ.
Прокуроруудын үзэж буйгаар, Мадуро 2013 онд Венесуэлийн Ерөнхийлөгч болсныхоо дараа тодорхой хүмүүсийг эрүүдэн шүүхийг зөвшөөрч, улс төрийн сөрөг хүчнийг дарахын тулд эрүүдэн шүүх, дур мэдэн баривчлах, хүчирхийлэл үйлдэх арга хэрэгслийг ашигладаг тогтолцоог удирдан чиглүүлж байсан аж.
Мадурогийн өмгөөлөгч Барри Поллак шинэ яллах дүгнэлтийн талаар “Ерөнхийлөгч Мадуро өөрт нь шинээр тулгасан ялуудыг няцааж байгаа бөгөөд шүүх хурлаар өөрийгөө хамгаалах боломжийг хүлээж байна” гэж мэдэгдсэн байна.
Эрүүдэн шүүлтийн тухай ноцтой мэдүүлгүүд
Шинэ яллах дүгнэлтэд Мадурогийн засаглалын үед Венесуэлд хоригдож байсан америкчууд болон венесуэлчүүдийг хэрцгийгээр эрүүдэн шүүсэн гэх олон ноцтой мэдүүлгийг тусгажээ. Үүнд зодох, цахилгаан гүйдлээр тамлах, амьсгал боогдуулах, хүчиндэх зэрэг үйлдэл багтсан байна. Мөн хоригдож байсан нэг америк эрийг өөрийнхөө бөөлжсөнийг хүчээр идүүлсэн гэж прокурорууд мэдүүлжээ.
Эдгээр шинэ ял нь Мадурогийн удирдаж байсан Венесуэлийн засгийн газар 15 гаруй америк иргэнийг хууль бусаар баривчлан, тус улсын шоронд хорьсон гэх АНУ-ын засгийн газрын мэдэгдэлтэй холбоотой аж.
Мөн мөрдөн байцаагчид америкчуудыг эрүүдэн шүүхэд оролцсон байж болзошгүй өөр хэд хэдэн хүнд ял тулгах асуудлыг хэлэлцэж байгаа талаар мөрдөн шалгалтын явцыг мэдэх эх сурвалж CNN-д мэдээлжээ.
АНУ-ын прокурор Жейми Макдональд шүүх хурлын дараах хэвлэлийн бага хурлын үеэр Мадуро, Флорес болон тэдний ойрын хүрээний өндөр албан тушаалтнууд Венесуэлд эрх мэдлээ хадгалахын тулд хүчирхийлэл, эрүүдэн шүүлтэд суурилсан тогтолцоог ашигласан гэж мэдэгдэв.
Түүний хэлснээр, тэд улс төрийн эсэргүүцлийг намжаахын тулд 25 жилийн турш ийм арга хэрэглэсэн бөгөөд энэ оны эхээр АНУ-ын засгийн газар Мадуро болон Флорес нарыг баривчилжээ.
Макдональд яллах дүгнэлтэд дурдсан үйлдлүүдийг “үнэхээр төсөөлөхийн аргагүй” хэмээн тодорхойлсон байна. Тэрбээр “Мадурогийн өргөн хүрээтэй хуйвалдаанд оролцогчид зүгээр л ширээний ард сууж байсан хүмүүс биш. Тэд өөрсдөө эрүүдэн шүүх ажиллагаанд гар бие оролцож байсан. Америкийн иргэдийг эрүүдэн шүүсэн. Мөн Венесуэлийн олон мянган иргэн ийм хүчирхийлэлд өртсөн” гэж хэлжээ.
Макдональд энэ үйлдлүүдийг “авлига, эрх мэдлээ урвуулан ашиглахын туйлын жишээ” хэмээн нэрлээд, америкчуудад ихээхэн хохирол учруулснаас гадна венесуэлчүүдийн олон үе дамжин мэдрэхээр хор уршиг үлдээсэн гэж мэдэгдсэн байна.
CNN телевиз Мадуро болон Флорес нарын өмгөөлөгчидтэй холбогдож, тайлбар авахаар хүсэлт гаргажээ.
Мадуро, Флорес нарыг батлан даалтаар суллахаас татгалзав
Мадуро болон түүний эхнэрийг энэ оны нэгдүгээр сард АНУ-ын цэргийн ажиллагааны үеэр Венесуэлийн нийслэл Каракас хот дахь ерөнхийлөгчийн ордноос баривчилсан. Тэдэнд хар тамхитай холбоотой терроризмын хуйвалдаан болон бусад хэрэгт ял тулгасан бөгөөд өөрсдийгөө гэм буруугүй гэж мэдэгдсэн байна. Одоогийн байдлаар тэд Нью-Йорк хотод батлан даалтаар суллагдах боломжгүйгээр хоригдож байгаа аж.
Прокурорууд шинээр тулгасан, “аймшигт” үйлдлүүдтэй холбоотой ялыг Флоресыг батлан даалтаар суллахгүй байх үндэслэл болгох ёстой гэж үзжээ.
Флорес пүрэв гарагт болсон шүүх хуралд оролцсон бөгөөд түүний өмгөөлөгч шүүх хурлыг хүлээх хугацаанд гэрийн хорионд шилжүүлэх хүсэлт гаргасан байна. Гэвч шүүгч уг хүсэлтийг хэрэгсэхгүй болгожээ. Шүүгч Флоресыг оргон зайлах эрсдэлтэй гэж үзсэн бөгөөд түүнийг зугтахгүй гэх амлалтад нь “ихээхэн эргэлзэж” байгаагаа илэрхийлсэн байна.
Шүүгч Хеллерстайн “Холбогдож буй их хэмжээний мөнгө, мөн хатагтай Флоресын Венесуэлийн засгийн газар болон тэнд ажиллаж буй хүмүүстэй тогтоосон харилцаа холбоог харгалзан үзвэл эрсдэл ноцтой байна. Энэ эрсдэлийг бууруулах ямар ч нөхцөлийг бүрдүүлж чадахгүй” гэж мэдэгджээ.
Хэрэв Флорес оргож чадвал Венесуэлийн тал түүнийг АНУ-д буцаан шилжүүлж, яллах дүгнэлтийн дагуу шүүхэд өгөх магадлал бага гэж шүүгч үзсэн байна. Тэрбээр “Оргон зайлах арга үргэлж олддог” хэмээн нэмж хэлжээ.
Флоресын өмгөөлөгчид мөн үйлчлүүлэгчийнх нь биеийн байдал муудаж байгаа тул одоо хоригдож буй ердийн хорих өрөөнөөс гаргаж, эмчилгээ хийлгэн, биеэ тэнхрүүлэх боломж олгох шаардлагатай гэж маргасан байна. Гэвч шүүгч Хеллерстайн энэ хүсэлтийг одоогоор эртэдсэн гэж үзжээ. Учир нь Флорес зүрхний судсанд гуурс оруулж шинжлэх зэрэг зарим оношилгооны шинжилгээ хийлгэхээс татгалзсан байна.
Пүрэв гарагт шүүх хурал эхлэхээс өмнө нууцлалтай байсан нэмэлт яллах дүгнэлтийг ил болгосон боловч Флорес шинэ буюу эрүүдэн шүүх зорилгоор хуйвалдсан гэх ялтай холбоотой албан ёсны мэдүүлгээ хараахан өгөөгүй байна. Шүүгч мэдүүлэг өгөх товыг эцэслэн тогтоосны дараа шүүхийн бүртгэлд нийтэлнэ гэж мэдэгджээ.
Мадурогийн өмгөөлөгч баривчилгаа хууль ёсны эсэхэд маргаж байна
Мадурогийн өмгөөлөгч түүнийг баривчилсан ажиллагаа хууль ёсны байсан эсэхийг шүүхээр хэлэлцүүлэхээр маргаж байгаа аж. Мөн буруутгаж буй үйлдлүүд нь Мадурог ерөнхийлөгчөөр ажиллаж байх үед болсон тул түүнд төрийн тэргүүний халдашгүй эрх үйлчлэх ёстой гэж өмгөөлөгчийн тал үзэж байна. Гэвч прокуроруудын мэдээлснээр, Венесуэлийн засгийн газар Мадурогийн өмнөөс халдашгүй эрхийн үндэслэл гаргаж, түүнийг хамгаалах байр суурь илэрхийлээгүй байна.
Яллах дүгнэлтэд дурдсан эрүүдэн шүүлтийн хэргүүд
Мадурогийн засгийн газрын үед 15 гаруй америк иргэн Венесуэлд хоригдож байжээ. АНУ-ын засгийн газар болон хүний эрхийг хамгаалагчид Венесуэлийн эрх баригчдыг эдгээр хүмүүсийг улс төрийн зорилгоор ашиглаж, дарамт шахалтын хэрэгсэл болгосон гэж буруутгаж байв.
Яллах дүгнэлтэд дурдсанаар, Венесуэлийн армийн нэг офицерыг хүчдэлтэй цахилгаан утсаар ойролцоогоор 20 удаа цохиулж, нуруу, хөл, толгойд нь нударга, бүс болон хоолойтой төстэй зүйлээр цохиж зоджээ. Мөн гар, хөлөөс нь дүүжилж, усанд живүүлж байгаа мэт сэтгэгдэл төрүүлэхийн тулд толгойг нь усанд дүрдэг усанд живүүлэх аргаар эрүүдэн шүүх ажиллагааг ойролцоогоор 30 удаа явуулсан гэж прокурорууд мэдүүлсэн байна.
Мадурогийн амь насанд халдах хуйвалдаанд оролцсон гэж буруутгагдсан америк иргэн
Прокуроруудын мэдээлснээр, Мадурогийн амь насанд халдах хуйвалдаанд оролцсон гэж буруутгагдсан нэгэн америк иргэнийг 2022 оны нэгдүгээр сард баривчилж, эрүүдэн шүүжээ. Тэрбээр хожим суллагдаж, тухайн оны аравдугаар сард АНУ-д буцаж ирсэн байна.
Яллах дүгнэлтэд дурдсанаар, хоригдож байх хугацаанд албаныхан түүний нүүр болон хэвлийг нударгаар цохиж, нүүрийг нь бүтээн, хурц үнэртэй шингэн асгаснаар бөөлжихөд хүргэжээ. Улмаар нэгэн албан хаагч түүнийг өөрийнх нь бөөлжсийг хүчээр идүүлсэн гэж прокурорууд мэдүүлсэн байна.
Хожим нь түүнийг Болейта Норте шоронд шилжүүлж, найман сараас илүү хугацаанд хорьжээ. Энэ хугацаанд цахилгаан гүйдлээр тамлах, хүчээр тариа хийх зэрэг эрүүдэн шүүлтэд өртсөн гэж яллах дүгнэлтэд дурдсан байна.
Хохирогчийн мэдүүлснээр, түүнд гар, хөл, бэлэг эрхтнээр нь цахилгаан гүйдэл дамжуулж, амьсгалыг нь боогдуулж, зодож, хоол хүнс болон уснаас зориуд хасаж байжээ. Мөн таталт өгүүлэхэд хүргэсэн бодисыг хүчээр тарьсан гэж прокурорууд мэдэгдсэн байна. Тэрбээр уг шоронд бусад америк иргэнийг мөн эрүүдэн шүүж байхыг харсан гэж яллах дүгнэлтэд тэмдэглэжээ.
2025 оны нэгдүгээр сард гарсан гэх шинэ хэрэг
Эрүүдэн шүүлттэй холбоотой хамгийн сүүлд дурдагдсан хэрэг 2025 оны нэгдүгээр сард, Венесуэлийн ерөнхийлөгчийн сонгуулийн дараа болсон гэж прокурорууд мэдүүлжээ.
Тухайн үед албаныхан өөр хүнийг эрэн хайж байхдаа нэгэн америк иргэнийг гэрээс нь баривчилсан байна. Түүнийг хорих байрны хонгилын давхарт толгойг нь бүрхсэн зүйл углуулж, гарыг нь ар нуруунд нь гавлан хорьжээ.
Яллах дүгнэлтэд дурдсанаар, хоёр өдрийн турш цаг тутамд толгой, хэвлий, нүүрэнд нь цохиж байсан бөгөөд үүний улмаас нэг нүд нь байнгын гэмтэлтэй болсон байна.
Венесуэлд хоригдож байсан америкчуудын мэдүүлэг
Мадурогийн засгийн газрын үед Венесуэлд хоригдож байсан хэд хэдэн америк иргэн шоронд байхдаа эрүүдэн шүүлтэд өртсөн тухайгаа олон нийтэд ярьж байжээ.
2022 оны аравдугаар сард хоригдол солилцох хэлэлцээрийн хүрээнд суллагдсан Мэттью Хит болон Осман Хан нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ усанд живүүлэх аргаар тамлах, цахилгаан гүйдлээр эрүүдэн шүүх, бэлгийн хүчирхийлэл үйлдэнэ гэж сүрдүүлэх, сэтгэцэд нөлөөлөх эм бодис хэрэглэх, удаан хугацаагаар ганцаарчлан хорих зэрэг үйлдэлд өртсөн гэж мэдүүлсэн байна.
АНУ-ын Тэнгисийн явган цэргийн корпусын ахмад дайчин Хит хоригдож байх хугацаандаа амиа хорлохыг завдаж байсан аж. Хит пүрэв гарагт CNN-д ярихдаа Мадуро болон түүний эхнэрт шинээр ял тулгасныг “шударга ёс тогтож байгаагийн илрэл” хэмээн үзэж байгаагаа хэлжээ.
“CITGO-6” бүлгийн хэрэг
Венесуэлд хоригдож байсан америкчуудын дунд “CITGO-6” хэмээн нэрлэгддэг газрын тосны салбарын зургаан удирдах ажилтан бий. Тэднийг 2017 онд Венесуэлд урьж авчирсныхаа дараа баривчилж, бараг таван жилийн турш хорьсон аж.
Тус бүлгийн гишүүд болох Томеу Ваделл, Алирио Хосе Замбрано, Хосе Луис Замбрано нар ажил олгогч “Citgo” компанийн эсрэг гаргасан нэхэмжлэлдээ хоригдож байх хугацаандаа эрүүдэн шүүлтэд өртсөн гэж мэдүүлжээ.
Мадуро болон түүний эхнэр Венесуэлийн тогтворгүй байдлыг АНУ-ын үйл ажиллагаатай холбон тайлбарлаж, газрын тосны салбарын зургаан удирдах ажилтан, түүний дотор таван америк иргэнийг баривчилсан явдлыг үүгээр зөвтгөж байсан гэж мэдээлэлд дурдсан байна.
“CITGO-6”-ийн зургаан гишүүнийг 2017 онд Венесуэлд баривчилж, авлигын хэрэгт буруутгажээ. Улмаар америк иргэдийг Венесуэлийн эрх баригчид зүй бусаар харьцаж, хүчирхийлсэн гэх мэдээллүүд нэмэгдсэн байна.
Тэд бүгд Венесуэлийн Цэргийн сөрөх тагнуулын ерөнхий газрын (DGCIM) харьяа хорих байранд хоригдож байжээ. НҮБ-ын тайланд тус байгууллагыг улс төрийн өрсөлдөгчид болон тэдний гэр бүлийнхнийг дур мэдэн баривчлах, зүй бусаар харьцах, эрүүдэн шүүх үйлдэлд хариуцлагатай гэж тодорхойлсон байна.
НҮБ-ын тайланд тус байгууллага хоригдлуудаас мэдээлэл, мэдүүлэг гаргуулан авах, тэднийг айлган сүрдүүлэх, шийтгэх зорилгоор дараах аргыг тогтмол хэрэглэдэг байсан гэж дүгнэжээ. Үүнд:
- Цахилгаан гүйдлээр тамлах
- Толгой дээгүүр нь гялгар уут углан амьсгал боогдуулах
- Усанд живүүлэх аргаар эрүүдэн шүүх
- Зодож, хүчирхийлэх
- Бэлгийн хүчирхийлэл үйлдэх
- Ус, хоол хүнсээр зориуд дутагдуулах
- Биеийг удаан хугацаанд өвдөлттэй байрлалд байлгах
- Хэт халуун эсвэл хүйтэн орчинд хорих зэрэг үйлдэл багтжээ.
Венесуэлийн сөрөг хүчний төлөөлөгч: Венесуэлчүүдийг тамласан хүмүүс ч хэзээ нэгэн цагт хариуцлага хүлээнэ гэж найдаж байна
Венесуэлийн “Vente Venezuela” намын мужийн зохицуулагч Мария Оропеса америкчуудыг эрүүдэн шүүсэн гэх хэрэгтэй холбоотой шинэ ял тулгах гэж буй талаар байр сууриа илэрхийлжээ.
Тэрбээр X нийгмийн сүлжээнд “Энэ бол шударга ёсыг хүсэж буй бидний хувьд сайн мэдээ. Харин тэднийг буцаж ирнэ гэж одоо ч итгэсээр байгаа хүмүүсийн хувьд тийм ч таатай мэдээ биш байх. Венесуэлчүүдийг эрүүдэн шүүсэн хэргээр ч тэднийг хэзээ нэгэн өдөр яллагдагчаар татна гэж л найдаж байна” хэмээн бичсэн байна.
Эх сурвалж: CNN