БНАСАУ-ын Төрийн зөвлөлийн дарга Ким Жон Уны дүү, Солонгосын Хөдөлмөрийн намын Төв хорооны хэлтсийн эрхлэгч Ким Ё Жон Өмнөд Солонгосоос эмнэлгийн тоног төхөөрөмж илгээх санал гаргасныг “улс төрийн өдөөн хатгалга, бүрэн эрхт байдалд халдсан үйлдэл” гэж мэдэгджээ.

Өмнөд Солонгосын хэвлэлүүдийн мэдээлснээр, Сөүл БНАСАУ-ын нэгэн эмнэлэгт 6.75 сая ам.долларын үнэ бүхий эмнэлгийн тоног төхөөрөмж нийлүүлэхээр төлөвлөж байгаа аж. Тоног төхөөрөмжийн зарим нь хоригт багтдаг тул Өмнөд Солонгос НҮБ-аас зөвшөөрөл хүсэж, тавдугаар сард есөн сарын хугацаатай зөвшөөрөл авчээ.

Тоног төхөөрөмжийг Хятадаар дамжуулан БНАСАУ-д хүргэхээр төлөвлөж, нийлүүлэх хэмжээ, нөхцөлийг Пёньянтай тохиролцох шаардлагатай байгаа аж.

Ким Ё Жон Өмнөд Солонгосын тал БНАСАУ-д эм, эмнэлгийн тоног төхөөрөмж дутагдаж, эрүүл мэндийн салбарын нөхцөл байдал муудсан гэх тайлбар хийж, эмзэг бүлгийн иргэдийн эмнэлгийн тусламжийн хүртээмжийг сайжруулах зорилготой гэж мэдэгдсэнд шүүмжлэлтэй ханджээ.

Тэрбээр "Сөүлийн энэ алхмыг улс төрийн зорилготой гэж үзэж, Өмнөд Солонгосын аливаа үйлдлийг, тэр дундаа “сайн санааны” хэлбэрээр хэрэгжүүлж буй тусламжийг ч Пёньянд чиглэсэн өдөөн хатгалга гэж хүлээн авах болно" гэж мэдэгджээ.

Эх сурвалж: RIA NOVOSTI