Оросын Гадаад хэргийн яамны Европын асуудал хариуцсан газрын захирал Владислав Масленников "Европын Холбооны орнууд Оростой хиллэдэг бүс нутагт цэргийн чадавхаа нэмэгдүүлж буй нь санаандгүй зөрчил гарах эрсдэлийг нэмэгдүүлж байна" гэж мэдэгджээ.
Тэрбээр РИА Новости агентлагт өгсөн ярилцлагадаа “Европын орнууд манай хил орчимд цэргийн чадавхаа нэмэгдүүлж буй нь санаандгүй зөрчил гарах магадлалыг өсгөж, хурцадмал байдлын тодорхойгүй байдлыг нэмэгдүүлж байна” гэж хэлсэн байна.
Масленниковын хэлснээр, сүүлийн үед Барууны орнуудад ойрын жилүүдэд Оростой зэвсэгт сөргөлдөөнд бэлтгэх шаардлагатай гэх байр суурь идэвхтэй яригдах болсон аж.
Европын Холбооны Гадаад хэрэг, батлан хамгаалахын сайд нар есдүгээр сарын сүүлээр Брюссельд уулзах үеэрээ нисгэгчгүй төхөөрөмж, далайн хамгаалалт, сансрын тагнуул, АНУ-аас хараат бус пуужингийн довтолгооноос хамгаалах систем болон хилийн хамгаалалтыг бэхжүүлэх зэрэг батлан хамгаалахын хэд хэдэн хамтарсан төслийг дэмжсэн байна.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Москва барууны орнуудтай мөргөлдөөн эхлүүлэх зорилгогүй гэж удаа дараа мэдэгдсээр ирсэн. Харин Оросын талын үзэж буйгаар, Барууны улс төрчид Оросын аюул занал гэх асуудлыг хэт дэвэргэж байгаа аж.
Эх сурвалж: RIA NOVOSTI