Нийслэлийн Баянзүрх дүүргийн 35 дугаар хороо, Улиастайгаас Шар хад руу өгсөх гол дагуу амьдардаг айлын гэр рүү аравдугаар сарын 7-ноос 8-нд шилжих шөнө баавгай дайрч, нэг хүн амиа алдаж, нэг хүн гэмтжээ.
Нийслэлийн Цагдаагийн газраас мэдээлснээр, шөнийн 01:00 цагийн орчимд “Баавгай айл руу халдаж, хүн нас барсан” гэх дуудлага цагдаагийн байгууллагад ирсэн байна. Дуудлагын дагуу очиход 40 настай эрэгтэй нас барсан байдалтай, 55 настай эмэгтэй толгой, нүүрний хэсэгтээ гэмтэл авсан байжээ.
Баавгай халдах үед эмэгтэй гэрээс гарч зугтан, амь гарсан байна. Харин эрэгтэйг баавгай гэрээс нь хол чирч аваачсан байдалтай байсан аж. Гэмтсэн эмэгтэйг Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэн эмчилж буй юм.
ГССҮТ-ийн мэдээлснээр, тухайн үед эмэгтэйн биеийн байдал нь хүнд байжээ. Түүний толгойн хэсэгт том хэмжээний хуулралттай шарх, цөмрөлт, цууралт үүссэнээс гадна цээж, хэвлийн хэсэгт дарагдаж, шахагдсан гэмтэлтэй байсан аж.
Эмнэлгийн байгууллагаас шаардлагатай яаралтай тусламж үзүүлэн, эмчилгээ хийж, биеийн байдлыг тогтворжуулах арга хэмжээ авчээ.
Нийслэлийн Цагдаагийн газраас мэдээлснээр, тухайн орчимд мал бүхий иргэд, айлууд амьдардаг тул дараагийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор хүн рүү халдсан баавгайг яаралтай олж, холбогдох арга хэмжээ авахаар ажиллаж буй юм байна.
Мөн ГССҮТ-өөс иргэдийг хот суурин газрын бүсэд зэрлэг ан амьтан, тэр дундаа баавгай орж ирсэнтэй холбоотойгоор гэр, хашаа болон оршин суугаа орчныхоо аюулгүй байдалд анхаарч, зэрлэг амьтны халдлагаас урьдчилан сэргийлэхийг зөвлөв.