Германы Гадаад тагнуулын алба /BND/-ыг 1998-2005 онд удирдаж байсан Август Ханнингийг төрийн нууцтай холбоотой тагнуулын хэрэгт сэжиглэн аравдугаар сарын 6-нд баривчилжээ. Түүнтэй хамт BND-ийн түүний хуучин ажлын албаны дарга Manfred D-г мөн баривчилсан байна.
Германы Холбооны прокурорын газраас мэдээлснээр, өдгөө 80 настай Ханнингийг төрийн нууцад халдсан тагнуулын ажиллагаа явуулсан, төрийн нууц олж авсан, эх орноосоо урвахыг завдсан болон гадаадын тагнуулын байгууллагын агентын үйл ажиллагаа явуулсан байж болзошгүй хэмээн сэжиглэж байгаа аж. Харин яг аль улсын тагнуулын байгууллагатай холбоотой болох талаар прокурорын газар мэдээлээгүй байна.
Ханнингийн хуучин ажлын албаны дарга Manfred D.-г эх орноосоо урвахыг завдсан болон төрийн нууцад халдсан тагнуулын ажиллагаанд тусалсан байж болзошгүй хэмээн сэжиглэж байгаа аж. Тэрбээр 2012 оноос 2026 оны гуравдугаар сар хүртэл BND-ийн дараагийн удирдлагуудын үед ажиллаж байжээ.
Мөрдөн шалгагчдын үзэж буйгаар, Ханнинг болон Manfred D. нар 2010 онд тохиролцож, Manfred D. нь BND-д ажиллах хугацаандаа олж авсан үнэ цэнтэй мэдээллүүдийг Ханнингт мөнгөний хариуд тогтмол өгч байжээ.
Тэрбээр 2022 оны зургадугаар сар хүртэл Ханнингт ойролцоогоор 2,000 баримт бичиг өгсөн бөгөөд тэдгээрийн олонх нь нууцын зэрэглэлтэй байсан аж. Ханнинг эдгээр мэдээллийг хувийн зөвлөхийн үйл ажиллагаандаа ашигласан гэж прокурорын газар үзсэн байна.
Мөн Ханнинг нууц мэдээлэлд тулгуурлан гадаадын тагнуулын байгууллагын ажилтанд зориулсан аюулгүй байдлын шинжилгээ боловсруулсан байж болзошгүй байна. Гэхдээ уг шинжилгээ тухайн этгээдэд хүрсэн эсэхийг одоогоор тогтоогоогүй гэж прокурорын газар мэдээлжээ.
Германы хэвлэлүүдэд Ханнинг Азербайжаны тагнуулын ажилтантай холбоотой байсан байж болзошгүй гэх мэдээлэл гарсан ч энэ нь албан ёсоор батлагдаагүй. Азербайжаны тал уг мэдээллийг үгүйсгэсэн бөгөөд Германы прокурор энэ мэдээлэлд тайлбар өгөөгүй байна.
Ханнингийн тагнуулын хэрэг нь Гамбургийн бизнес эрхлэгч Кристина Блокийн хүүхдүүдтэй холбоотой мөрдөн шалгалтын үеэр илэрсэн гэх мэдээлэл бий аж. 2025 онд уг хэрэгтэй холбоотойгоор Ханнингийн гэрт хийсэн нэгжлэгийн үеэр BND-ийн нууц баримтууд илэрч, улмаар түүний эсрэг тагнуулын мөрдөн шалгалт өргөжсөн байна.
Ханнингийг аравдугаар сарын 6-нд баривчилсны дараа аравдугаар сарын 7-нд Германы Холбооны шүүхийн шүүгч түүнд албан ёсны баривчлах тогтоол үйлдэж, урьдчилан хорих шийдвэр гаргажээ.
Эх сурвалж: ZEIT, REUTERS, AOL, WASHINGTON POST