ОХУ-ын өргөн хүрээг хамарсан цохилтын улмаас Украинд 25 хүн амиа алдаж, 100 хүн шархаджээ

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский аравдугаар сарын 7-ны лхагва гарагийн орой "ОХУ-ын цэргийн хүчний өргөн хүрээний цохилтын улмаас Украинд 25 хүн амиа алдаж, 100 хүн шархадсан" гэж Telegram сувгаараа дамжуулан мэдэгджээ. 

Зеленский “Энэ удаагийн цохилт хосолсон шинжтэй байсан. Олон тооны баллистик болон далавчит пуужин, мөн "Шахед" дрон ашигласан. Путин өөрийн төрсөн өдрийн "бэлэг" болгож ийм зүйл хийлээ. Хүүхдүүд, хүмүүсийг хөнөөж байна. Өдрийн цагаар ч «Шахед» дрон болон агаараас хаядаг бөмбөгөөр шинэ цохилтууд хийсэн” гэж бичжээ.

Тэрбээр болсон үйл явдлын талаар дэлхийн удирдагчид дуугүй өнгөрөхгүй байх нь чухлыг онцолсон байна. Мөн түүний хэлснээр, ОХУ цаашид ч “хурцадмал байдлыг нэмэгдүүлэх, аллага, цохилтоо үргэлжлүүлэх” чиглэлээр ажиллахаар төлөвлөж байгаа аж.

Зеленский “Путин энэ бүхэн өөрт нь ямар нэгэн асуудал үүсгэж байна гэдгийг мэдрэхгүй байна” гэж  нэмжээ.

Зеленский: ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээ сул байна

Зеленский мөн ОХУ-ын эсрэг авсан хориг арга хэмжээг сулруулж, олигархуудад тавьсан хоригийг цуцлах тухай дохио өгч байгаа нь Москва руу “Украины эсрэг дайныг хэвийн үзэгдэл мэт хүлээн зөвшөөрөх” дохио өгч буй хэрэг гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.

Тэрбээр “Путин одоо ч нефть зарж, олсон ашгаа доллар, еврогоор тооцож чадсаар байна. Дайн түүнд ашигтай хэвээр байгаа учраас дайтахаа үргэлжлүүлэх сонирхолтой байна” гэж мэдэгдсэн байна.

Украины Ерөнхийлөгчийн үзэж байгаагаар, энэ нь зөвхөн Украин болон Украины ард түмэнд хамаарах асуудал биш, Европ болон нийт Өрнөдийн ертөнцийн өмнө тулгарч буй асуудал аж.

Прилуки хотод орон сууцны барилгад пуужин онов

Зеленский мөн Чернигов мужийн Прилуки хотод ОХУ-ын пуужингийн цохилтод өртсөн орон сууцны барилгын нурангийг цэвэрлэх ажил бүтэн өдрийн турш үргэлжилсэн талаар мэдээлжээ.

Нийтлэлд тухайн цохилтын улмаас 19 хүн, тэр дундаа таван хүүхэд амиа алдсан талаар дурдсан байна. Гэвч DW тухайн өдрийн мэдээллээ дараа нь шинэчилж, амиа алдсан хүний тоо 20-д хүрсэн, 55 хүн шархадсаны дотор долоон хүүхэд байсан гэж мэдээлсэн байна. 

Чернигов мужийн Цэргийн захиргааны тэргүүн Вячеслав Чаус өмнө нь халдлагын улмаас 50 гаруй хүн шархадсан талаар мэдээлж байжээ.

Аравдугаар сарын 7-нд ОХУ Украин дахь 13 бүс нутагт цохилт өгчээ

Зеленскийн мэдээлснээр, аравдугаар сарын 7-нд болсон халдлагаар ОХУ Украины 13 бүс нутагт цохилт өгч, нийт 70 пуужин, түүний дотор олон тооны баллистик пуужин болон “Шахед” дрон ашигласан байна. 

DW-ийн тухайн өдрийн мэдээллээр уг халдлага Киевээс гадна Днепр, Запорожье, Полтава мужийн Кременчук зэрэг газарт нөлөөлсөн байна. 

Эх сурвалж: DW