Франц даяар мягмар гарагт сурагчдын эсэргүүцлийн жагсаал өрнөж, багш, эцэг эхчүүд ахлах ангийн сурагчидтай нэгдэн гудамжинд гарчээ. Тус улсын Ерөнхий сайд Себастьян Лекорнюгийн тодорхойлсноор, энэ нь сүүлийн хэдэн арван жилийн хамгийн хүчтэй сурагчдын эсэргүүцлийн хөдөлгөөн болж буй аж.

Парис, Страсбург, Ренн, Тулуз зэрэг хотод жагсаалын үеэр эмх замбараагүй байдал үүсгэсэн хэсэг бүлэг хүмүүсийг цагдаа нар нулимс асгаруулагч хий болон усан буугаар тараажээ. Дотоод хэргийн яамны мэдээлснээр, мягмар гарагт Францын олон арван хотод болсон жагсаалд 250 мянга гаруй хүн оролцсон бол зохион байгуулагчид 450 мянган хүн оролцсон гэж мэдэгдсэн байна.

Эсэргүүцлийн үеэр даваа гарагт өсвөр насны нэг хүүхэд гарынхаа нэг хэсгийг алджээ. Энэ нь ирэх хавар болох Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө баруун, зүүний чиглэлийн популист намуудын дэмжлэг нэмэгдэж буй Францын нийгэмд хуримтлагдсан бухимдлын хамгийн сүүлийн илрэл болж байгаа аж.

Nationwide day of student protests in France

Францын Засгийн газар эдийн засгийн өсөлт сул байгаа энэ үед улсын өсөн нэмэгдэж буй өрийг бууруулах дарамтад оржээ. Түүнчлэн Ерөнхийлөгч Эммануэль Макроны холбоотнууд 2024 оны парламентын сонгуулиар олонхоо алдсанаас хойш төсвөө батлах зэрэг төрийн үндсэн үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд хүндрэлтэй байгаа аж.

Ерөнхий сайд Лекорню парламентын гишүүдэд мэдээлэхдээ, мөргөлдөөний үеэр одоогийн байдлаар 215 өсвөр насны хүүхэд, 85 сургуулийн ажилтан гэмтэж бэртсэн нь “сүүлийн хэдэн арван жилд боловсролын салбарын төлсөн хамгийн хүнд хохирол” болсныг онцолжээ. Түүний ажлын албаны мэдээлснээр, мөн 700 гаруй цагдаагийн алба хаагч гэмтсэн байна.

Ерөнхийлөгч Эммануэль Макрон мягмар гарагт Лекорню болон Засгийн газрын бусад өндөр албан тушаалтнуудыг яаралтай хуралдуулсан гэж BFM телевиз мэдээлжээ.

Nationwide day of student protests in France

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Францад болж буй эсэргүүцлийг тус улсад “хяналтаас гарсан” цагаачлалын асуудлын нотолгоо хэмээн тайлбарласан байна. Тэрбээр Truth Social платформд нийтэлсэн постдоо “Энэ бол сургуулийн асуудал биш, харин ислам шашин нэгэн цагт агуу байсан Франц улсыг эзлэхийг хүсэж буй тухай асуудал” гэж бичжээ.

Гэвч сурагчдын тавьж буй шаардлага нь шашин шүтлэг, цагаачлалтай холбоогүй бөгөөд сургуулийн боловсон хүчний дутагдал, санхүүжилтийн хүрэлцээгүй байдалд голлон анхаарч буй аж. Барууны хэт даврагч үзэлтэй Үндэсний хөдөлгөөн нам ч уг эсэргүүцлийг Францын цагаачлалын бодлоготой холбон тайлбарлаагүй байна.

Марсель, Нант хотод жагсагчид “Төр үндэсний боловсролын тогтолцоог сүйрүүллээ” гэх мэт уриа бүхий гараар хийсэн самбар барьжээ. Харин Тулуз хотод эцэг эхчүүд жагсаалын тэргүүн эгнээнд гар гараасаа хөтлөлцөн жагссан байна.

Парисын цагдаагийн байгууллагын мэдээлснээр, нийслэлд гарсан мөргөлдөөнд ихэвчлэн нүүрээ халхалсан, баг өмссөн 300 орчим хүн аюулгүй хүчнийхний эсрэг зогсжээ. Харин бусад хэсэгт жагсаал харьцангуй тайван үргэлжилсэн аж. Мөн хэд хэдэн дэлгүүр, үйлчилгээний газрын цонх, фасад эвдэрсэн байна.

Дотоод хэргийн яамны мэдээлснээр, мягмар гарагт 488 хүн баривчлагдаж, 48 аюулгүй байдлын ажилтан гэмтжээ.

СУРГУУЛИЙН БАРИЛГЫН ЭВДРЭЛ, ЗАСВАРЫН АСУУДАЛ

Nationwide day of student protests in France

Сурагчдын эсэргүүцэл есдүгээр сард Парисын ядуу буурай захын дүүргүүдэд эхэлж, улмаар улс даяар тархсан байна. Сурагчид сургуулиудад ус гоожих, харх, мэрэгчид олшрох зэрэг наад захын засвар үйлчилгээний асуудал үүссэнээс гадна анги дүүргэлт их, багшийн хүрэлцээ муу байгааг эсэргүүцэж буй аж.

Ахлах ангийн сурагчдын холбооны мэдээлснээр, Францын ахлах сургуулиудын талаас илүү хувь нь хичээлээ зогсоож, үйл ажиллагааг нь хаасан байна. Зарим орон нутгийн боловсролын байгууллага хичээлийг цахимаар явуулах арга хэмжээ авчээ.

Хүний эрхийн байгууллагууд, сурагчид болон эцэг эхийн холбоод насанд хүрээгүй хүүхдүүдийн эсрэг эрх баригчид хэт хүч хэрэглэж байна гэж буруутгаж буй юм байна. Харин Засгийн газар эсэргүүцлийн хөдөлгөөнд гаднын бүлэглэлүүд нэвтэрч, зарим газарт хотын хэмжээний эмх замбараагүй байдал болон хүчирхийлэлд хүргэсэн гэж мэдэгджээ.

Nationwide day of student protests in France

Даваа гарагт Хууль зүйн яамны мэдээлснээр тодорхойгүй төрлийн зөрчил, хэрэгт холбогдуулан 1,800 гаруй хүнийг шалгаж, хариуцлага тооцох ажиллагаа явуулж байгаа бөгөөд тэдний 1,483 нь насанд хүрээгүй хүүхэд байгаа аж.

Парисын баруун хойд хэсгийн Аржантоёй хотын ахлах сургуулийн багш Омар Слаоути “Тэд залуусыг сайн, муу жагсагч гэж хуваахыг хүсэж байна” хэмээн ярьжээ. Тэрбээр “Хэрэв хогийн савнууд шатаж, гал гараагүй бол Засгийн газар ухарч, асуудлын голыг анзаарахгүй байх байсан” гэж хэлсэн байна.

ЕРӨНХИЙ САЙД ШААРДЛАГУУДАД ХАРИУ ӨГӨХӨӨ АМЛАВ

Ерөнхий сайд Лекорню Засгийн газрын гишүүдэд сурагчдын тавьж буй гол шаардлагуудыг шийдвэрлэх үүрэг өгчээ.

Үүнд эзгүй байгаа багш нарыг орлох багшийг шуурхай томилох, өглөөний 08:00 цагаас оройн 18:00 цаг хүртэл үргэлжилдэг хичээлийн өдрийн үргэлжлэх хугацааг эргэн харах, өдрийн хоолны завсарлагыг уртасгах шаардлагатай эсэхийг судлах зэрэг асуудал багтаж буй аж.

Мөн насжилт өндөртэй сургуулийн барилга байгууламжид шаардлагатай засвар, шинэчлэл хийх асуудлыг Засгийн газар авч үзэх бөгөөд Лекорню сайд нараас аравдугаар сарын эцэс гэхэд эхний саналаа танилцуулахыг шаарджээ.

Парис дахь Элен Буше сургуулийн гадна болсон жагсаалд оролцсон эцэг эх Эмили Ломм “Засгийн газрын хэлж байгаа зүйл хангалтгүй. Энэ бүхэн сайхан сонсогдож байгаа ч бидний хүүхдүүдийн өдөр тутмын амьдралд өөрчлөлт авчрах зүйл биш” хэмээн шүүмжилжээ.

Гэвч боловсролын салбарын шинэчлэлийг хэрэгжүүлэхэд шаардлагатай нэмэлт санхүүжилтийг олох нь Засгийн газрын хувьд амаргүй байх төлөвтэй.

Nationwide day of student protests in France

Францын төсвийн алдагдлыг бууруулах шаардлага нэмэгдэж буй бөгөөд улсын өр өсөж, эдийн засгийн өсөлт сул байгаа нь хөрөнгө оруулагчдын болгоомжлолыг нэмэгдүүлэн, Засгийн газрын зардлыг танахад хүндрэл учруулж байгаа аж. Үүний улмаас тус улсын зээлийн өртөг өсөж, өнгөрсөн долоо хоногт Францын 10 жилийн хугацаатай Засгийн газрын бондын өгөөж 24 жилийн дээд түвшин болох таван хувиас давсан байна.

Францын зээлийн өртгийн өсөлт евро бүсийн бусад оронд ч нөлөөлж эхэлсэн бөгөөд еврогийн ханш сулрах нь бодлого боловсруулагчдад анхааруулах дохио болж байгаа аж. Сангийн сайд Ролан Лескюр мягмар гарагт Европын Төв банкнаас энэ асуудалд оролцох шаардлагагүй гэж мэдэгджээ.

Ирэх хаврын Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө санал асуулгыг тэргүүлж буй барууны хэт баримжаатай, евро-скептик популист Үндэсний хөдөлгөөн намын тэргүүн Марин Ле Пен төсвийн зардлыг танах төлөвлөгөөгөө танилцуулжээ. Тэрбээр Францын бондын зах зээлийн хямрал даамжирч буй энэ үед төсвийн сахилга батыг хангах чадвартайгаа харуулахыг зорьж буй аж.

Францын боловсролын салбарын зардлын өсөлт инфляцын түвшнээс доогуур түвшинд очиж, тус улсын сурагчдын ерөнхий сурлагын үзүүлэлт Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын бусад гишүүн орнуудын сурагчдаас доогуур түвшинд хүрснийг PISA-2025 үнэлгээний мэдээлэл харуулжээ.

Nationwide day of student protests in France

Nationwide day of student protests in France

Nationwide day of student protests in France

Nationwide day of student protests in France

Эх сурвалж: REUTERS