АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп 2009 онд Техас мужийн Форт-Худ цэргийн баазад гал нээж, 13 хүний аминд хүрч, 32 хүнийг шархдуулсан цэргийн эмч асан Нидаль Хасаны цаазын ялыг гүйцэтгэхийг зөвшөөрчээ.
Цэргийн шүүх Хасанд 2013 онд цаазаар авах ял оноосон бөгөөд АНУ-ын Батлан хамгаалахын сайд Пит Хегсет ялыг гүйцэтгэхдээ буугаар цаазлах аргаар гүйцэтгэх санал гаргасан байна. Трамп уг саналыг дэмжсэн бөгөөд цаазын өдөр, газар болон бусад зохион байгуулалтыг Батлан хамгаалахын сайд тогтоох аж.
АНУ-ын хууль тогтоомжийн дагуу цэргийн алба хаагчид оноосон цаазын ялыг эцэслэн баталгаажуулах эрх Ерөнхийлөгчид байдаг. Ерөнхийлөгч мөн ялыг өөрчлөх эрхтэй.
Хэрэв Хасаны ялыг гүйцэтгэвэл энэ нь 1961 оноос хойш АНУ-ын цэргийн алба хаагчид оноосон цаазаар авах ялыг анх удаа хэрэгжүүлсэн тохиолдол болох аж. Мөн АНУ-д цэргийн алба хаагчийг буудан цаазалсан тохиолдол 1945 оноос хойш гараагүй байна.

Форт-Худын халдлага
Нидаль Хасан 2009 оны арваннэгдүгээр сарын 5-нд Техас дахь Форт-Худ баазад эмнэлгийн үзлэгт орохоор цугласан, зэвсэггүй цэргүүд рүү гал нээжээ. Цагдаа нарын хариу галд шархдаж, улмаар хөл нь саажилттай болсон байна.
Хасан өөрийн үйлдлийг Афганистан дахь лалын шашинтнуудыг АНУ-ын цэргүүдээс хамгаалах зорилготой байсан хэмээн тайлбарлаж байжээ.
2013 онд цэргийн шүүх түүнийг 32 зүйл ангиар буруутай гэж үзэн, санал нэгтэйгээр цаазаар авах ял оноосон. Шүүх уг халдлагыг “Аль-Каида” террорист байгууллагын үзэл суртлаас сэдэл авсан гэж дүгнэсэн байна.
Хасан шүүх хурлын үеэр гэм буруугаа маргаагүй бөгөөд өөрийгөө өмгөөлсөн байна. Тэрбээр цаазаар авах ял сонссоноосоо хойш Канзас муж дахь цэргийн шоронд хоригдож байгаа аж.
АНУ-д цаазаар авах ялын талаарх маргаан үргэлжилж байна
Трампын хоёр дахь бүрэн эрхийн хугацаа эхэлснээс хойш АНУ-д цаазаар авах ялыг гүйцэтгэх тохиолдол нэмэгдсэн байна. Буугаар цаазлах арга одоогоор АНУ-ын таван мужид хууль ёсоор зөвшөөрөгдсөн байдаг ажээ.
Хэрэв Хасаны ялыг буудан цаазлах аргаар хэрэгжүүлбэл АНУ-ын цэргийн түүхэнд олон арван жилийн дараах онцгой тохиолдол болох юм байна.
Эх сурвалж: DW, AFP